sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 18 /DW/. Европын Төв банк энэ он гарсаар бодлогын хүүгээ гурав дахь удаагаа бууруулж 3.5 хувь байсныг 3.25 хувь болголоо. Есдүгээр сард еврогийн бүсийн инфляц 1.7 хувьд хүрч буурсныг пүрэв гарагт танилцуулсан албан ёсны тайлан мэдээлэл харуулсны дараа бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан байна. 


Тус бүсийн инфляцын түвшин гурван жил гаруйн хугацаанд анх удаагаа Европын Төв банкны зорилтот түвшин болох 2 хувиас буурсан нь энэ юм. Өнгөрсөн сард инфляц буурсан нь эрчим хүчний зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурсантай холбоотой байна.


“Инфляцыг ялахад ойртож байна” гэж Францын Төв банкны Ерөнхийлөгч, Европын Төв банкны хүү тогтоогч Франсуа Виллерой де Галхау өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Пүрэв гарагт болсон Европын Төв банкны хурлын өмнө тэрбээр хүүг бууруулах магадлал маш өндөр байна гэж хэлсний зэрэгцээ энэ шийдвэр бол сүүлчийнх биш гэж нэмж хэлсэн юм.


Коронавирусний цар тахал дэгдэж, Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляц 2022 оны 10 дугаар сард дээд цэгт буюу 10.6 хувьд хүрч, улмаар Европын Төв банкийг хүүгээ огцом өсгөхөд хүргэсэн юм.


Гэвч тус банкны бодлого боловсруулагчид нөхцөл байдал сайжирч байгааг харгалзан энэ онд хоёр удаа хүүгээ бууруулаад байлаа. Франкфурт хотод төвтэй Европын Төв банк одоо 20 орноос бүрдэх еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт сул байгаад гол анхаарлаа хандуулж байна. Тус банкны өнгөрсөн сард танилцуулсан урьдчилсан таамаглалаар, еврогийн бүсийн өсөлт гуравдугаар улиралд 0.2 хувь, 2024 онд 0.8 хувь болж буурах төлөвтэй байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агeнтлаг