МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 16 /DW/. Норвегийн цаначин Йоханнес Клебо эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын багийн буухиа төрөлд түрүүлснээр тамирчны замналдаа өвлийн Олимпын 9 дэх алтан медалиа хүртлээ.
Өчигдөр болсон 4х7,5 км-ийн зайн буухиа төрлийн уралдаанд Норвег, Франц, Италийн багууд эхний гурван байрт шалгарсан байна.
Өдгөө 29 настай Клебогийн хувьд энэ медаль бол Милан-Кортинагийн өвлийн Олимпоос хүртсэн 4 дэх алтан медаль юм. Өмнө нь тэрбээр ойрын зайн сонгодог төрөл /спринт классик/, 10 км-ийн зайн уралдаан ба скиатлоны төрлүүдэд түрүүлсэн бөгөөд Олимп дуусах хүртэл багийн ойрын зайн төрөл, бөөн гараатай уралдаан, сонгодог тэшилтийн 50 км-ийн зайд өрсөлдөх тул алтан медалийн тоо нэмэгдэх магадлалтай.
9 дэх алтан медалиа хүртсэнээр Й.Клебо өвлийн Олимпын наадмын түүхэн дэх хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчнаар тодорч байна. Тэрбээр 2018 оны Пёнчаны өвлийн Олимп, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод аваргалсан бөгөөд алтан медалийн тоогоор эх орон нэгт биатлонч Уле-Эйнар Бьорндален, цаначин Бьорн Дэли, Марит Бьорген нарыг /тус бүр 8 алттай/ гүйцэж түрүүллээ.
Харин өвөл, зуны Олимпоор тооцвол, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс 23 алтан медаль хүртсэнээр бүх цаг үеийн тамирчдыг тэргүүлдэг. Түүний араас тус бүр 9 алтан медальтай ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина, Америкийн хөнгөн атлетикч Карл Льюис, Америкийн усанд сэлэгчид болох Калеб Дрессел, Марк Спитц, Кэти Ледеки нар, Финландын хөнгөн атлетикч Пааво Нурми нар бичигдэж байна.
Б.Адъяахүү
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл2
8 наснаас 80 хүртэл цанаар гулгадаг ард түмэн чинь үнэхээр Норвег байналээ, өөрийгөө яаядаа гэж яваа настайчуул нь өвөл цанаа үүрчихсэн. Үнэхээр тийм тэмцэл дундаас гарсан хүн 9 алт авна. Монгол цас уг нь хуурай, сайхан, яваандаа цаначид төрнө биз.
Бид юун цанаар явах вэ. Дэлгүүр орсон приустайгаа народ шүү. Приусаа гэрийн хаалгандаа тулгаж тавьдаг байгаа шүү .