Монгол Улсын соёл урлагийн мэргэжлийн ууган байгууллагуудын нэг БХЯ-ны харьяа Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц дайчин чуулга гэдгээрээ онцлогтой. Тус чуулга нь дайны хүндхэн жилүүдэд ч, тайван энхийн цагт ч бүтээл туурвилаараа дамжуулан эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулан ойлгуулж, эр цэргүүдээ магтан дуулж, эрэмгий зориг, эр чадлыг нь шагшин магтаж бахдан бишрүүлсэн бүтээл туурвилын арвин сан хөмрөгтэй, омог дэврээж, сэтгэл огшоох онгод хийморийн авьяас цалгисан олон сайхан уран бүтээлчидтэй урлагийн алтан өргөө билээ. Тус чуулгын авьяас билэг төгөлдөр бие бүрэлдэхүүнээс даян дэлхийн энх тайвны төлөөх ариун үйлсэд даруй хорь гаруй цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулагч хэмээх эрхэм алдрын эзэд болжээ. Бид энэ удаа БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч ЦДБЭЧ-ын дуучин МУСТА Г.БАРСБААТАРЫГ онцолж байна.
Харь газар энхийн төлөө зүтгэж, алба хааж байгаа хүн эх орон, төрсөн нутаг уснаасаа яриагаа эхэлбэл таатай байх болов уу.
-Юуны өмнө цэргийн сониныхоо зочин болж уригдсандаа баяртай байна. Би Архангай аймгийн Батцэнгэл суманд айлын дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Цэцэрлэгт байхаасаа л дуулах дуртай, дуу хөгжимд их сонирхолтой байлаа. Сурагч болоод тавдугаар ангидаа Хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд оролцож тэргүүн байр, дараа жил нь “Би эстрадын дуучин” тэмцээнд оролцож мөн тэргүүн байрыг эзлээд тэр жилдээ Хүүхдийн дууны улсын уралдааны шагналт тусгай байрын эзэн болж байсан нандин дурсамж сэтгэлд тодхон байна. Бага балчир насны минь чамлахааргүй тэр амжилтууд өнөөдрийн соёл урлагийн мэргэжлийн ууган байгууллагын дуучин хэмээх эрхэм алдрын замд хөтөлж, хүсэл мөрөөдлийн минь гүүр болсон гэж боддог.
Тэгвэл ажил, амьдралынхаа гарааг цэргийн чуулгаас эхэлсэн хэрэг үү?
-Тийм ээ, би СУИС-д МУАЖ А.Бүтэд багшийнхаа гарын шавь болж, таван жил суралцаад 2009 онд дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгсөж, багшийнхаа зөвлөснөөр цэргийн ансамбль буюу ЦДБЭЧ-даа мэргэжлийн шалгалт өгч тэнцээд олон мянган залуусын эгнээнд нь багтаж ажиллахыг хүсдэг өндөр босготой их өргөөний үүдээр алхан орж ирсэн.
Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчин хэмээх их айлд орж ирэхэд төрж байсан анхны мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцаач.
-Анх зарчимч шаардлага, захиран тушаасан эрс шийдэмгий өнгө аяс, эмх цэгц, сахилга зохион байгуулалтын чанд хатуу мөрдлөг зэргийг хараад маш их сүрдсэн. Мэдээж цэргийн тодотголтой соёл урлагийн байгууллага болохоор өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байсан учраас түргэн дасан зохицох, мэргэжлийн болоод цэргийн албаны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхэд нэлээд хүчин чармайлт гаргасан. Тэгээд удалгүй цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, мөрдэстэй алба хаагч болсон доо.

Чуулгадаа ажиллаад бас чамгүй уджээ. Энэ хугацаанд ямар томоохон уран бүтээлүүдэд оролцсон бэ?
