sonin.mn

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /rbk/. Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа ажлын айлчлал хийхээр лхагва гарагт буюу өчигдөр Москвад хүрэлцэн ирж, мөн өдрөө Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. Аш-Шараа Орост хоёр дахь удаагаа айлчилсан нь энэ бөгөөд эхнийх нь 2025 оны аравдугаар сард болсон юм.


Түүний айлчлалыг эхлээд Орос-Арабын анхны дээд хэмжээний уулзалттай зэрэгцүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч АНУ-ын зуучлалаар Газын зурвасын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан дээд хэмжээний уулзалтыг хойшлуулсан байна. 


Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагаас мэдээлснээр, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Сирийн удирдагчийн ах Махер аш-Шараа, Гадаад хэргийн сайд Асаад Хасан аш-Шибани, Турктэй харилцах асуудлыг эрхэлснэ түүний орлогч Ахмад Духан, Батлан хамгаалахын сайд, хурандаа Мурхаф Абу Касра болон төрийн ба цэргийн албан тушаалтнууд багтжээ. 


В.Путин хэлэхдээ, өмнөх уулзалтаас хойших гурван сарын хугацаанд талууд хоёр талын харилцааг сэргээх тал дээр их ажлыг хийж, эдийн засгийн харилцааг зогсонги байдлаас гаргаж чадлаа хэмээн онцолсон байна.


Тэрбээр мөн барилгын салбарын Оросын компаниуд Сирийг сэргээн босгох ажилд оролцоход бэлэн байгааг илэрхийлжээ. Аш-Шараа хариуд нь хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын төлөөлөгчид ойролцоогоор 13 удаа харилцан айлчлал хийснийг дурджээ. Тэрбээр мөн Сири улс хоригоос гарахын урт замыг туулсныг онцолсон байна. АНУ, Европын Холбоо, Их Британи, Швейцар улсууд Сирийн эсрэг хоригоо өмнө нь цуцалсан бол, өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл аш-Шараа, Сирийн Дотоод хэргийн сайд Анас Хаттаб нарыг хоригийн жагсаалтаас гаргажээ.


“Сирийн төдийгүй бүс нутгийн байдлыг тогтворжуулахад ОХУ чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс ноён Ерөнхийлөгч өө, таны хүчин чармайлтад талархаж байна” гэж Сирийн удирдагч мэдэгджээ.


Уулзалтын үеэр Сирид байрлаж буй Оросын цэргийн баазуудтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж хоёр удирдагчийн уулзалт болохоос өмнө Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Сирийн хойд хэсэгт орших Камышлы нисэх онгоцны буудлаас Оросын цэргүүдийг гаргаж магадгүй байгаа тухай Reuters агентлаг болон Иракт төвтэй Kurdistan24 телевизээр энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. Турк болон курдүүдийн зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд байгуулсан Сочигийн хэлэлцээрийн хүрээнд гал зогсоох тохиролцооны хэрэгжилтийг хянах зорилгоор уг буудалд 2019 онд Оросын цэргүүдийг байрлуулжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзаж, цэргийн хүчийг байрлуулахтай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яам хариуцдаг гэдгийг онцолсон байна.


Сири дэх Оросын Агаар-сансрын хүчний гол бааз тус улсын баруун хойд нутгийн Латаки мужид орших Хмеймим хотод байрласан хэвээр байгаа юм. Хмеймимд Оросын цэргийг 49 жилийн хугацаатай байрлуулах гэрээг 2017 онд Башар Асадын засгийн газартай байгуулжээ. Мөн тухайн онд Сирийн гол боомт болох Тартус дахь материал-техникийн хангалтын төвийг өргөтгөх гэрээг мөн 49 жилийн хугацаатай байгуулсан байна. Эдгээр объектыг цаашид хэрхэх асуудлыг Москвад болсон өмнөх хэлэлцээний үеэр хөндөж байжээ. Хмеймим нисэх бааз руу хийж байсан тогтмол нислэгүүд дахин сэргэсэн талаар өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Bloomberg агентлаг мэдээлсэн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг