sonin.mn

“Ихэр бээлий” клубийн тамирчин, спортын дэд мастер А.Мөнгөнзул нь бага насны ангиллын улсын хошой аварга, өсвөрийн хошой аварга төдийгүй насанд хүрэгчдийн дэвжээнд өөрийгөө сорин өрсөлдөж буй ирээдүйтэй залуу тамирчин юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа түүний зориг, хөдөлмөр, амжилтын замналыг онцолж байна.


Түүний спортын замнал жүдогийн спортоор эхэлсэн ч боксын спортоор үргэлжилж байна. Тэрээр 11 наснаасаа эхлэн боксын спортыг сонгон хичээллэжээ. Энэ шийдвэрт нь түүний эгч болон эгчийнх нь ангийн хүүхдүүдийн нөлөө их байсан гэнэ. Эгчийгээ даган бэлтгэлд явж эхэлсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл болсон аж.


Бокс түүний амьдралд зөв дадал, сахилга бат авчирсан гэж тэрээр хэлсэн юм. Энэ тухайгаа “Муу зүйл хийх зав гардаггүй, бэлтгэлээ хийх нь илүү сонирхолтой байдаг” хэмээн онцоллоо. Хэдийгээр зарим хүмүүс “Эмэгтэй хүүхэд зодолдох нь зөв үү” хэмээн асуух тохиолдол байдаг ч Мөнгөнзул ийм ярианд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Харин ч гэр бүлийнхэн нь түүнийг үргэлж дэмжиж, урам зориг өгдөг нь түүний хамгийн том түшиг болдог аж.


Боксоор хичээллэхээс өмнө тэр жижиг зүйлд амархан бухимддаг байсан бол одоо илүү тэвчээртэй, тайван, хатуужилтай нэгэн болж өөрчлөгдсөн байна. Спортоор хичээллэх нь зөвхөн бие бялдрыг бус, сэтгэл зүйг ч давхар хүмүүжүүлдэг гэдгийг тэр өөрийн биеэр мэдэрчээ.


Түүний амжилтуудаас онцолбол, “Бүх ард түмний спортын наадам”-д насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн нь түүний хувьд том сорилт байв. Нас, биеийн харьцаа, туршлага гээд бүх зүйлээрээ давуу өрсөлдөгчдийн эсрэг тулалдсан ч шантралгүйгээр өөрийгөө дайчилж чадсан нь түүнийг улам илүү зоригжуулсан байна. Дэвжээн дээр гарахын өмнө айдас мэдрэгддэг ч тэр өөрийгөө зоригжуулж, сэтгэлээ бэлддэг. Харин рингэн дээр гармагц тэр айдас ор мөргүй алга болж, бүх анхаарлаа тулаандаа төвлөрүүлдэг аж. Анхны тэмцээний үеэр мэдэрч байсан айдас, догдлол нь одоо туршлага болон үлджээ.


Түүний хувьд хамгийн том өрсөлдөгч нь бусад тамирчид биш, харин өөрөө. “Өөрийгөө ялж чадаагүй хүн бусдыг ялж чадахгүй” гэсэн зарчмыг баримталж өдөр бүр өөрийгөө даван туулахыг зорьдог байна.


Бэлтгэлийн хувьд долоо хоногийн зургаан өдөр тогтмол хичээллэдэг бөгөөд тэмцээн уралдаанд оролцох үедээ хичээлээсээ хоцрох тохиолдол ч гардаг. Гэсэн ч сургуулийн багш нар нь ойлгож дэмжин, хичээлээ нөхөх боломж олгодог нь түүний хувьд маш том дэмжлэг болдог байна. Тэрээр тавдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ удаагийн зорилго нь аваргын алтан медалийн эзэн болох гэсэн юм. Мэдээж тамирчны замд шантрах үе гардаг. Гэвч тэр үед багш дасгалжуулагч, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад дахин урам зориг авч, илүү ихийг хийж бүтээх хүсэл төрдөг гэсэн юм.


Түүний хамгийн том давуу тал бол хүч. Тэр өөрийгөө дэвжээн дээр “танк” шиг гэж тодорхойлдог бөгөөд багш дасгалжуулагчид ч мөн адил түүний хүчийг өндрөөр үнэлдэг байна.


Сонирхолтой нь, тэр бага насны ангилалд байхдаа хоёр үе ахиж буюу насанд хүрэгчдийн ангилалд хүч сорин өрсөлдөж, хүрэл медаль хүртэж байжээ. Энэ нь түүний зориг, өөртөө итгэх итгэл, тууштай зан чанарыг илтгэх тод жишээ юм. Ийнхүү А.Мөнгөнзул зөвхөн медаль, амжилтаар хэмжигдэхгүй, өөрийгөө ялж, өдөр бүр илүү сайжрахыг зорьдог жинхэнэ тамирчны замналаа бичиж явна.




Т.МИЧИДМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин