Энэ сарын 5-ны өдөр Унгарын нутаг дэвсгэрт Украины бэлэн мөнгө зөөдөг хамгаалагч нарыг саатуулах явцад хураан авсан мөнгөн дэвсгэртүүд, алтан гулдмайнуудыг эргүүлэн өгөхийг Украины тал шаардсан байна.
“Австри улсаар дамжин өнгөрч явсан банкны бэлэн мөнгө зөөдөг хуягласан хоёр автомашиныг Унгарын эрх баригчид дээрэмдэж, гэгээн цагаан өдрөөр мөнгө, үнэт металлыг хулгайлан авснаас хойш гурван хоног өнгөрч байна” гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига өчигдөр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
“Энэ мөнгө бол Унгарын, тус улсын засгийн газрын мөнгө биш, энэ бол Украины төрийн өмчийн "Ощадбанк"-ны мөнгө, өөрөөр хэлбэл, Украины татвар төлөгчдийн мөнгө” гэдгийг тэрбээр дурдсан байна. Үүний сацуу "Ощадбанк" банкны зүгээс бэлэн мөнгө зөөдөг автомашинууд, бэлэн мөнгө, үнэт металлыг буцаан өгөхийг Будапештээс шаарджээ. Шаардлагад дурдсанаар, "Ощадбанк" ба Австрийн "Райффайзен" банкны хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу дээрх ачааны бичиг баримтыг олон улсын дүрэм журмын дагуу зохих ёсоор бүрдүүлсэн байна.
Үүний сацуу Унгарт баривчлагдсан Украины банкны бэлэн мөнгө зөөдөг 7 хамгаалагч эх орондоо эргэн ирсэн тухай баасан гарагт сайд А.Сибига мэдээлжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө “Ощадбанк”-ы бэлэн мөнгө зөөдөг хоёр автомашиныг Унгарт саатуулан шалгасан бөгөөд эдгээр машинд 40 сая доллар, 35 сая евро, 9 кг алт байсан аж. Харин Унгарын эрх баригчид мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Украины Аюулаас хамгаалах албаны генерал асан болон цэргийн хэрэгт мэргэшсэн хэд хэдэн хүний удирдлага дор мөнгө, үнэт металлыг зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулсан гэж Унгарын тал үзэж байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто нэн даруй хариу өгөхийг Киевээс шаарджээ. Түүний хэлснээр, нэгдүгээр сараас хойш Унгарын нутгаар дамжуулан 900 сая доллар, 420 сая евро болон 146 кг алтыг тээвэрлэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Унгар руу явахгүй байх, тус улсаар дамжин зорчихгүй байхыг украинчуудад уриалжээ.
Сүүлийн өдрүүдэд Киев, Будапештийн харилцаа нэлээд хурдцадлаа. Учир нь, нефть дамжуулах “Дружба” хоолойгоор Оросын газрын тосыг Унгар руу тээвэрлэх явцыг сэргээхээс Киев татгалзаж байна хэмээн үзэж буй Унгарын тал Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьжээ. Украины тал Унгарын төлөөлөгчдийг нефтийн хоолойн эвдэрсэн хэсэгт нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд уг хоолой Оросын дайралтад өртөн эвдэрсэн гэж мэдэгдэж байгаа юм. Энэ сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, 90 тэрбум еврогийн зээлийг бойкотлож байгаа хүний утасны дугаарыг Украины зэвсэгт хүчинд өгнө, түүнтэй өөрийнхөө хэлээр ярилцана биз гэсэн нь Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Унгарын сөрөг хүчнийхэн ба Европын Комиссын зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна.
Б.Адъяахүү
Даваа - 03 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Одоо энэ мөнгө Орбаны орлого болоод л дуусна ! Оросын нёфтийг Унгарт оруулахгшй байгаагын анхны төлбөр нь юм ! Р
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!