sonin.mn

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ баталсан билээ. Өнгөц харахад нэг л хууль мэт боловч хүний эрхийн чиглэлд хийгдсэн маш том реформ болсон гэж дүгнэж болох юм. Энэ хуулийн үр дүнд Монгол Улс олон улсын түвшинд хүний эрхийг хангаж чаддаг улсын тоонд орж чадна гэж үзэж буй ажээ. Өөрөөр хэлбэл НҮБ-ын өмнө Монгол улсын нэр хүнд бүтэн болж байна. НҮБ-ын шинжээчид манай улсад ирээд Монгол Улс бүх баривчилгаагаа шүүхийн шийдвэргүйгээр хийдэг юм байна гэдэг цочирдмоор мэдээлэл гаргасан. Үүнийг ч хүлээн зөвшөөрч, Хүний Эрхийн комиссын 22-р илтгэлд Монгол Улс нийт баривчилгааныхаа 98-99 хувийг шүүхийн шийдвэргүйгээр хийсэн гэж дүгнэсэн.



Иймээс ч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа чухам энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлан, нийтдээ 7 удаа Засгийн газар, УИХ-д хүргүүлжээ. Эцэст нь энэ хууль амжилттай батлагдсан юм.


 УИХ-ын Дэд Дарга С.Одонтуяа энэ тухай: “Тус хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад дахин нэг ч баривчилгаа шүүхийн шийдвэргүйгээр явагдахгүй. Өмнө нь амралтын өдрүүдээр, баяр ёслолын үеэр баривчилгаа хийгддэг байсан бол одоо 7 хоногийн 7 өдөр, өглөөний 6 цагаас оройн 22 цагийн хооронд шүүх ажиллаж, баривчлах шийдвэрийг шүүхийн шийдвэрээр гаргадаг болох юм. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гол үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, халдашгүй эрхийг хамгаалах тусгайлсан бүлэгтэй, заалттай байдаг. Гэтэл манайд хуучин коммунист үеийн айлган сүрдүүлсэн, гэнэт шөнөөр баривчилдаг, улс орон даяар дуулиан болж, хүнийг сошиалаар түрүүлж ялладаг, тэгсэн атлаа хэсэг хугацааны дараа та буруугүй гээд гаргадаг. Харин тухайн хүн, гэр бүл сэтгэлзүйн ямар дарамтанд орж байгааг улс тооцдоггүй, сонсохыг ч хүсдэггүй байсан. Өмнө нь хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нэрийн дор баривчилгаа хийдэг байгууллага, дарга нар субьектив байдлаар хандаж ирсэн бол энэ хуульд баривчлах явдлыг нарийвчлан оруулж өгсөн юм. Тийм учраас дарга, эрх мэдэлтнүүд дур зоргоороо, захиалгаар баривчилдаг зүйл зогсож, иргэний нийгмийн, иргэний засаглал тогтоход чухал алхам болно. Монгол Улс олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн бол олон улсын жишиг, дүрмийн дагуу, тухайн гэрээ, конвенцид бичигдсэний дагуу ажиллах ёстой. Монголчилсон арга барил гэж байх ёсгүй. Олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн л бол тэр жишгээр хүний эрхийг хамгаалах ёстой. Шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан хүмүүсийг 48 цаг хорьсны дараа шүүхийн шийдвэр гарах үед 42 хувь нь шаардлагагүй баривчилгаа байна гэдэг судалгаа байгаа юм. Энэ 42 хувийг шаардлагагүй баривчилсан юм бол тэдгээр хүмүүсийн сэтгэл санаа, ар гэр нь маш хүнд байдалд ордог. Мөн энэ хооронд авлига өгөх нөхцөл бий болдог. Хүнээ суллуулахын тулд таньдаг шүүх, цагдаа бүгдэн рүү нь ярьж, хамаг аргаа барж байгаа гэсэн үг. Тус хууль батлагдсанаар энэ зүйл зогссон. Надтай холбогддог маш олон иргэд хүнийг маань хорих 461-р ангид оруулаад мартчихлаа, мөрдөн байцаагч нь огт очихгүй байна, мөрдөн шалгах ажиллагаа нь явагдахгүй байна гэж хэлдэг. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэж хоригдож байгаа нөхдөө эргэж очих үед ч тэд надад хорих 461-р ангид араас нь явах хүнгүй маш олон хүмүүс удаан хугацаагаар хоригддог юм байна. Үүнийг болиулах хууль санаачлаач гэж даалгасан. Үүний дагуу ажиллаж, хугацаагүй цагдан хорих асуудал энэ хуулиар тасалбар болж байгаа. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдтол 48 сар буюу 4 жил хорьсон тохиолдол ч байсан.


Шинээр батлагдсан хуулиар тухайн холбогдсон гэмт хэргээс нь шалтгаалан 6 сар, 12 сар, онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон бол дээд тал нь 18 сар хорино гэх зэргээр хугацаатай болж байгаа. Энэ хооронд гэм буруутай бол нотлох ёстой. Хэрэв гэм буруутайг нь нотолж чадахгүй бол сулла гэдэг олон улсын зарчим бий.


УИХ-ын гишүүд бид ч хүний эрхийг хамгаалсан хуулиудыг олноор батлуулахын төлөө ажиллах хэрэгтэй. Нийгэм маань ардчилсан болсон хэдий ч хуулиуд нь хуучнаараа байж байдаг. Коммунист хандлагаар, юм л бол хүнийг баривчилгаагаар айлгадаг зүйлийг өөрчлөх цаг аль хэдий нь болсон гэж үзэж байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачилсан уг хууль батлагдан, хэрэгжиж эхэлснээр зөвхөн иргэдийн эрх хангагдаж, хууль бус баривчилгаа үгүй болохын сацуу хамгийн гол нь Монгол Улс НҮБ, олон улсын байгууллагуудын өмнө нэр бүтэн болж буй хэрэг гэдгийг онцгойлон дахин дурьдах нь зөв биз ээ.


Н.Отгончимэг