ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр “мөнхийн ерөнхийлөгч” Йорери Мусевени өөрийн гол өрсөлдөгч Боби Вайн-аас илт хол давамгайлж байна.
Сонгуулийн хорооны мэдээллээр, Мусевени 76.25 хувийн, Вайн 19.85 хувийн санал авсан бол үлдсэн саналыг бусад зургаан нэр дэвшигч хуваан авчээ.
Вайны “Үндэсний нэгдлийн талбар” гэдэг намын Х нийгмийн сүлжээний хуудсанд бичсэнийг үзвэл, цэргүүд ба цагдаа нар нийслэл Кампала хот дахь нэр дэвшигчийн байшинг бүслээд түүнийг болон эхнэрийг нь үндсэндээ гэрийн хорионд оруулсан байна. Харин цагдаагийн газрын дарга Китуума Русоке Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө, гэрийн хорионы талаар надад ямар ч мэдээлэл алга гэлээ.
Өдгөө 81 настай Мусевени 1986 онд болсон төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарсан байна. Угандагийн төрийн мэдлийн хэвлэлүүдэд түүнийг ард түмнээ чөлөөлөгч, энхийг тогтоогч хэмээн сурталчилдаг бол тэрбээр өөрийгөө “тогтвортой байдлын баталгаа” гэж тодорхойлдог ажээ.
Мусевени өөртөө үнэнч хүмүүсээр хүрээлүүлж, нэг хүнийг тахин шүтэх шүтлийг үзлийг дэлгэрүүлж, улс төрийн өрсөлдөгчдөө айлган сүрдүүлдэг гэж түүнийг шүүмжлэгчид үздэг. Нас дээр гарсан тул түүнийг залгамжлах хүний тухай яриа сүүлийн үед гарах болсон байна. Түүний хүү, зэвсэгт хүчний командлагч Мухузи Кайнеругабе дараагийн ерөнхийлөгч болно гэж ярилцаж байгааг Мусевени няцаажээ.
Боби Вайн (жинхэнэ нэр нь Роберт Киагуланьи Ссентаму) бол реггей стилээр тоглодог нэртэй хөгжимчин, поп дуучин юм. Дэмжигчид нь түүнийг “ядуусын хорооллын ерөнхийлөгч” гэж нэрлэдэг байна.
Вайныг нэр дэвшүүлсэн сөрөг хүчний “Үндэсний эв нэгдлийн талбар” нам бол угандачуудыг эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд өргөн хамруулах, цэвэр усаар хангах, шударга шүүхийн тогтолцоог бий болгохын төлөө тэмцдэг улс төрийн хүчин юм. Дэлхийн хамгийн залуу хүн амтай улс болох /дундаж нас 16/ Угандагийн залуус намайг дэмждэг хэмээн Вайн байнга мэдэгддэг.
Таван жилийн өмнө болсон сонгуульд Мусевени 59 хувийн, Вайн 35 хувийн санал авч байжээ.
Б.Адъяахүү
Бямба - 01 сарын 17,
2026

Сэтгэгдэл0