sonin.mn

Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин үеийн гар утас барьж, алт, бриллиантан бөгж хийгээд хамгийн үнэтэй ”Rolex” бугуйн цаг гартаа зүүж, хамгийн үнэтэй костюм өмсөж явцгаадаг. Охид бүсгүйчүүд нь брэнд хувцас өмсөж брэнд цүнх барьж бүх юм нь брэнд болчихсон явж байдаг бөгөөд бүсгүйчүүд маань хамар, нүдээ янзлуулж, пластик операц хийлгэж арьсаа татуулан мөнхийн залуу охин мэт харагдахыг хичээж аягладаг. Хүн сайхан хувцаслаж гаднах төрхөө анхаарч болно л доо. Гэхдээ ингэж биш.Орчин үеийн монголчууд маань гаднах төрхөндөө хамаг анхаарлаа хандуулаад доторхи сэтгэлээ гээчихжээ.


Хүмүүс минь. Сэтгэл бохирдсон бол үйлс нь бохир байдаг юм шүү. Будда хүмүүс бидэнд сургахдаа “Хүн жаргалыг гаднаас эрээд хэрэггүй, Харин дотроосоо жаргалыг хайж олох хэрэгтэй” гэсэн байдаг. Жаргал гэдэг нь их идэж, их ууж, баян болохыг хэлдэггүй юм. Жаргал гэдэг нь сэтгэлийн амар амгаланг олохыг хэлж байгаа юм.


Жаргалтай хүн гэж сэтгэлийн бохирдолоо арилгаж ариусгасан хүнийг хэлж байгаа юм. Орчин үеийн Монголд саяхнаас л албан үйлдвэр, албан байгууллага, сургууль дээр “Сэтгэл зүйч” гэсэн орон тоо буй болж ажиллаж эхэлжээ. Харамсалтай нь эдгээр сэтгэл зүйчид сэтгэл гэж юү юм бэ, сэтгэлийг хэрхэн ариусгаж гэгээрүүлэх юм бэ гэдгийг мэддэггүй юм. Тэдний буруу ч биш л дээ, тэдэнд сэтгэлд бугшсан нисваанисийг арилгах талаар заадаггүй юм л даа. Сэтгэлийг ариусган гэгээрүүлэхийн тулд дараах зүйлийг судалж мэдэх хэрэгтэй.   


Хүний сэтгэлийг хамгийн их судалж хамгийн зөв сургаал номлосон хүн бол гэгээрсэн Будда багш юм. Сэтгэлийн бохирдол гэж нисваанисийг л хэлээд байгаа юм. Будда хүний сэтгэлд бугшсан уур, шунал, мунхаглал гурав дээр суурилсан сэтгэлийн 84 000 хорт нисваанисийг танин мэдэж 84 000 дарма болгон хувиргасан юм. 


Нисваанис гэдэг нь сэтгэлийн гэм гэсэн утгатай санскрит үг. Нисваанисийн ёзоор нь хүсэл шунал дээр төвлөрч байдаг Хүмүүс хүсэл шунал нь бүтэхгүй болоод ирэнгүүт уурлаж эхэлдэг. Уур, шунал бол мунхаглалаас болж байдаг. Ямар зовлонгоос хүнийг чөлөөлөх гээд байгаа юм бэ гэвэл орчлонгийн муу заяаны зовлонгоос, мөн нийт орчлонгийн зовлонгоос ангижирч, дээрээс нь сансар нирвааны хоёр хязгаарт өөрийгөө оруулахгүй үл оршихуйн нирваан буюу бурханы хутагт хүрнэ гэсэн утгатай юм. “Асар ариун магад гарахуй үгүйгээр сансарын далайн амгалангийн үрийг хүсэвч амарлихын арга байхгүй ээ” гэдэг зүй тогтолыг мэдэхгүйгээр эдгээр зовлонгуудаас өөрийгөө ангижруулж чадахгүй юм. Магад гарахуйн сэтгэл байх юм бол бид жинхэнэ амар амгаланг олж чадна, магад гарахуйн сэтгэл байхгүй зөвхөн орчлонгийн амгаланг л хүсээд яваад байвал хэзээ ч амар амгаланд хүрэхгүй юм аа гэсэн утгатай үг . Үүгээр номыг хийх юм бол аврагдана , номыг бүтээхгүй бол аврагдахгүй гэдэг ёсыг машид тодорхой гаргасан байгаа юм. Та нар сүм хийдэд шавилсан бурханы олон шавь нарын царайг хараарай. Тэд ердөө шавь хувцас, модон аяга, судар гэсэн гуравхан хөрөнгөтэй байдаг юм. Ямар ч хөрөнгөгүй, ямар ч сэтгэлийн ачаа дарамтгүй тэдний нүүрээс амар амгалан, тайвшрал, гэгээрэл цацарч байдаг юм. Тэхлээр орчин үеийн хүмүүс Бурхан багшийн айлдсан “Магад гарахуй сэтгэлийг олох, Боди сэтгэлтийг олох, Хоосон чанарын онох” гэсэн сургаалийг мэдэж байж л сэтгэлээ ариусгаж гэгээрүүлэх боломжтой болох ажээ. 


Орчин үеийн монголчууд маань бусдыг хүндлэх бүү хэл бусдыг үзэн яддаг болжээ. Орчин үеийн хүмүүс нүүрээ угааж, будаж, тос түрхэхээ огт мартдаггүй. Харин сэтгэлээ ариусгаж сэтгэлээ цэвэрлэх талаар мэддэггүй юм. Учир нь улаантнууд сэтгэлээ ариусгах Бурханы сургаалыг шашны мунхруулга гээд устгачихсан л даа.


Монгол хүн дээр үед хүнийг бурхан мэт дээдлэн хүндэлдэг байжээ. Орчин үед бол бусдад хараал хүртэл хийлгэдэг болжээ.  Ганц хоёрхон жишээ дурдая. Ираны зөн билэгч Мохсен Норуза гэдэг хүн саяхан Монголд ирээд буцсаныхаа дараа нэгэн сонинд дараах зүйлийг ярьжээ. “Би Монголын баячуудын урилгаар хоёр дахь удаагаа Монголд айлчилсан юм. Тэд хувьдаа уул уурхайтай баян чинээлэг хүмүүс байлаа. Тэдний амалсан мөнгө татгалзах аргагүй их байсан. Нэг баян монгол хүн гэхэд л надад 5000$ төлж байлаа. Би ердөө 10 хүнтэй уулзаж тэднийг мэргэлж нийт 50 000 доллар авсан шүү. Тэдний хүсэлт Монголын төлөө огт байгаагүй. Тэд “Би яавал хурдан баяжих вэ?, манай өрсөлдөгчдөд хараал хийж өгөөч, намайг эхнэрээс минь салгаж өгөөч, миний хурдан морийг наадамд түрүүлүүлж өгөөч” гэх мэттйн хүсэлт тавьж билээ” гэжээ.

                      

2015 онд Монголд ирсэн Оросын үзмэрч “Сибирийн шулам” хэмээгч үзмэрч Елена Голуновагийн хүүгийн яриа: “Би Монголд ээжтэйгээ хамт очсон. Монголын баячууд ээжтэй уулзаж “Би яаж баяжих вэ, би хэзээ баян хүн болох вэ, би яаж том албан тушаалд хүрэх вэ, би эхнэрээсээ салмаар байна, миний өрсөлдөгч хүнд хараал хийж өгөөч” гэх мэтийн хүсэлт тавьж байсан даа. Би монголчууд яагаад ийм зүйл яриад байгааг ойлгохгүй гайхсан” гэжээ. Орчин үеийн монголчууд маань ийм болтлоо сэтгэл нь доройтжээ.


