Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд мэдээлэл хийлээ. Тэд төр, засгийн удирдлагуудад хандан хүсэлт хүргүүлжээ.
Уг хүсэлтэд: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг. Үүнд:
Амьд явах эрхтэй байх;
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй байх. Өнөөдөр Монгол Улсын иргэд бид Үндсэн хуулиар олгогдсон дээрх баталгаатай эдлэх эрхээ бодитоор эдэлж чадаж байна уу? Бидэнд эдгээр эрхийг хангах бодит баталгаа байна уу?
Эдгээр асуултыг асууж буй шалтгаан нь 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон, “Дүнжингаравын дэлбэрэлт” хэмээн олон нийтэд нэрлэгдсэн аймшигт ослын улмаас бид хайртай дотны хүмүүсээ цаг бусаар алдаж, уй гашууд автсаар хоёр дахь жилтэйгээ золгож байгаатай холбоотой юм.
Энэ хугацаанд Монголын төрөөс бидэнд ядаж нэг удаа ч уучлалт гуйсангүй. Хэдхэн хүний санамсаргүй үйлдлээс болсон мэтээр үл тоомсорлож, дуугүй өнгөрч байгаад бид гүнээ гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд иргэдийн сахин биелүүлэх журамт үүргийг тодорхой заасан бөгөөд Монгол Улсын иргэн Сарантуяа миний бие Үндсэн хуульд заасан үүргээ шударга, хүндэт ёсоор биелүүлж ирсэн. Үүнд:
Үндсэн хуулийг сахин биелүүлэх;
Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Би энэхүү үүргээ биелүүлж, эрүүл саруул үр хүүхдээ төрүүлж, сайн сайхан өсгөн хүмүүжүүлсэн. Гэтэл өнөөдөр миний хүү энэ хорвоог цаг бусаар, дахин эргэж ирэх боломжгүйгээр орхин одлоо. Энэ явдалд Монгол Улсын төр, Засгийн газар шууд буруутай гэж би үзэж байна. Учир нь “Автозамын тухай хууль” болон түүнтэй холбогдох бусад хууль, дүрэм, стандарт, норм нормативыг Засгийн газар батлан хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй. Тухайлбал, хуулийн 5 дугаар зүйлд төрөөс үндэсний автозамыг хөгжүүлэхдээ баримтлах зарчмыг тодорхойлж, 5.1.1-д автозамын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, 5.1.2-т автозам, замын байгууламжийг эрх бүхий байгууллагаар батлагдсан стандарт, норм, нормативын дагуу барьж байгуулахыг заасан байдаг.
Мөн 8 дугаар зүйлд автозамын норм, нормативын баримт бичгийн нэгдсэн тогтолцоо, 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлж, автозамын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, засвар арчлалтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, стандарт, техник технологийг сайжруулах үүрэгтэй гэж заасан.
Гэтэл аюултай ачаа тээврийг хүн ам олноор суурьшсан хотхон, хорооллын дундуур явуулж байгаа нь биднийг наад захын стандарт, аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй орчинд амьдруулж ирснийг энэхүү осол тод харууллаа. Мөн гэнэтийн эрсдэлийн үед төр, засаг бэлэн бус байсныг илтгэж байна. Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн хариуцлагагүй байдлын улмаас бид хайртай хүү, хайртай аав, хайртай ханиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амслаа. Тиймээс хайртай хүмүүсийнхээ амь насны төлөөсийг Монголын төрөөс нэхэмжилж байна.
Жирийн иргэн би хичнээн хариуцлагатай байгаад төр засаг ард иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид хэнд найдаж, юунд итгэж амьдрах ёстой вэ? Засгийн газрын тэргүүний хувьд дахин ийм осол гарахгүй гэсэн бодит баталгаа бий юу? Ард түмнийхээ өмнө та амлаж чадах уу?
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн үг бөгөөд Үндсэн хуульд ийнхүү тусгагдсан заалт юм.
Иймд дээрх Үндсэн хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсын төр, Засгийн газар нь биднийг цаг бусаар орхин одсон хайртай хүү, аав, ханийн маань амь насны өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна. Мөн амь хохирогсдын ар гэрийнхнийг нэн яаралтай хүлээн авч уулзахыг шаардаж байна. Энэхүү мэдэгдлийн хариуг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсэж байна." гэсэн байна.
Н.Отгон
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл4
Tor ene hedhen huniig shar mahtai ni hataalgui asuudlyg ni shiidej heden tog ogchihoosei. Hend ch tohioldoj boloh helj ireh bish hiisch irdeg gai shd.
Битгий солиор."Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий" Маргарет Тетчер. Бид хөлс цусаа урсгаж байж төсөвт тушаасан татвараа та нар шиг сувдаг алнуудад өгөөд сууж баймааргүй байна шүү.
Монголын төр Дамирангийн Энхбатыг хортой тариа тарьж унтуулж хулгайлж авчраад хилс хэрэг тохож аймшигтайгаар яргалж алсан. Энхбатын амь насны төлбөрийг одоо болтол хийгээгүй байгаа.
Яргалсан улс нь сайд генерал болж хувьдаа онгоцны компанитай асар баян улсууд болоод тансаглан жаргацгааж байна.