Монгол түмнийхээ дахин давтагдашгүй ондоошил болсон язгуур урлаг өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулан сонсогчдодоо хүргэж буй “EthnoVoc” хамтлагийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа онцолж байна. Шинэ уран бүтээлүүд нь үзэгчдийн хүртээл болсон цагаасаа олны анхаарлыг татаад буй тус хамтлаг сар шинийн баярыг угтаж 12 жилийн магтаалыг орчин үеийн хэв маягт оруулж сонсогчдодоо хүргэхээр бэлдэж байгаа гэлээ. Мөн цомгоо дуусгаад тоглолтоо хийхээр зорьж байгаа аж.
“EthnoVoc” хамтлагийн артист, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, продюсер, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нар-Оюу: Мартагдсан олон түргэн хэллэг, зүйр цэцэн үг байсан

-Аав маань хөгжмийн зохиолч мэргэжилтэй. Миний хүүхэд нас хөгжим, оркестр дунд өссөн. Аавыгаа хөгжим тоглож байгааг нь сонсоод унтчихдаг хүүхэд байлаа. Тийм болохоор өссөн орчин минь намайг урлагийн замыг сонгоход нөлөөлсөн.
Хамгийн анх төгөлдөр тоглож сурч байлаа. Аав маань олон хөгжим зааж өгсөн. Миний анхны багш, том үлгэр дуурайлал, урлагийн зам руу хөтөлсөн хүн бол аав минь. Одоо ч аав маань маш их үнэтэй зөвлөгөөг өгдөг. “Ардын дуунууд гэдэг судлаад , дуулаад барагдашгүй өв соёл байдаг. Тиймээс ардын дуунуудаасаа дуулаарай” гэдэг.
Энэ урсгалаар 2015 оноос уран бүтээл хийх санаа төрсөн. Буриадад ажиллаж, амьдардаг байхдаа энэ урсгалаар өөр артистуудад дуу зохиож өгдөг байсан. Үүний дараа Монголдоо ирээд энэ урсгалаа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхийг зорьсон. Уран бүтээлийн явцад судалгаа хийхэд бидний хэрэглэдэггүй, мартагдсан олон түргэн хэллэг зүйр цэцэн үг байдаг юм байна лээ. Тиймээс цаашид энэ төрөл жанртай язгуур урлаг, ардын аман зохиол өв соёлоо шингээсэн уран бүтээлүүд гаргахаар зорьж ажиллаж байна.
Уран бүтээлч байхын хамгийн сайхан мэдрэмж нь дуулж байхад гоё энерги мэдрэгддэг. Уран бүтээлээ үзэгчдэдээ хүргээд ёслоход тэр үеийн алга ташилт бас гоё мэдрэмж өгдөг.
Охинтойгоо “Бууз” дуун дээр нь хамтарч ажилласан. Охинтойгоо хамт ажиллах гоё байдаг ч гэсэн тайзан дээр гарахад нь “сандарч байгаа бол уу яаж байгаа бол” гэж өмнөөс нь сандардаг даа.
“Хөгжим тоглоход аялгуу, дуу нь гоё сонсогддог”

-Намайг Аялуун гэдэг. Би арван настай. Ээжтэйгээ хамт дуулаад явахад гоё санагддаг. Ээж минь намайг үргэлж дэмждэгт нь баярладаг. Ээжийгээ тайзан дээр дуулж байхыг хараад гоё санагддаг. Дуу нь бүр их таалагддаг.Би ирээдүйд дуучин болох мөрөөдөлтэй. Хэл хуур, төгөлдөр хуур сурч байгаа. Бас ятга хөгжмийг өвөөгөөрөө заалгаж сурах гэж байгаа. Хөгжим тоглоход аялгуу, дуу нь гоё сонсогддог.
“EthnoVoc” хамтлагийн артист Д.Хишигээ: Аяныхаа хэмнэл болон утга зүйг нь тааруулж, түргэн хэллэг, зүйр цэцэн үгээ холбодог

-Анх уран бүтээлээ хүргэхэд үзэгчдэд гоёор хүлээж авсан. Хамгийн анх “Түргэн” дуугаа гаргачхаад машиндаа чанга дээр нь тавиад “Бид чадлаа” гэх тэр үеийн мэдрэмж хамгийн гоё байсан. Манай хамтлаг нэг уран бүтээлдээ морин хуур, хэл хуур, цуур зэрэг хөгжмийг ашиглахаас гадна хөөмий, хархираа, дуу авиаг гаргадгаараа онцлог.
Түргэн хэллэг, зүйр цэцэн үгийг хүмүүс өдөр тутамдаа амьдралдаа тэр бүр байнга ашиглаад яриад байдаггүй. Тиймээс үүнийг орчин үеийн хэв маягт оруулж дуу болгоход хүүхдүүд сонирхож хүлээж авч байна.
Эцэг эхчүүд ч мөн хүүхдүүддээ сургавал зүгээр юм гэж хэлж байгаа. Аяныхаа хэмнэл болон утга зүйг нь тааруулж, түргэн хэллэг, зүйр цэцэн үгээ холбодог. Биет бус соёлын өв, аман зохиолын төрөл зүйл дотор зүйр цэцэн үг, түргэн хэллэгээс гадна дайралцаа, домог, тууль, оньсого таавар гээд бий. Тиймээс “Эдээр биеэр чимэхээр эрдмээр биеэ чим” гэж монголынхоо үнэт өв болох аман зохиолын төрөл зүйлийн нэг зүйр цэцэн үгээ хэрэглэж байхыг уриалж байна. Бид бүхэн баялаг хэлтэй ард түмэн шүү.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 02 сарын 21,
2026
Сэтгэгдэл6
Ардын урлагаа дэлгэрүүлүж яваа авьяаслаг уран бүтээлч дүү нартаа амжилтын дээдийг ерөөе.
Жинхэнэ Монгол хамтлаг гарч ирлээ.
Ийм л залуус олон болтугай . Уран бүтээлд нь өндөр амжилт ерөөе
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
Гайхалтай, Баярлалаа, Энэ төрлөөрөө амжлт гаргаарай. Улам сайн болтухай.
Сайхан Монгол эх орныг минь Э.Бат-Үүл, С.Зориг, Да.Ганболд, М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр, Баярцогт, Сайханбилэг, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ж.Занданшатар мэтийн өөрсдийгээ улс төрчид гэх 40 мянгатын гэнэхэн хэдэн залуус 30 гаруйхан жилд самарчихлаа шүү дээ. Одоо Монгол улс дахиад 100 жил өндийж босохгүйгээр нийгэм, улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунаар дорйтлоо шүү дээ. Хайран сайхан Монгол эх орон минь. Дээрх нэр дурьдсан монгол залуус болон монгол эх орон минь сүүлийн 30 гаруй жил дэлхийг жанжлах дээрэмчин Америкийн том геополитикийн бодлогын золиос боллоо шүү дээ. Монголчуудаа нойрноосоо сэрцгээ !!!