-Би авшиг өгөөжөө хайрлаж, алдар нэрээ цуурайтуулсан сайхан байгууллага, хамт олонтойгоо тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа ахлах ахлагч цолтой цэргийн уран бүтээлч. Энэ хугацаандаа чуулгынхаа томоохон уран бүтээлүүд болох “Чингис хаан” рок дуурийн “Сачи Бэхи”, “Хүннү” дуурийн Хан улсын нэгдүгээр түшмэл, “Нарны охид” дуулалт жүжгийн гол дүр Ард мэргэн хүү, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан “Үнэ цэн” мюзикл жүжгийн эсрэг талын гол дүр Мухамед, “Ялалт дархалсан намар” дуулалт жүжгийн Ухуулагчаас гадна “Тоонот нутаг” дуулалт жүжиг, “Нэр төр” бүжгэн жүжгүүдийн гол дүрийг бүтээжээ. Мөн БНХАУ-ын Бээжин, Шанхай хотуудад хийсэн айлчлан тоглолт, БНАСАУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам, БНХАУ-д зохиогдсон олон улсын найрал дуучдын наадамд “Гранпри” алт, мөнгөн цомыг хамт олны хамтаар хүртэхэд голлох үүрэгтэй оролцсон нь ажил амьдралын минь үнэ цэнтэй, дурсамжит сайхан мөчүүдийн нэг болж сэтгэлд үлдсэн. Мөн Монгол Улсынхаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагаанаас гадна Халх голын байлдааны ялалтын 70, 75, 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, ОХУ, Буриад Улсуудад хийсэн айлчлан тоглолтод оролцож, нөхдийнхөө хамт соёл урлагийн салбартаа хөдөлмөр зүтгэлээ зориулан хоёргүй сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэж, уран бүтээлээ туурвиж явна даа.
Уран бүтээлч хүн олон улсын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн, зэвсэг агсаад явах ямар санагдаж байна?
-Би өмнө нь 2018-2019 онд БНӨСУ-д явагдсан НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэсэн. Одоо хоёр дахь удаагаа төрөл мэргэжил бүрээрээ чадварлаг, мэргэшсэн, туршлагатай бие бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Манай энхийг сахиулагчид өгөгдсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг түргэн хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг, сахилга зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, зөв хандлагатай байдаг. Бид цэргийн мэргэжлийн дээд удирдлага, захирагч дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг алдаа мадаггүй биелүүлж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөр өргөж, албан үүргээ гүйцэтгэж байна.
Ажиллагааны газар оронд зохион байгуулж байгаа соёл урлагийн үйл ажиллагаанд та нэлээд голлох үүрэгтэйгээр оролцож байгаа нь анзаарагддаг...
-Тэгэлгүй яах вэ. Бид ажиллагааны газар оронд олон улсын болон үндэсний уламжлалт баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр энхийг сахиулагч, алба хаагчдынхаа дунд урлагийн хэсэгчилсэн тоглолт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Энэ нь цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад маш том дэмжлэг болдог. Мөн бид Юнити секторт хамтран үүрэг гүйцэтгэдэг Гана Улсын батальон, Пакистан улсын инженерийн рот, Вьетнам Улсын II шатны эмнэлэг, Камбож Улсын цэргийн цагдаагийн роттой хамтарсан урлагийн тоглолтыг санаачлан зохион байгуулсан нь анхдагч, онцлог арга хэмжээ боллоо. Энэ бүхэнд мэдэх, чадах бүхнээрээ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Та саяхан хоёр энхийг сахиулагчтай хамтарсан “Монгол Улсын төлөө зүтгэе” тайлан тоглолтоо цэргийн багийн удирдлага, хамт олондоо өргөн барилаа. Тэр талаараа уншигчдад маань сонирхуулаач.
-Энхийг сахиулж байхдаа бие даасан нэг сайхан тоглолт хийвэл сайхан даа гэж VIII ээлжид үүрэг гүйцэтгэж байхдаа бодсоноо энэ удаа биелэл болголоо. Тэгэхдээ батальоны соёл урлагийн бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, мэргэжлийн урлагийн сургууль төгсөөгүй ч төрмөл авьяастай, өвөрмөц дуу хоолойтой Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчийн орлогч, ахмад Б.Жанцанбалбар, 340 дүгээр ангийн хөгжимчин, ахлагч А.Батбаатар нартайгаа хамтран нутаг ус, аав ээж, эх орон, эр цэргийн сэдэвтэй дуунуудаас бүрдсэн “Монгол Улсын төлөө зүтгэе” тайлан тоглолтоо бэлтгэн энхийг сахиулагч дайчдадаа толилууллаа. Энэхүү тоглолтоо Бентью хот дахь “Хубилай”, Париан суурины “Арвай” баазуудад хоёр удаа сонирхуулсан. Алс хол хүний нутагт ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй нөхөд минь эх нутаг, элгэн садан, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ их санасан нь тоглолтын уур амьсгалаас шууд мэдрэгдэж байсан. Бүгдээрээ дагаж дуулаад, алга ташилтыг харамгүй хайрлаж нэгэн үдшийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэ ташрамд, тоглолтоо зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн цэргийн багийн удирдлага, тусгай штабын хамт олон, тоглолтод оролцсон арын албаныхандаа бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цэргийн, тэр тусмаа урлагийн хүн давхар давхар үүрэг хариуцлага хүлээдэг байх. Ажил, уран бүтээл, цэргийн албаны цаг наргүй ачааллыг давахад гэр бүлийн оролцоо чухал шүү.
-Бид аливаа томоохон уран бүтээл эхэлбэл ажил амралт, өдөр шөнө ялгалгүй бэлтгэл сургуулилтаа хийж, чамбайруулж бүхий л анхаарал, цаг заваа ажилдаа зориулдаг. Мөн дотооддоо урлагийн бригад, томилолтоор олон хоног явах, гадаадад айлчлан тоглолт, тэмцээн уралдаанд оролцох үе олон бий. Зарим талаар ар гэр орхигдох талтай ч сайн ханийн хүчинд өдийг хүрлээ дээ. Миний гэргийг Д.Мөнх-Отгон гэдэг, математикийн багш бүсгүй бий. Бид 2008 онд гэр бүл болсон, одоо дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болчихсон өнөр өтгөн, аз жаргалтай амьдарч байна.
Таны амьдралын гол зарчим юу вэ?
-Хариуцлагатай, хэлсэн ярьсандаа байж, гаргасан шийдвэртээ бат зогсохыг эрмэлздэг. Мөн өөрийн буруутай үг, үйлдлээс болж хүн гомдоочих вий гэж болгоомжилдог. Тиймээс ер нь л их зөв зүйтэй амьдаръя л гэж хичээж явдаг даа.
Эх орон гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд тань юу бодогддог вэ?
-Би эх орноо яг ижий шигээ л бодож хүндэтгэж, хайрладаг. Анх энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд онгоцноос буух мөчид л эх нутгийнхаа сэрүүн тунгалаг салхи, сэнгэнэсэн тансаг агаараар амьсгалахдаа “Ээ дээ, мөн чиг, ижий шиг сайхан эх орон юм даа” гэж бодогдон сэтгэл догдолж, самсаа шархирч байлаа. Төрж өссөн газар нутаг, өөрийн эх орон шиг сайхан зүйл энэ орчлонгийн хаана ч байдаггүй юм байна гэдгийг тэгэхэд л илүү их мэдэрсэн гэх үү дээ.
Таны бахархал юу вэ?
-Ээжийнхээ зөвлөснөөр би дуучин болох замналаа эхлүүлсэн. Анх гараас минь хөтөлж “Миний хүү дуучин болно. Дуулж хуурддаг тэр газар нь хүүгээ шалгуулъя” гээд СУИС-ийн дуулаачийн ангид дагуулж очиж, би шалгалт өгч тэнцэж байлаа. Тэгэхэд л би “Ижий минь тэр холоос дагуулж ирж, ийм гоё сургуульд орууллаа.
Би ээжийнхээ итгэлийг л алдаж болохгүй юм байна. Онц сурч, сайн дуучин болно” гэж эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Тиймээс ч эзэмшсэн мэргэжлээрээ маш их бахархдаг. Мөн цэргийн тодотголтой мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ЦДБЭЧ-д ажилладгаараа баяр талархал, бахархал дүүрэн байдаг.
Энэ байгууллага, хамт олноос би ажил амьдралынхаа гарааг эхэлж өсөн дэвшиж, өөдлөн дэвжиж яваа болохоор азтай, хувьтай хүн дээ гэж бодон сэтгэл тэнүүн байдаг. Мөн мөр зэрэгцэн энхийн үйлсэд зүтгэж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны удирдлага, хамт олон, энхийг сахиулагчдаараа маш их бахархаж байна. Манай багийн удирдлага алба хаагчдаа бүхий л талаар дэмжиж, хувь хүний үзэл бодол, байр суурийг хүндэтгэдгээс гадна энхийг сахиулагчдынхаа мэргэжлийн ур чадварт итгэдэг, ёс зүй, хандлагыг чухалчилдаг нь бидэнд таатай байдаг. Мөн ажиллагааны газар оронд үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн тогтвортой байдалд тогтмол анхаарал хандуулж энэ хирээрээ цэргийн алба хаагчид бие биеэ дэмжиж нэгэн санаа зорилготой нэгдмэл баг хамт олон байж албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Ингээд цэргийн багийн удирдлагууддаа болон хамтран үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч дайчдынхаа ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахлах дэслэгч Б.ЭРДЭНЭБАТ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл0