sonin.mn

Сэргэн мандалтын үеийн европын нэгэн алдартай барилгад зочилсон мэт ханаараа дүүрэн урлагийн бүтээлтэй, хүүхдийн баяр баясал, энергиэр дүүрэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн нэгэн ангид хоёроос тавдугаар ангийн зурах хүсэл тэмүүлэл нь оргилсон бяцхан зураачид өнгө будаг хоршуулан өөрийн ертөнцийг цаасан дээр буулгана. Тэдний багшийг Б.Нарангэрэл гэх бөгөөд тус төвд ес дэх жилдээ багшилж байгаа юм. Тэрээр “Хүүхэд бүр зурах авьяастай. Түүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дунд төрмөл авьяастай хүүхдүүд гэж бас бий. Бусдаасаа илүү хурдан суралцдаг. Хүүхдүүд дотоод төсөөлөл, мэдрэмжээ зургаар илэрхийлдэг тул тэр бүхэн зургаас нь уншигддаг. Шавь нар маань илүү их зүйл сурч, мундаг уран бүтээлчид болоорой” гэсэн билээ. Бяцхан зураачдын бодол, мөрөөдлийг бас хуваалцъя.


Б.Нарангэрэл


Намайг Ц.Гэгээ гэдэг. Би Гуравдугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Одоо нил ягаан үүлтэй, солонгон тэнгэртэй зураг зурж байна. Өөрийн төсөөлөн бодсон дуртай зүйлээ зурах гоё байдаг. Бас үзэх дуртай хүүхэлдэйн кино, тоглодог тоглоомоо зурах дуртай. Том болоод зураач эсвэл загвар өмсөгч болно гэж боддог. 


Намайг Б.Тэмүүлэн гэдэг. Би гуравдугаар ангийн сурагч. Одоо дуртай ягаан өнгөөрөө цэцэг зурж байна. Зурсан зургуудаа гэртээ өлгөх хамгийн гоё. Би хүн зурах дуртай. 


Миний нэрийг О.Анударь гэдэг. Би хар зургийг өнгөөр будаж амилуулсан. Би шар өнгөнд дуртай. Анхны жилдээ дугуйланд явж байгаа. Зураач болох мөрөөдөлтэй. 


Намайг Нарангэрэл гэдэг. Би байгалийн сайхныг зурах дуртай. Өөрийн төсөөлөл бодлоо хөгжүүлж зурах дуртай. Том болоод загвар зохион бүтээгч болно. Тиймээс авьяасаа хөгжүүлж байгаа. 


Миний нэрийг Д.Бүжинлхам гэдэг. Өөрийнхөө дуртай дүрийг хөгжүүлээд хүссэнээрээ зурдаг болохоор зураг зурах гоё байдаг. Одоо хувцасны дизайн зурж байна. Би том болоод эмч эсвэл зураач болно. 


Миний нэрийг Т.Анужин гэдэг. Би шинэ жилийн баярт дуртай болохоор шинэ жилийн чимэглэлтэй муур зурж байна. Өөрийнхөө төлөвлөсөн юмыг зураад дууссаны дараа гэр бүлийнхэн маань “мундаг байна” гэж магтдаг. Би том болоод эмээ шиг уран зураач болно. 


Намайг Б.Цэнд-Аюуш гэдэг. Дуртай зүйлээ, дуртай өнгөөрөө зурах гоё байдаг болохоор зураач болно. 


Би Б.Өнө-Үйлс байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд гурав дахь жилдээ явж байна. Анх баримлын шаврын ангид явж байгаа уран зургийн анги руу орсон. Би хүний хөрөг зурах дуртай. Зурах тусам сайжирч байгаагаа харах гоё байдаг. Одоо дөрөвдүгээр ангид сурдаг. Том болоод хөрөг зураач болох байх аа. 


Намайг А.Пүрэвжаргал гэдэг. Би одоо цэцэг зурж байна. Гэхдээ хүн зурах хамгийн дуртай. Зураг зурах хөгжилтэй байдаг болохоор зураач болно. 



П.ЛХАГВАЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин