sonin.mn

Дайнд оролцсон цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага болох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадамд амжилттай оролцсон. Тэд энэ хугацаанд 11 удаагийн нэгдсэн тоглолтыг хийснээс гадна Москва хотын хэд хэдэн томоохон цэцэрлэгт хүрээлэнд хэсэгчилсэн тоглолтыг хэд хэдэн удаа зохион байгуулж, оросын ард түмэнд Монголын Зэвсэгт хүчин, цэргийн урлагийг өргөн хүрээнд сурталчилсан юм. Бид чуулгынхныг аяны дөрөө мултлаад байхад нь ЦДБЭЧ-ын ЭСНХ-ийн удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ахмад С.Сэргэлэнтэй “Хувилбартай асуулт” уламжлалт булангийнхаа хүрээнд түр ярилцлаа.


Тэрбээр “Энэхүү том наадамд Монгол Улсаа төлөөлөөд чуулгын хамт олонтойгоо амжилттай оролцоод ирсэн нь нэр төрийн хэрэг байлаа” гээд сүүлийн үед Оросын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг өөрийн оркесторт хөрвүүлэх болон чуулгынхаа дуу, бүжгийн хөгжмийн найруулгын чиглэлээр чамгүй ажил амжуулснаа дуулгасан юм. Ташрамд дурдахад, тэрбээр мөн өөрөө дуу, бүжгийн хөгжим нэлээд хэдийг туурвисан бөгөөд Э.Цэрэннямтай хамтран туурвисан “Дайчин нөхдийн дурсамж” дуу нь Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулсан Шилдэг уран бүтээл шалгаруулах наадмын шагналыг хүртсэн билээ. 


 Та ямар улиралд төрсөн бэ? 


-Наймдугаар сард төрсөн болоод ч тэр үү намрын улиралд дуртай. 


 Таны хүндэлдэг хүн?


-Удирдаач эрхмүүдээс Густова Дудамел гээд маестро бий.


 Таны бахархал? 


-Ажлын хамт олноороо бахархдаг даа. Мөн эрчүүдийн бахархал болсон Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хаадгаараа бахархдаг. Хүмүүс өнөөдөр Зэвсэгт Хүчнийг сөргөөр ярьж үгүйсгэж байна. Энэ бол хувь хүний л ухаангүй, болчимгүй, дэврүүн зангийн илэрхийлэл. Алдаа гаргадаггүй хүн, асуудал үүсдэггүй газар гэж байхгүй. Монгол эрчүүд албаа нэр төртэй хаасаар байх болно.


 Таны шүтлэг? 


-Сүртэй шүтээд байдаг шашин байхгүй ээ. Сэтгэл зөвтэй явахад аяндаа бүх зүйл болно доо л гэж боддог. 


 Шүтдэг уул? 


-Мөнх цаст уулсыг харахаар л өөрийн эрхгүй сүрдээд байдаг юм.


 Эх орон таны хувьд...? 


-Өөрөөс минь эхлэх эх орон юм даа. Би өөрөө эх орноо хайрлаж, хүндэлж, дээдэлж, гэр бүл шигээ, нэг эд эс нь юм шиг хайрлахаас л бүх юм эхэлнэ.


Таныхаар хайр ямар өнгөтэй вэ? 


-Гал улаан сарнай шиг байх даа.


 Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ? 


-Хайрыг л уучил гэе дээ.


May be an image of text

Та сүнс бий гэдэгт итгэдэг үү? 


-50:50 хувьтай. Өөрөө хараагүй болохоор бий гэж хэлэх хэцүү ч зарим хүмүүсийн ярихыг сонсоод байдаг гэдэгт итгэмээр ч юм шиг...


 Дуртай хоол?


-Мэдээж цуйван.


 Дуртай дуу?


- “DVICIO” хамтлагийн “Enamorate” дуунд дуртай. Олон жил сонсож байгаа ч хэзээ ч уйддаггүй.


 Дуртай спорт? 


-Сагсан бөмбөг, гар бөмбөг. Нэг их сайн биш ч хөл бөмбөг тоглоно оо, бас.


 Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл?


-Хоёр нүүртэй хүнд ясны дургүй.


Хэлэх дуртай үг? 


-Амжилт... Энэ үг надад ч, хандаж хэлсэн хүнд маань ч жинхэнэ амжилт дагуулж байгаасай гэж хүсдэг.


Хобби? 


-Сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ би үнэртэй усанд дуртай, бас цөөнгүй цуглуулгатай.


Баримталдаг зарчим?


-Аливаад зөв үзэл бодол, эерэг хандлагатай байхыг хичээдэг.


Хүсэл мөрөөдөл? 


-Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хайрлаж дурлаж ажилладаг болохоор цаашдаа улам их амжилтад хүрэх болно.


Та хэр өр нимгэн бэ? 


-За, тэгээд кино үзээд уйлдаг бас л уян хүн шүү дээ.


“Баярлалаа” гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ?


-Би ер нь “Баярлалаа” гэж их хэлдэг дээ. Хамгийн сүүлд сэтгэл, зүтгэл нэгтэйгээр том ажлын ард хамтдаа гарсан хамт олондоо “Баярлалаа” гэж хэлсэн.


May be an image of oboe, trumpet, clarinet and text

 Бухимдсан үедээ... 


-Дуу сонсдог доо.


Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог юм бол? 


-Яг л эн тэнцүү оршдог юм болов уу даа. Тэгээд л амьдрал жаргал зовлонтой, худал үнэнтэй, төрөлт үхэлтэй... тэнцвэртэй байдаг байх даа. 


 Сүүлийн хэсгийг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе.


-Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга болон Эстрад симфони найрал хөгжмийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ хүчээр өнөөдрийн би бий болсон учраас “Маш их баярлалаа” гэдэг үгийг энэ завшааныг ашиглаад дахин хэлье.




Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин