ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 10 /DW/. Өчигдөр орой Иранд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаанууд дахин дэгдлээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хатуу ширүүн ажиллагаа явуулж, интернэтийн сүлжээг тасалсан хэдий ч Техран болон бусад том хотуудын гудамжинд олон мянган хүн гарч жагсчээ.
Дүрс бичлэгийг үзвэл, Ираны нийслэлийн Саадатабад гэдэг дүүрэгт жагсагчид хоолны сав нүдэж, “Хаменеид үхэл” хэмээн хашгиралдах үед хажуугаар өнгөрч буй машинууд дуут дохиогоо хангинуулж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Эсэргүүцлийн ажиллагаа ширүүсч буй энэ үед аюулаас хамгаалах албаны тусгай ангиуд Ираны нийслэлийн нэгэн гол авто зам дээр 10 м тутамд шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулсан байна.
Техран хотын дарга Алиреза Закани-гийн ярьснаар, баасан гаргийн шөнө дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр 50 гаруй банкны салбар, хэд хэдэн төрийн байгууллагын байр, 30 сүм шатаж сүйдсэн байна.
Иран дахь хүний эрхийн төвийн /CHRI/ мэдээллээр, Техран, Мешхед, Караж хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрчээ. HRANA агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 62 хүн амиа алдсаны 14 нь хүчний байгууллагын ажилтнууд, 48 нь жагсагчид байв. Мөн 2300 гаруй хүнийг баривчлан саатуулжээ.
Өчигдөр Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи эсэргүүцлийн ажиллагааг эрс буруушаагаад, түүнд оролцогчдыг “өдөөн турхирагчид” гэж нэрлэсэн байна. “Тэд зөвхөн Америкийн ерөнхийлөгчийг баярлуулахын тулд эвдлэн сүйтгэж байна” хэмээн тэрбээр хэллээ.
НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Иравани хэлэхдээ “тайван замаар явагдаж байсан эсэргүүцлийн ажиллагааг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа буюу вандализм болгон хувиргалаа” хэмээн АНУ, Израил хоёрыг буруушаасан байна.
Б.Адъяахүү
Ням - 01 сарын 11,
2026

Сэтгэгдэл1
Dear the people of Iran: Have the warriors courage. The road to Freedom is not long but not long. No one must violate freedom of choice.Freedom of voice. Social justice economic justice will prevail. Respect and honour those who sacrifice their lives a day of Victory. Sincerely Iron Leader the Great