sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн тамирчин О.Төгс-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр саяхан болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн тамирчин гэдгээ дахин баталсан билээ.


 


Залуучуудын Азийн аварга


Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-12-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 64 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Ануужин огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл түүний араас эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд өрсөлдсөн О.Төгс-Эрдэнэ анх удаа насанд хүрэгчдийн Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэхүү амжилтаараа Ази тивийн аваргын ангилал тус бүрээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байгаа юм. О.Төгс-Эрдэнийн хувьд сүүлийн жилүүдэд амжилт нь өсөж, ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсаар байна. Үүний хамгийн ойрын жишээ нь 2023 онд Мексик улсад болсон залуучуудын ДАШТ. Энэхүү тэмцээнд О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр 95, 113 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирсан юм. Мөн 2022 онд Узбекистанд болсон хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний 71 кг-ийн жинд анхны алтан медалийг хүртэж, Монголын хүндийн өргөлтийн түүхэнд бас нэгэн шинэ түүхийг бичсэн юм.


 


М.Анхцэцэгийн үеэл дүү 


Хүндийн өргөлтийн шинэ үеийн төлөөлөл О.Төгс-Эрдэнийн хувьд энэ спортоор хичээллээд есөн жил болж байна. Түүнийг хүндийн өргөлтөд дурлуулсан хүн нь гавьяат тамирчин М.Анхцэцэг бөгөөд тэд үеэлүүд юм байна. Жаахан охин байхаасаа л эгчийнхээ спортод шамдан дурлаж, амжилт гаргахыг нь харах бахархалтай санагддаг байжээ. Ингээд эргэлт буцалтгүй хүчний спортоор хичээллэхээр шийдэж, Спортын төв ордныг зорьсон гэдэг. Анх штанг өргөж үзэхэд халширмаар хэцүү байсан ч нэгэнт өөртөө амласан амлалтдаа хүрэхийн төлөө шантралгүй бэлтгэлдээ шамдсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурджээ. Ийнхүү зургаан сар тууштай хичээллээд анхны тэмцээндээ орсон нь 2016 оны УАШТ байсан гэнэ. Энэхүү тэмцээнд 36 кг-ийн жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэнээр амжилтын буухиа нь эхэлжээ. Энэ үеэс хойш О.Төгс-Эрдэнэ цаг ямагт амжилтаа ахиулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулж, аварга эгчийнхээ араас аварга болохоор тэмүүлсэн яваа энэ цагийн шилдэг залуу тамирчдын нэг юм.



Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин