sonin.mn

Курсийн багш бэлтгэх асуудлаас болж нийгэмд ихээхэн маргаан дэгдэв. Судлаач хүн бусдын адил сүлжээгээр загначихаад зүгээр сууж чаддаггүй. Иймээс багш бэлтгэдэг дэлхийн туршлага хайж нет баахан ухав. Ингээд олсон мэдээллээ нэгтгэн системчилж, өгүүлэл бичив. Бүх нийтэд, ялангуяа боловсролын дарга нар, багш нарт тун хэрэгтэй мэдээлэл гэж бодож байна.


Сүүлийн 30-аад жилд дэлхийн нэлээд олон орон сургуулийнхаа системийг амжилттай шинэчилж, боловсролын салбартаа үсрэлт гаргаж, дэлхийд тэргүүлэх болжээ.


Олон улсын харьцуулсан судалгаагаар: Финлянд, Нидерланд, Унгар, Швеци, Хятадын Шанхайн бүс, Гонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Тайван, Шинэ Зеландия зэрэг орнууд боловсролынхоо чанараар дэлхийд тэргүүлэх болжээ. Дашрамд тэргүүний орны жагсаалтад АНУ, Кембриж гэсэн ганц ч үг байхгүй… Чикагогийн ИС-ийн Олон Улсын Боловсролын консалтинг кампани “Дэлхийн шилдэг сургуулийн системийг юу нэгтгэдэг вэ ?” сэдэвт судалгаа эхэлж, дэлхийн 25 орны боловсролын шилдэг системийг судалжээ. 2007 онд энэ судалгааны үр дүнгээр “Сургуулиуд тогтвортой өндөр чанартай сургалтад хэрхэн хүрэх вэ ?”, “Дэлхийн сургуулийн боловсролын шилдэг системүүдэд хийсэн анализын сургамж” хэмээх хоёр ном хэвлэн гаргажээ. Энэ судалгааг Казахстаны эрдэмтэд тэр дор нь шүүрэн авч “Дэлхийн болон Казакстаны боловсролын чанар” хэмээх маш сайн бүтээл гаргажээ. Эдгээр ном бүтээлийг манай Боловсролын Яамны түшмэдүүд унших ч байтугай сонсоо ч үгүй яваа гэдэгт мөрийцсөн ч болно.


Эдгээр судалгаанууд: “дурдсан орнууд сургуулийн боловсролдоо гайхам амжилт гаргасан үндсэн хүчин зүйл нь багш нарыг сонгох, бэлтгэх, ажиллуулах чанарыг ихээхэн дээшлүүлсэн явдал” гэж дүгнэжээ. Чингэхдээ “багш нарын чанар бол сургалтын чанар болон суралцагчдын боловсролын түвшинд шууд нөлөө үзүүлдгээрээ бусад бүх үзүүлэлтээс хавьгүй илүү” гэдгийг онцлон дурджээ.


Эцэст нь тэд: “Боловсролын системийн чанар нь түүнд ажиллаж буй багш нарын чанараас дээш гарч чаддаггүй” гэсэн гайхалтай зарчмын дүгнэлт хийжээ. 


Тухайн орны боловсролын чанар сайн байвал нийгэмд бүхэлд нь, тухайлбал үйлдвэрлэл, шинжлэх ухаан, урлаг, залуусын үзэл санаа-хүмүүжил, оюун санааны амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Харин боловсролын чанар муу байвал гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдал, мухар сүсэг, үл итгэлцэл, нийгмийн хэрүүл маргаан, мөргөлдөөнд хүргэдэг нь бас л тодорхой.   Боловсролдоо амжилт олж дэлхийн лидер болсон бүх орнууд дараах зарчмуудыг хатуу баримталж иржээ. Энэ нь: 

        

  • Багшлах ажилд тохирох мэргэжлийн хүмүүсийг, түүний дотор сурган хүмүүжүүлэх ажлын туршлагагүй хүмүүст боломж олгох замаар сургуулийн багш болгон татаж авах.
  • Эдгээр хүмүүст онолын бэлтгэл, сурган хүмүүжүүлэх практик суулгах явдлыг сургалтын өндөр чанарыг хангаж чадахуйц үр бүтээлтэй сурган хүмүүжүүлэгч болгон хувиргах.
  • Суралцагч болгон өндөр мэргэшсэн сургалтад хамрагдахуйцаар суралцагчдад дэмждэг үзүүлэх хаягчилсан систем бий болгох зэрэг болно.        


Ер нь бол зарчим ярих хамгийн амархан, харин зарчмаа хэрэгжүүлэх нь хамгийн хүнд. Манай Боловсролын яам байнга тасралтгүй зарчим ярих боловч хэрэгжүүлдэггүй учраас монголын боловсрол сөнөж байгаа юм. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх гэж дурдсан орнууд үйлээ үзжээ. Учир нь боловсролыг санхүүжүүлэх бүтэц,удирдлагын бүтэц, урамшууллын систем зэрэг бусад бүх зүйлийг өөрчлөх, боловсронгуй болгох их ажилтай тулгарчээ. Үнэн хэрэг дээрээ боловсролын системээ бүхэлд нь шинэчилжээ.


Бараг 100 жилийн өмнө Оросын эрдэмтэн С.Т.Шацкийн дэвшүүлсэн “Сургуулийн реформыг багшаас эхэлнэ” гэсэн суут үгийг гол лоозонгоо болгожээ.


Хэрэв багш нарыг бэлтгэх, багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, багш нарын сэдлийг өдөөх зэрэг гол асуудалд зохих ёсны анхаарал тавихгүй бол боловсролын системийг шинэчлэх аливаа оролдлого заавал нуран унадаг жамтай аж.                


Боловсролын лидер орнууд багшийн ажилд чанартай хүмүүсийг дараах байдлаар олж авдаг байна:     

 

● Багш бэлтгэх хөтөлбөрт элсэн орж буй хүмүүсийг маш нарийн чанд шалгуураар сонгон авах; 

● Багшлах боловсон хүчнийг ажлыг үнэлэх үр ашигтай дэг журам (процедур) бий болгох;

● Багш нарын анхдагч цалин хөлсийг хэт өндөр биш боловч боломжийн байхуйцаар тогтоох;  

● Сургууль дээр сурган хүмүүжүүлэх ажилд авъяас, чадвараа харуулсан суралцагчдыг илрүүлэхэд чиглэсэн мэргэжлиийн баримжааны ажлыг хэрэгжүүлэх;

● Багшийн мэргэжлийн өндөр нэр хүндийг ХМХ, төрийн урамшуулал шагнал гэх мэтээр нийгмээрээ дэмжих.


Багшийг маш эртнээс бэлтгэж, сургууль төгсөгчдөөс сурлагын амжилтаараа шилдэг тэргүүний сурагчдыг багш болгохоор сонгон авдаг систем хамгийн гол үүрэг гүйцэтгэжээ. Өмнөд Солонгост сургууль төгсөгчөөс шилдэг 5%-ийг, Финляндад 10%-ийг, Сингапур, Гонконгод 30%-ийг багш болгохоор сонгон авдаг байна.

АНУ хэдийгээр боловсролоороо шилдэгт ордоггүй ч гэсэн нэр хүнд бүхий дээд сургууль төгсөгчдөөс багш сонгон авах “Teacher Residency”, “Teaching Fellows”, “Teach for America” зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлдэг.         


Багшийг хүнд байх ёстой олон шинж байдаг, тухайлбал: хувь хүний хүмүүнлэг (гуманитар) чиглэмж, хэл болон математикийн өндөр түвшин, хөгжингүй харилцах дадал (коммуникатив), хувь хүмүүстэй харилцах дадал, хүүхдийг сургах сэдэл болон чадвар, өөрөө суралцахад бэлэн байх зэрэг олон үзүүлэлт бий.  Боловсролын лидер орнуудад дээр дурдсан дадал, шинжүүдээр авах тестийн маш сайн процедур бэлэн байдаг ба энэ тестээр сайн багш болох хүмүүсээ сонгон авдаг байна.  Багшийг сонгоход гаргасан нэг л алдаа хэдэн арван жилийн чанаргүй сургалт болдог, багшийн мэргэжлийг сонгоход гаргасан алдаа хүнийг насаар нь хорлож, олон мянган сурагчдад гай тарьдаг гэдгийг тест боловсруулахад маш их анхаардаг байна.


Эдгээр лидер орнууд дундаасаа ирээдүйн багш бэлтгэх хамгийн үр ашигтай процедуртай гэж Финлянд, Сингапур хоёрыг үздэг юм байна. Финляндад багш сонгох ажил 2 үе шаттай. Эхний шат нь нийт үндэсний хэмжээнд болох бөгөөд үүнд заавал оролцох ёстой. Энд 300 асуулт бүхий тест бөглүүлнэ. Эндээс өндөр үнэлгээ авсан хүмүүс тусгайлсан дээд сургуулиудын авдаг 2-р шатны шалгалтад орно.  


Энд багшлах ажлын сэдэл, харилцах дадал, сэтгэл хөдөлтийн байдал зэргийг илрүүлэх ярилцлага хийнэ. Мөн жинхэнэ сургалтад дөхүүлсэн бүлгийн ярилцлага хийнэ.    Энэхүү 2-р шатанд амжилт үзүүлсэн хүмүүсийг багшийн курсуудийн сургалтад хамруулна. Багшийн курсээ төгсөөд ажиллахыг хүссэн сургуулийнхаа бас нэг шалгалтад орно. Ингэж байж багш болно. Сингапурт ирээдүйн багш нарыг Боловсролын Яам, Боловсролын Үндэсний Институт хамтран нийт үндэсний хэмжээнд төвлөрсөн журмаар сонгон авдаг. Дунд сургууль төгсөгчдөөс амжилтаараа эхний 30%-д багтсан хүмүүс шалгалтад орно. Чингэхдээ тэд: 1.Хүүхэд болон боловсролд сонирхолтой гэдгээ үзүүлэх, 2. Бичиг үсгийн өндөр чадвартай гэдгээ нотлох ёстой. Сонголтыг ихээхэн туршлагатай 3 сурган хүмүүжүүлэгчээс бүрдсэн Зөвлөл хийдэг. Багш болохыг горилсон 6 хүнээс зөвхөн 1 нь тэмцдэг гэхээр энэ Зөвлөлийн шаардлага хэр хатуу нь мэдэгдэнэ. Багшийн сургуульд элсэгчдийн түвшин муудах нь боловсролын чанар муудахад гарцаагүй хүргэдэг. Өмнөл Солонгост бага ангийн багш болох хүн дээд сургууль төгсөөд Боловролын ИС-иас сурган хүмүүжүүлэгчийн эрх олж авдаг. Боловсролоор тэргүүлэгч орнуудад бага ангийн багш бусдаасаа илүү нэр хүндтэй, илүү цалинтай байдаг. Өмнөд Солонгост багшийн нэг орон тоон дээр 11 хүн өрсөлдөг нь багш мэргэжлтийн өндөр нэр хүндийг илтгэнэ.       


Сүүлийн үед багш мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах арга зам хайж, зарим бүтцийг туршиж эхлээд байна. Англид багш нарыг сонгох үедээ баримтлах стандартыг боловсруулжээ. 


Аливаа сонголт их бага хэмжээгээр алдаа гаргадаг учраас шаардлага хангахгүй муу багшаас салах дүрэм журам боловсруулах нь багш сонгохоос дутахгүй ажил байдаг аж. Шинэ багш 1-2 жил ажиллаж, сургуулийн захиргаанаас сайн тодорхойлолт авсны дараа л багшлах лиценз олж авдаг. Сургуулийн захиргааны тодорхойлолт үнэн эсэхийг шалгахын тулд Сурган Хүмүүжүүлэх Зөвлөл бүх шинэ багш нарын 10%-ыг шалгаж, бие даасан үнэлгээ өгдөг нэмэлт даваа Сингапурт байдаг. Багш бэлтгэх гэж янз бүрээр үзсэн боловч дунд сургуулиас эхлэн сонголт хийх нь илүү үр дүнтэй байгааг олж харжээ. Тухайлбал: Белорусст дунд сургуулийн ахлах ангийн мэргэжил сонголтод багш (сурган хүмүүжүүлэх) мэргэжлийг оруулсан бөгөөд ийм сонголт хийсэн хүүхдүүд багшийн дээдэд орвол төлбөрийн хөнгөлөлт өгдөг болжээ. Энэ мэтээр тэргүүлэх ихэнхи орнууд дунд сургуулиас нь эхлэн багшийг сонгодог болсон байна. Багшлах мэргэжилд тохирох хүмүүст хүрэлцээтэй, ялангуяа анхны цалинг хангалттай олгох нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Боловсролоор тэргүүлэх ихэнхи орнууд багшийн анхдагч цалинг 1 хүнд ногдох ДНБ-ний 90-95% байхаар тогтоодог.

Туршлагаас үзэхэд багшийн гарааны цалин бусад салбараас дор байвал багш болох хүн олдохгүй болдог. Гэхдээ багшийн цалин зах зээлийн дунджаас илүү гарвал багш болохыг хүсэгчдийн чанар эргээд мууддаг байна.        


Англид багшийн цалин дээд сургууль төгссөгч бусад мэргэжилтнүүдээс бага зэрэг доогуур байдаг. Гэхдээ багшийн цалинг бага зэрэг (жи:10 %) нэмэхэд багшлахыг хүсэгчид 30%-иар нэмэгддэгийг судалж олжээ.    


Харин Швейцарт багшийн цалин 1 хүнд ногдох ДНБ-ний 116% буюу маш өндөр байдаг. Багшийн цалинг нэмэхэд багш болохыг хүсэгчдийн чанарт бараг нөлөөлөөгүй байна. Багшийн анхдагч цалин маш өндөр Испани, Герман, Швейцарт сургалтын чанар ахиж онцгой их дээшлээгүй аж.  Багш нарын цалингийн зөрүү нэлээд их ач холбогдолтой гэнэ. Жи: Финляндад багшийн анхдагч болон дээд цалингийн зөрүү 18% байдаг. Харин бусад тэргүүлэх орнуудад уг зөрүү 64% байдаг. Өмнөд Солонгос, Сингапурт анги дүүргэлтийг ихэсгэж, багшийн тоог бууруулах замаар багшийн цалинг нэмэх замаар явжээ. Гэхдээ л Өмнөд Солонгост 1 багшид ногдох сурагчдын тоо 30 байдаг. Харин бусад тэргүүлэх орнуудад 1 багшид 17 сурагч ногддог байна. Манайд бол анги дүүргэлтийг нэмэх ямар ч боломж байхгүй. Тэр тэргүй анги пиг дүүрэн байгаа. Тэгэхлээр багш нарын цалинг л нэмэх үлдэж байна.  


Багш мэргэжлийн нэр хүнд их чухал ач холбогдолтой. Манайд багшийг хүндэтгэж, ардын багш гэж хүндэтгэдэг байсан сайхан заншлыг буцаан сэргээвэл зохино. Барууны элдэв “онол” ярьж багшийг дорд үзэх тэнэг системдээ засвар оруулбал таарна.   

  

Багшийн нэр хүнд, зэрэг зиндаа өндөр байгаа оронд авъяас, чадвартай олон хүн багш болохоор тэмүүлдэг. Багшийн нэр хүнд унасан газар багш болохоос зугтаадаг. 

Англид ХХ зууны сүүл, XXI зууны эхээр мэргэжлийн багшийн дутагдалд оржээ. Ингээд дээд сургууль төгссөн хүмүүсийг багш болгох янз бүрийн арга зам бий болгож, уг асуудлыг амжилттай шийдвэрлэжээ. Сургалтын үр дүнг сайжруулах хамгийн үр дүнтэй арга бол багшлах чадварыг дээшлүүлэх явдал юм. Үүний тулд: туршлагатай сайн багш нар залуу багшид мэргэжлийн дадал олгох халамжлах хөдөлгөөн зохион байгуулах, багш нараа хөгжүүлж, багш нарын эвсэг, гар нийлсэн хамт олон болгож чадахуйц хүчтэй хүмүүсийг сургуулийн захирал болон бусад албан тушаалд дэвшүүлэх, багш нар бие биенээсээ суралцах боломжийг өргөтгөх зэрэг олон арга хэмжээ авдаг байна. Багшийн сургуулийн оюутнуудын сургалтын цагийн ихэнхийг шууд сургууль дээр дадлага хийдэг болгож байна. АНУ-ын “Teacher Residency” багшийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 7 хоногийн 4 өдрийг сургууль дээрээ ажилладаг. Англид багшийн боловсролын цагийн дөрөвний гурвыг сургууль дээр өнгөрөөдөг. Японд багшийн сургуулийн 1-р курсээс эхлэн 7 хоногийн 2 өдрийг сургууль дээр сургагч багшийн хяналт дор ажилладаг. Финляндад багшийн сургуулиудад хамтран ажиллах дунд сургуулиуд оноож өгдөг ба багш бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Багш нарыг бэлтгэх ажил болон явцад байнга мониторинг явуулж, судалгааны ажил хийж, энэ үндсэн дээр багш бэлтгэх хөтөлбөртөө засвар оруулдаг. 


Дээр дурдсан орнууд боловсролын салбартаа үсрэлт гаргахын тулд 15-25 жил тасралтгүй хөдөлмөрлөснийг цохон дурдах хэрэгтэй.


Туршлагыг шууд хуулбарлах аюултай


Боловсролоор тэргүүлэгч орнуудын эдгээр туршлага хэнд ч гэсэн сайхан санагдаж, улмаар энэ туршлагыг бушуухан авчихмаар санагдах нь мэдээж. Гэвч шууд хуулбарлаж яагаад ч болохгүй. Манайд хэрэгжүүлсэн олон гадаад туршлага үр дүн өгөхгүй нурсан олон түүх бэлхнээ байгаа. Монголын онцлогийг харгалзах гэсэн хамгийн том хүчин зүйлийг бид голдуу мартаж ирсэн. Монголын онцлог бол геополитикийн болон газар зүйн өвөрмөц байдал, соёл, хийгээд иргэншлийн ялгаа, хувь хүний сэтгэл зүй болон ментатитет зэрэг маш өвөрмөц шинжүүдтэй бөгөөд үүнийг үл тооцсон, үл харгалзсан, шууд хуулбарласан туршлага болгон бүтэлгүйтэх жамтай. Сайн багш бэлтгэхийн тулд багшийн багшийг сайн бэлтгэх ёстой. Миний ойлгож байгаагаар багшийн багш, монгол ойлголтоор Багшийн Дээдийн багш бэлтгэх ажил ихэд хоцрогдсон.


Манай багшийн боловсролд тулгамдсан зовлонтой асуудал бол багшийн ном, сурах бичиг гарын авлага өрөвдөлтэй байдалд орсон явдал юм. Өөрөөр хэлбэл “сурагчид нь номтой, багш нар нь номгүй” байна.


Багш нарын ном, сухар бичиг, гарын авлага байгаа боловч дур дураараа, голдуу бизнесийн зорилгоор хийдэг учраас үр өгөөж багатай, нэгдсэн арга зүйд зангидагдахгүй байна.  Ер нь дунд сургуулийн сурах бичгийг хувьчилж хувийн өмчөө болгодог сүлжээг таслан зогсоож, сурах бичгийг жил бүр өөрчилдөг тэнэг зангаа татахгүй бол манай боловсрол хэзээ ч өөдлөхгүй. Нэг сурах бичгийг ядвал 5 жил, чадвал 10 жил ашигладаг болох ёстой.

Дор хаяж л “Оны багш” конкурс үнэн хэрэг дээрээ шоу болон хувирчээ. Уг нь энэ конкурс багш нарын сонирхлыг татаж, өрсөлддөг шударга тэмцээн байх ёстой.

Монголд “Ардын багш ” нар олноороо төрөх болтугай..



Судлаач Х.Д.Ганхуяг.


Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу