sonin.mn

“Уран зургийн үзэсгэлэн тогтож үзье гэж боддог байлаа. Сайхан үзэсгэлэн болсон байна. “Яаж ингэж зурдаг байна аа” гэсэн бодол төрлөө. Өнгөний сонголт шинэлэг, гоё санагдлаа. Түүний сацуу Монгол гэх ондоошил, соёл ахуйг зураг бүрээс мэдэрч байна. Сэтгэл баясаж, гоо сайхныг мэдэрлээ” гэх бүсгүйг Б.Мөнхтуяа гэнэ.


Тэрээр Монгол зураг нийгэмлэгийн Монгол зургийн орчин үеийн шилдэг 30 уран бүтээлчийн 60 гаруй бүтээлээс бүрдсэн “Best of Mongol zurag” үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үзэж яваа нь энэ аж.


Түүний цаана хэсэг бүсгүйчүүд уран зургийн тухай санал бодлоо солилцож, зураг бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж байв. Тэдний нэг нь 2019 оноос Монгол, Германы хооронд хүүхэд, залуучуудын гоо зүй болон урлагийн боловсролын чиглэлээр тууштай хамтран ажиллаж байгаа Берлиний хүүхэд, залуучуудын урлагийн сургуулийн захирал Верена Грүбэр-Баллэр байв. Түүнээс үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдэл, монгол уран бүтээлчдийн чадвар, орчин үеийн дүрслэх урлаг хаашаа чиглэж байгаа тухай тодруулсан билээ.


Тэрээр “Уран зургийн техник, өнгөний хослол уламжлалт болон орчин үеийн урлаг дээр хэрхэн илэрч байгааг мэргэжлийн үүднээс харьцуулж байна. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүд илүү бодит зураглалыг нарийн дүрсэлжээ. Би Монголын түүх, соёлыг судлах гэж ирээд дөнгөж хоёр хонож байна. Харин энэ бүтээлүүд Монголын нүүдэлчин соёл, аж амьдралын өгүүлэмжийг урьтаад мэдрүүлж байна. Энэ бодит өгүүлэмжээс тун их мэдээлэл авлаа. 1950, 1960 оны үед Европт абстракт урлагтай ажилладаг байсан. Харин одоо дүрслэх урлагийн уран бүтээлчид шинэ урсгал руу эргэж, илүү тод нарийн дүрслэл, техникийн чадварыг мэргэжлийн түвшинд эзэмших болсон.


Монгол уран бүтээлчдэд монгол уран зургийн техник, ур чадвар өндөр, өгүүлэмж их байна. Тиймээс Европт гарч буй дүрслэх урлагийн урсгалтай нийлж байгаа санагдлаа” гэсэн юм.


Монгол зураг нийгэмлэг нь 2002 онд нүүдэлчдийн уран зургийн уламжлалт өв соёлыг судалж, хамгаалах түүнийг гадаад болон дотоодод сурталчлан таниулах дэлхийн урлагийн түүхэнд эзлэх байр суурийг нотлох, монгол зургийг хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан юм. Ингэхдээ олон улсын болон дотоодын нийт 40 гаруй үзэсгэлэн зохион байгуулжээ. Монгол зургийн уран бүтээлчдээс энэ жил дэлхийн дүрслэх урлагийн олимп болох Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн 61 дэх удаагийн биенналь”-д оролцож байгаа нь монгол зургийн төдийгүй монгол уран бүтээлчдийн бахархал болж байна. Хэрэв энэхүү үзэсгэлэнгээр саатан морилж, оюун мэлмийгээ гийгүүлэхийг хүсвэл энэ сарыг дуустал Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин