sonin.mn

Норвегийн дасгалжуулагч Уле Гуннар Сульшер “Манчестер Юнайтед” багийн ахлах дасгалжуулагчаар эргэн ирж магадгүй байна гэж спортын сэтгүүлч Флориан Плеттенберг Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, МЮ клубын удирдлага өдгөө 52 настай Сульшертэй хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд улирал дуусах хүртэл тус багтай ажиллах боломжтой гэдгээ норвег дасгалжуулагч илэрхийлсэн байна.


“МЮ” клубийн удирдлага даваа гарагт Португалын дасгалжуулагч Рубен Аморимаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд тус багт тоглож байсан Даррен Флетчер ахлах дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь мэдээлж байснаар, “Кристал Пэлас” багийн дасгалжуулагч Оливер Гласнер, “Ипсвич”-ийн дасгалжуулагч Киран Маккен, мөн “Челси”-гээс халагдсан Энцо Марески, Германы шигшээгийн дасгалжуулагч Юлиан Нагельманн нарын аль нэг нь “МЮ”-д ирнэ гэж таамаглаж байв.


Одоо МЮ баг 20 тойргийн дараах байдлаар 31 оноотойгоор Английн Премьер лигийн тэмцээний хүснэгтийн 6 дугаарт бичигдэж байна.


У.Сульшер тус багт 1996-2007 онд тоглож байхдаа Аваргуудын лигт түрүүлж, Английн аваргаар 6 удаа шалгарчээ. Мөн тэрбээр “МЮ”-г 2018-2021 онд дасгалжуулахдаа багаа Европын Лигийн финалд хүргэж байв. Хамгийн сүүлд түүний дасгалжуулсан баг бол Туркийн “Бешикташ” бөгөөд өнгөрсөн оны 8 дугаар сард тус багаас явжээ. 


Б.Адъяахүү