“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор фитнесийн спортын тамирчин Б.Үжинбаярыг урилаа.
-Та өнгөрсөн нэгдүгээр сард болсон хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд түрүүлсэн. Энэхүү амжилтаа гаргахын тулд их хөдөлмөрлөсөн нь лавтай?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Монголын фитнесийн хөгжлийн холбооноос 2024 оны хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Өргөн цар хүрээтэй тэмцээн болсныг онцолмоор байна. Хоёр төрөлд тус бүр 20 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Би тэмцээндээ бикини болон фит төрөлд нь өрсөлдөж тэргүүн байр эзэлж зорилгоо биелүүлсэн. Тэмцээнийг зорихын тулд хоёр сарын турш эрчимтэй бэлтгэл хийж, хөдөлмөрлөж өөрийгөө ялан дийлж чадлаа. Өмнө нь оролцсон тэмцээнүүдээсээ туршлага хуримтлуулж энэ удаа амжилт гаргасан.
-Та тэмцээний үеэр бэлтгэл сайтай байгаагаас гадна өөртөө их итгэлтэй харагдаж байсан даа?
-Би том зорилго тээсэн учраас өөрийгөө дайчлахыг хичээсэн. Бэлтгэлээ ч тултал базаасан учраас сандрал байгаагүй. Фитнесийн тамирчин тайзны поз, бэлтгэлээ хэдэн сарын турш базаадаг. Урт хугацааны турш бэлдсэн зүйлээ тайзнаа гараад хэдэн минутад харуулдаг. Мөн биеэс гадна сэтгэл зүйгээ бэлдэх их чухал. Мөн тэмцээний үеэр хажууд байж зааж зөвлөсөн багш, хайртай дотны хүмүүстээ баярлалаа.
-Таны хувьд өмнөх тэмцээнүүдэд зөвхөн бикини төрөлд оролцдог байсан. Энэ удаа яагаад хоёр төрөлд өрсөлдөх болов?
-Саяхан фит модель төрөлд өөрийгөө сорьж үзлээ. Тэмцээнээс өмнө ангиллыг нь хараад энэ төрөлдөө оролцож болох юм байна гэсэн сэдэл авсан шүү. Энэ төрөлд тамирчны мөр болон нурууны булчинг харж дүгнэдэг. Харин бикини эмэгтэйлэг байдлыг харж оноо өгдөг гэж ойлгож болно. Цаашид хоёр төрлөөрөө тэмцээн уралдаанд оролцох зорилготой байгаа. Өмнө нь нэг тэмцээнд орохдоо өөр төрөлд өөрийгөө сорьж билээ. Энэ нь мөр, өгзөг, гуяны булчингийн хөгжлийг харж шалгаруулдаг онцлогтой.
-Удахгүй таныг улсын аварга шалгаруулах тэмцээний тайз хүлээж байна. Бэлтгэлээ хэр базааж байна даа?
-Тэгэлгүй яахав. Удахгүй болох улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохоор хичээж байгаа. Би фитнесийн спортыг сонгож хичээллээд дөрвөн жил болжээ. Сүүлийн хоёр жил тэмцээн уралдаанд оролцсон. Харин бэлтгэлийнхээ хажуугаар сүүлийн нэг жил фитнесийн багшаар ажиллаж байна. Өнгөрсөн жил ямар ч тэмцээн уралдаанд оролцолгүй бэлтгэлдээ шамдсан. Харин 2024 онд тэмцээн уралдаанд оролцох зорилго тавиад хөдөлмөрлөж байна. Цаашид амжилтаа ахиулаад явна. Мөн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно. Үүнд өөрийгөө сорино. Манай гэр бүлийн хүн намайг их ойлгож дэмждэг. Өөр ямар нэгэн зүйлд санаа зовохгүйгээр бэлтгэл, тэмцээн уралдаандаа шамдаад явах боломжоор хангадаг.
-Та дөрвөн жилийн өмнөөс фитнесийг сонгожээ. Анх эхлэхдээ ямар зорилго тээж энэ спортод хөл тавьсан бэ?
-Би өмнө туранхай охин байсан. Тиймээс масс нэмэх зорилгоор фитнесээр хичээллэж байлаа. Үр дүн гараад явахаар урам орж зорилго минь томорч мэргэжлийн тамирчин болохоор зорьсон минь энэ. Фитнесээр хичээллээд их өөрчлөлт гарсан. Өөрийгөө ялан дийлж, амьдралын хэв маягаа өөрчилж чадлаа. Миний амьдралд спорт эерэг дадал зуршил болсон. Өмнө нь урсгалаараа амьдардаг байсан гэдгээ мэдэрсэн. Шантармаар үеэ давж гарсандаа бахархдаг. Тиймээс спортдоо хайртай. Анхны тэмцээн тамирчин хүн бүрт үнэ цэнтэй. Тэр тэмцээн хүнд туршлага болж, цааш алхах жим нь болдог. Анх Хөвсгөл аймагт болсон фитнесийн тэмцээнд 10 тамирчин оролцсоноос гуравдугаар байр эзэлж байлаа. Үүнээс их урам авч хичээсэн.
-Өөрөө бэлтгэлээ хийгээд хажуугаар нь багшаар ажиллаж байна. Үүний давуу тал юу гэвэл?
-Манай “King fitness” клуб өнгөрсөн тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ үеэс эхлэн багшилж эхэлсэн. Би ажил дээрээ өглөөнөөс орой хүртэл өнждөг. Энд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Шавь нарынхаа өөрчлөлтийг харах үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж өгдөг. Фитнессээр хичээллэхээр ирсэн шавь нартаа мэддэг бүхнээ зааж өгөхыг хичээж ажиллах нь миний баримталдаг зарчим. Шавь нараа зорилгод нь хүргэхийн төлөө хамт хичээдэг. Мөн тууштай байгаасай гэж хүсдэг. Ер нь багшийн зааврыг мөрдөж тууштай хичээллэсэн хүн л үр дүнд хүрнэ. Одоогоор манай шавь нар биеийн жин галбиртаа анхаарч байгаа. Яваандаа тэмцээнд бэлдээд явна гэдэгт итгэдэг. Амьдралын хэв маягаа өөрчлөөд явах нь өөрийгөө дахин бий болгосонтой ялгаагүй. Мөн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө, тэсвэр тэвчээрт суралцана. Хөлс гадагшлахаар эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Зүрхний үйл ажиллагаа сайжрах жишээтэй.
-Орон нутагт амьдраад спортоор хичээллэхийн үнэ цэн юунд оршдог вэ?
-Би өмнө нь Эрдэнэт хотод амьдардаг байлаа. Өнгрөсөн жилээс Дархан-Уул аймагт нүүж ирээд суурьшсан. Хотод олон фитнесс, клуб байдаг. Үүнтэй адил орон нутагт фитнессийн спорт хөгжсөн болохоор хүртээмжтэй. Мөн хоттой харьцуулахад цагаа хэмнэж чаддаг. Орон нутаг авто замын түгжрэлгүй байдаг учраас стресс яадаргаа бага. Манай Дархан-Уул аймагт фитнессийн мэргэжлийн тамирчин олон.
-Тэгвэл спортоор хичээллээд явахад хэр хэмжээний золиос гардаг бол?
-Цаг хугацаа бүх зүйлээ зориулаад тамирчны замналыг сонгоод явж байгаа. Мөн санхүүгийн асуудлаа зохицуулаад явдаг. Аль нэг компанид харьяалалгүй учраас бүх зүйлээ өөрөө зохицуулаад явдаг гэсэн үг. Зөв зүйлд амьдралаа зориулаад явж байгаа нь сайхан. Хэдэн ч насандаа ямар ч амжилт гаргах боломжтой спорт бол фитнесс. Гагцхүү тухайн хүний хүсэл, хөдөлмөрөөс хамаарна.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
Huh disgusting hamgiin hog shin v basin bhgui yu
Huh disgusting hamgiin hog shin v basin bhgui yu
Мах шөлгүй юм
Мах шөлгүй юм