sonin.mn

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарсан бөгөөд энэ сарын 28-нд байхаар тогтжээ.


Түүний ээлжит өрсөлдөгчөөр Мухамед Суморо гэгч 31 настай тулаанч тодорчээ. Суморо 2017 онд мэргэжлийн боксын ертөнцөд орж ирснээсээ хойш 16 тулаанд оролцохдоо 14 ялж, хоёр ялагдсан байна. Жиндээ чансаагаараа 141 дүгээрт эрэмбэтэй нэгэн аж. Э.Цэндбаатар, Суморо нарын тулаан энэ сарын 28-нд АНУ-ын Флорида мужийн Плант Сэндс хотын “Вайтсэндс эвент центр” спортын ордонд болно.


Манай тамирчин мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилттай яваа билээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотын хамгийн идэвхтэй Boxing Insider холбооны хоёр дахь жилийн баярын үйл ажиллагаа болох Holiday Fight Night 2 эвентийн голлох тулаанчдын нэг Доминиканы боксчин Йохан Васкестэй тулалдаж, наймдугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Ингэснээр мэргэжлийн бокст найм, Boxing Insider холбоонд дөрөв дэх ялалтаа байгуулаад байв. 



Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг