БЕРЛИН, 2026 оны гуравдугаар сарын 4 /DW/. Хоёр хоногийн дараа Италийн Верона хотод болох өвлийн Паралимпын наадмын нээлтийн ёслолд Германы шигшээ баг оролцохгүй бөгөөд тамирчдын жагсаалын үеэр Германы паралимпчдын урьдчилан бэлтгэсэн видеороликийг үзүүлнэ. Энэ тухай Германы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо өчигдөр мэдэгдсэн байна.
Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь төрийнхөө далбаан дор Паралимпын тоглолтод оролцохыг Орос, Беларусийн тамирчдад олгосныг Германы тал эсэргүүцэж байгаатай холбоотой ажээ. Мөн нээлтэд оролцохоос татгалзаж байгаагаа Германы Спорт ба сайн дурын үйл ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн сайд Кристиане Шендерляйн мэдээлсний сацуу Германы тамирчид тэмцээн уралдаануудыг бойкотлохгүй гэдгийг мэдэгджээ.
Өмнө нь ийм шалтгаанаар Паралимпын наадмын нээлтийг бойкотлоно гэдгээ Украин, Польш, Чех, Нидерланд, Канад, Финланд, Эстони, Латвийн шигшээ багууд мэдэгдсэн байна.
Орос, Беларусийн оролцоо
Өвлийн Паралимпын тоглолтод Оросын 6, Беларусийн 4 тамирчин оролцоно. 2025 оны есдүгээр сард Олон улсын Паралимпын хорооны /IPC/ Ерөнхий Ассамблейн хуралдаанаас Оросын ба Беларусийн Паралимпын хороодын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Орос, Беларусийн тамирчид төрийнхөө далбаан дор Паралимпын наадамд оролцох эрхтэй болсон боловч тэднийг оролцуулах эсэх нь спортын холбоодоос шалтгаалж байв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Спортын арбитрын шүүх “Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй” гэсэн Олон улсын цана, сноубордын холбооны /FIS/ шийдвэрийг давж заалдсан тус хоёр улсын тамирчдын гомдлыг хэсэгчлэн хангасан тул тамирчид төрийнхөө далбаан дор, үндэснийхээ бэлгэдлүүдийг ашиглан FIS-ийн уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхтэй болжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл0