Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадам ирэх долдугаар сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо хөшгөө нээнэ.
“Парис 2024” олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцуулжээ. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар олимпын наадам өрнөсөн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Францыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.
“Парис 2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх юм. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулсан бөгөөд алтан медаль 529 грамм /цэвэр алт 6г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийх аж.
Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн “Чаумет” брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Алт, мөнгө, хүрэл медалиудыг авч хадгалах юмсан.
Эйфелийн цамхагийн хэлтэрхий орсон гэдэгт итгээд манайхан одон медалиуддаа хэдэн барьсан хөшөө дурсгалаасаа эвдэж, хэмхэлж хийх вии