Технологийн хөгжилтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн салбарт цахим сүлжээний хэрэгсэл цахиур хагалсан. Уламжлалт хэвлэл мэдээллээс ялгаатай нь цахим сүлжээний платформууд олон улсын харилцаа дахь холимог дайны хэрэгсэл болон хувираад буй. Дайсагнагч талууд хэвлэл мэдээллийн салбарыг ашиглах замаар сонгуульд нөлөөлөх, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, айдсын харангыг дэлдэх, эмх замбараагүй байдал бий болгох зэрэг олон довтолгоонуудыг урьд өмнө байгаагүйгээр чөлөөтэй бас идэвхтэй хийх болов.
Зорилгын ялгаатай байдлаас үүдэн олон чиглэлд өрнөж буй системчилсэн довтолгоонуудын дунд “улс төрд нөлөөлөх гаднын оролцоотой” ажиллагаа онцгойлон хурцаар тавигдах асуудал болж байна.
Асуудлын эх үндэс нь цахим сүлжээний платформууд дээр тусгай зөвшөөрөлгүй, хууль журмын хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулдаг, бизнесийн нэр хүндийн эрсдэл хүлээдэггүй, редакцын бодлогогүй, тогтсон бизнесийн үйл ажиллагаагүй хуулийн этгээдүүдийг халхавчлан улс төрийн мэдээллийн кампанит ажиллагаа явуулах боломж бүрдсэнд оршиж байна. Эдгээр довтолгоонуудыг олон улсын харилцааны олон тоглогч дундаас зөвхөн нэг тал хийж буй мэтээр ойлгох нь өрөөсгөл агаад дайсагнагч талууд бүгд хэрэгжүүлдэг.
Довтлогч тал онилсон байныхаа онцлогоос хамаарч өгөх мессеж, нөлөөлөл, сувгууд, үр дүнг өөр өөрөөр боловсруулж байна.
Тодруулбал авторитар дэглэмтэй улсууд руу тухайн дэглэмийн эсрэг иргэдийг турхирах мэдээллийн дайралт ирж буй талаар баримтууд дэлгэгдэж байгаа бол нөгөө талд ардчилсан орнуудад сонгуульд нөлөөлөх, холбоотнуудын итгэлцлийг сулруулах дайралтууд ирэх болсон. Улмаар мэдээллийн довтолгооны шуурган дундах өнөөгийн нөхцөл байдалд бүхий л улсууд өөрсдийн улс төрийн тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ашиг сонирхолд дүн шинжилгээ хийж сөрөх тактикийг зөөлнөөс хатуу хүртэл өөр өөрөөр боловсруулж байна.
Хуулийн зохицуулалтаар дайралтыг саармагжуулах Европын холбооны арга
Мэдээллийн дайралтуудыг саармагжуулах арга хэмжээний хүрээнд Европын холбоо өөрийн үндсэн үнэт зүйл болох хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөндөхгүй байх зарчмыг баримтлан, журам зохицуулалтад суурилсан сөрөх тактикийг боловсруулж буйгаараа онцлогтой. Энэ хүрээнд цахим сүлжээний платформуудын тодорхой үйлчилгээнд чиглэсэн, зорилтот хязгаарлалт тогтоох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Тухайлбал Европын холбооноос 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Улс төрийн сурталчилгааны ил тод байдал, зорилтот байдлын тухай (ЕХ) 2024/900 дугаар журмыг баталж, 2025 оны 10-р сараас эхлэн нийт нутаг дэвсгэртээ монопол болсон АНУ-ын технологийн компаниудын улс төрийн сурталчилгааны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож эхлээд байна.
ЕХ-ны албан ёсны сайтад дурдсанаар уг шинэ журмын гол санаа нь иргэд улс төрийн сурталчилгааг хялбар таньж мэдэх, иргэн бүрд өөрийнх нь датаг ашиглаж хэн гэдэг этгээд “тусгайлан чиглүүлсэн сурталчилгаа” явуулж буйг мэдэх эрхийг хангах зорилготой аж. Шинэ журмын дагуу ЕХ-д хийгдэж буй аливаа улс төрийн сурталчилгаанууд санхүүжүүлсэн этгээдийн нэр, түүний ямар сонгууль, ямар хуулийн төсөл эсвэл бусад ямар улс төрийн кампанит ажлуудад зориулж сурталчилгаа хийж байгааг заавал нээлттэй мэдээлэх шаардлагатай болсон. Мөн зорилтот сурталчилгаа буюу цахим сүлжээнд цугларсан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл датаг улс төрийн сурталчилгаанд ашиглахдаа хэрэглэгчийн зөвшөөрлийг авах, датаг ямар аргачлалаар ашиглаж буйгаа тайлагнах зэрэг зохицуулалтыг хийжээ. Мөн ЕХ-ны бүс нутагт сонгууль эсвэл бүх нийтийн санал асуулга явуулахаас өмнөх 3 сарын хугацаанд ЕХ-ны харьяалалгүй аливаа этгээд улс төрийн сурталчилгаа явуулах, санхүүжилт хийхийг хатуу хориглосон. Ийнхүү 2025 оны 10-р сараас эхлэн цахим сүлжээний компаниуд дата бааз дээрээ цугларсан хэрэглэгчдийн улс төрийн үзэл баримтлал, олон улсын харилцааны талаарх бодол, мэргэжил, боловсролын түвшин, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн хүрээлэл зэрэг датаг ашиглан улс төрийн аливаа сурталчилгаа явуулах эрхгүй болсон байна.
Шинэ зохицуулалтад өгч буй цахим сүлжээний компаниудын хариу үйлдэл
Дээрх шинэ журам зөвхөн цөөн тооны цахим сүлжээний компаниуд руу чиглээгүй бөгөөд Мета ХК эхний хариу үйлдлийг үзүүлэн Фэйсбүүк платформ дээрх улс төрийн сурталчилгааны үйлчилгээг зогсоож буйгаа зарлав. Мета компанийн хувьд европ нийт орлогын 22%-24%-ийг тогтмол бүрдүүлдэг хоёр дахь том зах зээл юм. 2024 онд Мета компани европын бүсээс 38.3 тэрбум ам.долларын орлого олсон нь дэлхийн нийт (164.50 тэрбум ам.доллар) орлогын 23.3%-тай тэнцэх үзүүлэлт юм.
График: Мета компанийн 2024 оны орлогын задаргаа бүс нутгаар, хувь

Үүнээс улс төрийн сурталчилгааны орлогын талаар нээлттэй эх сурвалжаас баттай тоо олдохгүй боловч сонгуулийн жилүүдэд Мета компани евро бүсээс 30-90 сая ам.доллар олдог гэх шинжээчдийн таамаг бий. ЕХ-ны шинэ журам нь улс төрийн сурталчилгаа хийхийг хатуу хориглоогүй хэдий ч хэрэглэгчээс зөвшөөрөл авах, олон тооны тайлан илгээх, хяналт хийх зэргээр үйл ажиллагааны зардлыг өсгөх тул Мета ХК 30-90 сая ам.долларын орлогоосоо татгалзахад хүрэв.
Тус компани албан ёсны тайлбартаа 2018 оноос эхлэн ил тод байдлыг хангах чиглэлээр тогтмол арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд улс төрчид болон сонгогчдыг хамгийн бага зардлаар холбох боломжийг бүрдүүлсэн, мөн сурталчилгааг хэн санхүүжүүлж буйг аль хэдийн ил тод болгосон хэмээн онцлон эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин Европын холбооноос баталсан шинэ журам нь хэтэрхий нэмэлт үүрэг, хууль эрх зүйн тодорхойгүй байдлыг бий болгосон тул уг төрлийн сурталчилгааг бүрэн зогсоохоос өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Дүгнэлт
Европын холбооны шинэ журам нь цаашид холимог дайны хүрээнд цахим сүлжээний хэрэгслийг зэвсэг болгон ашиглах явдлыг хязгаарлахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нэг болон хэрэгжиж эхлэв. Аливаа хууль, журмын бодит үр нөлөөг богино хугацаанд шууд дүгнэхэд бэрх боловч уг журам 2025 оны 10-р сараас мөрдөгдөж эхэлснээс хойш дэлхийн хамгийн том цахим сүлжээний компани улс төрийн сурталчилгааг платформ дээрээ байршуулахыг бүрэн зогсоох шийдвэр гаргасан нь анхаарал татахуйц үйл явдал боллоо.
Энэхүү хариу үйлдэл нь технологийн компаниудад харьцангуй бага орлого бүрдүүлдэг, хоёрдогч шинжтэй үйлчилгээ хүртэл улс орнуудын улс төрийн тогтолцоонд нөлөөлөхүйц, стратегийн ач холбогдол бүхий хүчтэй хэрэгсэл болон хувирч болдгийг тодорхой харуулсан жишээ болж байна.
Нөгөө талаар уг журам нь Европын холбоо АНУ-ын томоохон технологийн компаниудад итгэх итгэл буурч байгааг, мөн цаашид аливаа дайсагнагч хүчин гуравдагч этгээдээр дамжуулан улс төрийн нөхцөл байдалд нөлөөлөх оролдлогыг саармагжуулах бодлогын шийдлийг эрчимтэй эрэлхийлж буйг илтгэж байна. Хэрэв технологийн компаниуд Европын холбооны хатуу зохицуулалтыг биелүүлэхээс татгалзвал, дотоодын шинэ цахим сүлжээний компаниуд төлөвшин бий болох хүртэлх шилжилтийн үед уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алдагдсан зах зээлийн эрэлтийг нөхөх нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд уналтад орсон телевиз, сонин, радио зэрэг албан ёсны уламжлалт мэдээллийн агентлагуудын масс медиа үйлчилгээ дахин сэргэх бодит нөхцөл бүрдэнэ гэж үзнэ.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
Монголд байгаа Оросын соёлын төвийн бол шууд утгаараа Оросын фашизмыг өмгөөлөн хамгаалсан үйл ажилгаа тогтмол зохион байгуулж, ,,,монгол улсын иргэдийг энэ бузар ажилгаандаа татан оролцуулж байгаа шүү,,,,