sonin.mn

Удахгүй Италид болох өвлийн Олимпын наадмын үеэр Оросын төрийн далбааг ямар нэгэн байдлаар ашиглахыг хориглох тухай шийдвэрийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ гаргажээ. Энэ тухай Шведийн Sveriges Radio радиостанц ОУОХ-ны хэвлэлийн албаны мэдээллийг эш татан уламжиллаа.


Энэ сарын 4-ний өдөр Оросын цаначин Савелий Коростелев “Тур де Ски” олон өдрийн уралдааны бөөн гараатай төрөлд 4-р байр эзэлсэн байна. Шагнал гардуулах ёслолын үеэр хэд хэдэн хөгжөөн дэмжигч Оросын төрийн далбааг намируулж байжээ.


“Оросын төрийн далбаа болон Оростой холбоотой бусад бэлгэдлийг Олимпын тоглолтын үеэр тайз индэр болон үзэгчдийн суудал дээр хэрэглэхийг хориглоно. "Тур де Ски" уралдааны үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд Оросын далбаа үзэгдсэний дараа энэхүү журмыг гаргалаа” гэж ОУОХ-ны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Италид болох бөгөөд Оросын тамирчид нейтрал буюу бие даасан статустайгаар, төрийн далбаа болон бусад бэлгэдэлгүйгээр оролцох юм. 




Б.Адъяахүү