Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж, энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх таван асуудлын товыг танилцуулсан юм.
Хэлэлцэх асуудлын тэргүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.
Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг нийслэлийн нутаг дэвсгэрээс буюу Туул голын сав газраас ихээр олборлож байна. Энэ нь нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэх болсон.
Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох талаарх зохицуулалтыг хуульчлах шаардлагатай хэмээн хууль санаачлагч үзжээ.
Энэхүү хуулийн төслийг баталснаар эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөж буй иргэдээс гаргасан гомдлыг эрх бүхий байгууллага авч хэлэлцэх, хараат бус байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийх эрх зүйн орчинг бүрдэнэ.
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Усны газраас холбогдох судалгааг авч, ажилласан. Манай улсын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн нийт газрын хэмжээ 2021 оны байдлаар 11319 га-д хүрсэн, тэдгээрээс 2404.5 га газар нь Улаанбаатар орчмынх хэмээн танилцууллаа.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсэд давхцалтай 46 аж ахуйн нэгжийн 2950.7 га газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан боловч тухайн газруудад нөхөн сэргээлт хийхгүй орхисон зэрэг нь хуулийн төслийг санаачлах үүтгэл болсон гэдгийг хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан онцолсон юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ж.Батсуурь нар асуулт асуув. Тэд зөв зүйтэй төсөл санаачилсанд дэмжихээ илэрхийлэхээс гадна зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, орон нутгийн аж амьдралд тохирсон, шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрлэхүйц болгож өргөн хүрээнд харцгаая гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, энэ 7 хоногт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүнд суртал чирэгдлийг багасгаж, тусгай зөвшөөрлийг энгийн болгохоор тусгасан гэв.
Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийн асуултад хариулахдаа, хуулийн төслийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн санаачлан боловсруулсан. Жишээлбэл, Шувуун фабрик дахь айлуудын хашаанд тулгаад хайрга олборлож байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн. Мөн 46 аж ахуйн нэгж нүх ухаад орхичихсон.
Энэ хуулийн төслийн гол цөм нь иргэн гомдол гаргасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх, улмаар мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах тогтолцоо бүрдэнэ хэмээн тайлбарлалаа.
Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудалд холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг байлцуулж хэвших хэрэгтэйг сануулав.
Хуралдаан даргалагч Н.Учрал амьдралд нийцэхгүй хууль цөөнгүй байгааг тэмдэглээд, хүндрэл, саадыг арилгах хууль эрх зүйн чөлөөлөлтийг хийнэ. Төрийн оролцоог багасгана. Үүнд Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүй дэмжинэ гэдэгт найдаж байна хэмээлээ.
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Г.Ганбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд нарын асуулт, байр сууриар үргэлжилж, гишүүд нэгэнтээ хуулийн төсөл боловсруулж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх энэ цаг үед иргэдийн хүсэлт, тулгамдаж буй асуудлыг орхигдуулалгүй шийдвэрлэж, байгаль орчинд ээлтэй бодлого баримталж, асуудлыг цогцоор авч хэлэлцэхийн чухлыг сануулав.
Гишүүд үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалтыг түр хойшлуулсан юм. Хуралдаан товын дагуу хоёр дахь асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсний эцэст санал хураалт явууллаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 47 гишүүн дэмжсэн санал өгч, 51,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл0