sonin.mn

Дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд оролцохгүй гэдгээ Энэтхэгийн шатарчин Хампи Конеру Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.


"Удтал тунгаан бодсоны эцэст тэмцээнд оролцохгүй гэсэн амаргүй шийдвэрийг би гаргалаа. Тухайн үйл явдал хэчнээн чухал байсан ч гэсэн хувь хүний аюулгүй байдлаас дээгүүр тавигдах ёсгүй. Хэдийгээр баталгаа өгсөн ч гэсэн үүссэн нөхцөл байдлын үед өөрийгөө бүрэн аюулгүй байдалд байна гэж үзэхгүй байна. 


Энэ бол хэцүү шийдвэр, гэхдээ зайлшгүй гаргах ёстой шийдвэр” гэж Конеру бичжээ. Үүссэн нөхцөл байдал гэдэг нь Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаа юм.


Одоо Энэтхэгийн шатарчны оронд Украины тамирчин Анна Музычук тоглох юм.


Конеру 2003 оны Ази тивийн аварга, шатрын түргэн тоглолтын дэлхийн хошой аварга /2019, 2024/ тамирчин билээ. Түүний оролцохоор төлөвлөж байсан тэмцээн 3 дугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 16 хүртэл Кипр улсад явагдана. Уг тэмцээнд ОХУ-ын Александра Горячкина, Екатерина Лагно, БНХАУ-ын Жу Зиньер, Тань Жуни, Энэтхэгийн Дивья Дешмух, Вайшали Рамешбабу, Казахстаны Бибисара Асаубаева нар оролцоно. Дэлхийн аварга цолыг Хятадын шатарчин Зюй Вэнзюн эзэмшиж байна. 



Б.Адъяахүү