Сүүлийн хоёр зуунд монголчуудын сэтгэл маш их бохирдож байсан нь түүхээс харагддаг. Манжийн үед монголчууд бие биенээ матаж Манжийн эсрэг боссон монгол ноёдыг манжийн цэрэгт барьж өгөөд алуулдаг байв. Улаан хувьсгалын үеэр монголчууд бие биенээн улаан оросуудад матаж барьж өгөөд алуулдаг байв.


Ар монголчууд Хятадын соёлын хувьгалаас зугатаан Монголд дүрвэн ирсэн өвөр монгол ах дүү нараа баривчлан улаан Хятадад буцаан өгч шоронд хийлгэдэг байжээ. Монголын удирдагч Чойбалсан гэхэд л монгол ах дүү нараа “хар, шар феодал, хувьсгалын эсэргүү, японы тагнуул” хэмээн гүтгэж ямар ч нотлох баримтгүй, шүүх, өмгөөлөлгүйгээр 20282 хүнийг цаазлах тогтоол дээр гарын үсэг зурж ямар ч гэмгүй монголчуудыгаа хөнөөсөн байдаг.Улаантны аллагын үед нийтдээ 45 000 монгол хүн буудуулан амиа алдаж, 150 000 монгол хүн хэлмэгдсэн гэсэн тоо ч байдаг юм билээ. Орчин үед ч гэсэн монголчууд бие биенээ матаж гүтгэж шоронд хийдэг үзэгдэл хэвийн болжээ. Ялангуяа сонгуулийн үеэр монголчууд хар пиар хийж бие биенээн хятадын эрлийз, том уурхайтай, том ордын лицензтэй хэмээн элдэв гүтгэлэг явуулж нэг нэгнээн шоронд хийж санаа нь амардаг болжээ. Төрийн өндөр түвшинд хүртэл нэг нэгнээн гүтгэх юм. Дөнгөж саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүйн сайд Б.Энхбаяр нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “нүүрсний хулгайч, хүн алж хүүрийг нь шатаасан, бүхэл бүтэн Бортээгийн уурхайтай“ хэмээн гүтгэж албан тушаалаас нь буулгаж ажилгүй болгов. Үүгээр зогссонгүй одоо зарим нь түүний УИХ-ын гишүүний эрхийг нь түтгэлзүүлнэ, хэрэг хүлээлгэнэ гэх болжээ. Мөн Хууль зүйн сайд Мөнхбаатар ажлаасаа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд дарга Булгантуяа албан тушаалаасаа бууж, Тэргүүн шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан албан тушаалаасаа зайлуулагджээ. Ажлаа хийгээд төр улсынхаа төлөө зүтгэж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хилийн ажлаар явсан хойгуур нь хэсэг хүмүүс хуйвалдаж огцруулчихаад одоо Оюун-Эрдэнэ шиг муу хүн байхгүй болж, түүнийг үлэмж их мөнгө идсэн хэмээн гүтгэж шоронд хийхийг шаарддаг болжээ. Саяхан монголын ТВ-ээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Баярцогтын ярьсныг үзэхэд түүнийг экс ерөнхийлөгч Х.Баттулга хятад гаралтай хэмээн гүтгэж, 10 жилийн ялаар шоронд хийх гэж байсныг сонсоод ихэд цочив. Нэг намын найзууд ийм амархан дайснууд болсон нь аймшигтай.


Дээр үед монголчууд бие биенээ хувьсгалын эсэргүү хэмээн гүтгэж буудан алуулж байсан бол одоо бие биенээн гүтгэж шоронд хийдэг нь хэвээрээ байгаа нь үнэхээр харамсалтай явдал юм. Гүтгэлэг гэдэг бол ихээхэн хор уршигтай том нүгэл шүү.


Худал гүтгэлэг, хулгай хоёроос болж Монгол хөгжихгүй уруудаж байна, ядуурч байна, ёс суртахуун нь доройтож байна. Өнөөдөр Монголд шоронд ороогүй ерөнхийлөгч, ерөнхий сайд, томоохон  бизнесмэн бараг байхгүй болжээ. Хүмүүсийн сэтгэл нь бохирдсон учраас л үйлдэл нь нүгэл болоод байгаа юм. Учир иймд Энэтхэгийн Ошо мэргэн багшийн нэгэн сургаалийг толиллуулъя. 


Ошо багш айлдсан нь: Би бүх хүнд үүдээ нээсэн . Үнэн хэрэгтээ би үүд хаалгаа аваад хаячихсан юм. Нээх, хаах гэсэн ойлголт байхгүй. Дуртай нь манайд морилж болно. Учир нь миний үзэл санаа Их Хөлгөний / Буддизмд үндсэн хоёр урсгал чиглэл бий. Хинаяна буюу бага хөлгөн, Махаяна буюу их хөлгөн / Тантрын үзэл санаа юм. Энэ бол ёогынх биш. Гэхдээ би тантрыг ойлгохгүй хүмүүст ёогийг ярьдаг. Би хэн бүхнийг урьж, дуртай бүхнээр нь дайлдаг.


Бурхан та нарын хэнийг ч голж шилдэггүй, харин урин залдаг. Бурханы голоогүй хүнийг голох хэн юм бэ, би? Орчлон дэлхий та нарыг алган дээрээ бөмбөрүүлж, өвөр дээрээ эрхлүүлж, амьдрах эрчим хүч бэлэглэж байхад шүү.


Адгийн хар нүгэлтнээс ч гэлээ амьсгалах агаар, алхах шороог орчлон харамладаг гэж үү? "Тэр буянтай хүнд илүү агаар өгнө. Чи нүгэлтэй хүн тул агаараар амьсгалах ёсгүй" хэмээн оршихуй хэлдэг бил үү? Үгүй ээ. Тэрбээр хэнийг ч ялгалгүй ивээн тэтгэдэг юм. Исламын шашинтан Жуннайдад ийм нэгэн явдал тохиолджээ. Тэдний хөршүүдийн нэг нь айл амьтанд гай зэтгэр тарьсан адал балмад нэгэн байж.


Тосгоны хүмүүс Жуннайд руу ирж:  -Та Бурханд хандан залбирч, энэ муу ёрын амьтнаас биднийг салгаж өгөөч хэмээн гуйжээ.


Жуннайд Бурханд чин зүрхнээсээ залбиран суухдаа нэгэн дуу хоолой сонсчээ: “Би хүлээн зөвшөөрсөн байтал та нар юунд түүнийг эсэргүүцнэ вэ?” гэсэн дуу хоолой.


Энэ явдлын тухай Жуннайд өөрийн дурсамждаа: “Би Бурханаас дахин ийм тэнэг юм гуйхаа больсон. Бурхан бүх хүмүүст адилхан амьдрал бэлэглэж, цаашид ч энх тунх явах эрч хүч хайрласаар атал би хэн болоод хэн нэгэн хүнийг шүүж сөргөх юм бэ?” хэмээн бичжээ. Оршихуй та нарт амьдрал өгөхдөө болзол тавьдаггүй. Би ч гэсэн та нарт авшиг өгөхдөө болзол тавихгүй. Оршихуй та нарт хязгааргүй ихээр итгэж байхад би яаж та нарт итгэхгүй байх юм бэ. Тантар бол бүх нийтэд хүртээлтэй. Цөөн сонгомол хүмүүст зориулаагүй. Тантар цөөн сонгомол хүмүүсийн зам болж хувирсан нь түүнийг хүн бүхэн ойлгож чаддаггүйнх болой. Гэхдээ л тантар хэний ч өмнө нээлттэй байдаг. Чамайг тийшээ үсрэхэд бэлэн бол тантар ч та нарыг тосоход бэлэн байдаг юм шүү” хэмээжээ. Тэхлээр тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр тогтдог Боди сэтгэл л хүмүүсийн сэтгэлийн бохирдлыг арилгаж гэгээрүүлдэг ажээ. Хамаг амьтан Боди сэтгэлийг олж, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.



Доржийн СҮХБААТАР   2026.01.20