ТЕЛЬ-АВИВ, 2024 оны аравдугаар сарын 18 /BBC/. Палестины ХАМАС бүлэглэлийн удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац баталжээ. Я.Синвар Газын зурвасын өмнөд хэсэгт энэ сарын 16-нд явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан гэж Израилын батлан хамгаалах арми /IDF/ мэдэгдсэн байна.
“Яхья Синвар нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-нд израилчуудыг олноор нь хөнөөх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн бөгөөд дайн эхлэхээс өмнө болон эхэлсний дараа өөрийн цуст үзэл суртлыг сурталчилж, Израилын олон иргэнийг хөнөөж, барьцаалсан хэргийн буруутан байсан” гэж мэдэгдэлд дурджээ.
Израилын цэргүүд Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотын нэгэн дүүрэгт байшингаас байшан дамжин гүйж явсан гурван "террористыг" илрүүлсний дараа Синвар амиа алдсан гэж IDF-ийн албан ёсны төлөөлөгч Даниэль Хагари мэдээлсэн байна. Тэрбээр Израилын дрон Синвар руу ойртож байгаа дүрс бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлжээ. ХАМАС бүлэглэлийн толгойлогч нүүрээ халхалсан, гар нь шархадсан байжээ. Синвар нисгэгчгүй онгоц руу хавтгай мод шиг зүйл шидэхэд бичлэг дууссан байна.
IDF-ийн төлөөлөгчийн мэдээлснээр, Синвараас зэвсэг, мөн 40 мянган шекел (10 мянга орчим ам.доллар) олдсон байна. "Тэр зугтах гэж байсан бөгөөд бид түүнийг устгасан" гэж IDF-ийн албан ёсны төлөөлөгч хэлжээ.
"Газын зурваст явууулсан ажиллагааны үеэр гурван террористыг устгасны нэг нь Синвар байж магадгүй” гэж өмнө нь IDF мэдээлж байсан юм. Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, амиа алдсан нөгөө хоёр терорист нь Я.Синварын бие хамгаалагчид байжээ.
"Синвар амиа алдсаныг бүрэн батлахад шаардлагатай янз бүрийн судалгааг хийж байна" гэж Израилын цагдаа, цэргийнхэн өмнө нь мэдэгджээ. "Цагдаагийн шүүх эмнэлгийн лабораторид шүдний зургийг нь илгээсэн бөгөөд ДНХ-ийн шинжилгээ хийж байна" гэж “Reuters” агентлаг уг мэдэгдлийг эш татан мэдээлж байв.
Улмаар Синварын цогцсыг шүдний зураг болон хурууны хээгээр нь таньсан гэж Израилын цагдаагийн газар мэдэгдсэн байна. Я.Синвар Израилын шоронд олон жил хоригдсон тул Израилын эрх баригчдад түүний ДНХ-ийн дээж байдаг аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Дахиад л дээд удирдагч тодроод л ирнэ ! Сүүлчийн палёстин хүнийг үхтэл дээд удирдагч нар дороо тодорч байна ! Израил ч зовлонгоо эдэлж дэ !
Хайран хүн. Азгүй юм аа.