Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотын айл өрх энэ жилээс хагас коксон түлшинд шилжээд байна. Хагас коксонд шилжих ямар шалтгаан нөхцөл байв. Хэрэглээнд нэвтрээд бас багагүй хугацаа өнгөрчихлөө. Эхний байдлаар ямар дүгнэлттэй байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Бид “MCS”-тэй мидлингийн гэрээ хийж, өнгөрсөн жилүүдэд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн. Гэрээ энэ оны гуравдугаар сарын нэгэнд дуусаж, “MCS” компанийн зүгээс цаашид мидлинг нийлүүлэх боломжгүй, гэрээгээ сунгахгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд Улаанбаатар хот галлагааны улиралд юу түлэх вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Энэ үед түүхий нүүрс рүү эргэж ухрахгүй гэдэг дээр бат зогссон.
Нийслэлчүүд 2018, 2019 он хүртэл түүхий нүүрс түлж, өмнөх машиныхаа гэрлийг харахгүй болтлоо хүнд байдалд орж үзсэн. Манай Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачид ч “ямар ч тохиолдолд түүхий нүүрс рүү ухарна гэсэн ойлголт байж болохгүй шүү, нөхцөл байдал улам хүндэрнэ” гэдгийг хэлж байсан.
Тэгээд эхний ээлжид Тавантолгойн уурхайн тэг давхаргын эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулаад түлш хийх шийдвэр гаргасан. Ингээд Тавантолгойн уурхайн тэг давхаргын эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулаад түлш хийж үзсэн. Харамсалтай нь шинжилгээний үр дүн тааруу, өмнө хэрэглэж байсан мидлингээсээ хоруу чанартай гарсан.
-Ер нь “MCS” яагаад гэрээгээ сунгахгүй гэсэн юм бэ. 2019 оноос хойш зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн шүү дээ. Магадгүй сайжруулалт хийгээд явах боломж байгаагүй юу?
-“MCS” компанийг элдвээр гоочиллоо шүү дээ. Бараг л устгаж барахгүй хогоо нийслэл рүү өгдөг гэх зүйл ярьсан. “MCS” компани ч нийгмийн буруу ойлголтоос залхаж, нийлүүлэлтээ зогсоосон байх. Бидний зүгээс өөрсдөө түлшээ үйлдвэрлэж, хэрэглэе гээд Шинжлэх ухааны академийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран туршилт хийсэн ч үр дүн олигтой гараагүй.
Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцээд, 2025-2026 оны галлагааны улиралд ард иргэдэд чанаргүй түлш нийлүүлж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан. Энэ цаг үетэй давхцаад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихсан, Хятадад ч хагас коксон түлшний үнэ боломжийн хэмжээнд хүрсэн байсан.
Ингээд нийслэлээс судалгаа хийж, БНХАУ-аас хагас коксон түлш импортолж авахаар шийдвэрлэсэн. Гэхдээ гэнэт огцом гаргасан шийдвэр биш гэдгийг тодотгох нь зүйтэй. Өмнө нь энэ түлшийг судлах ажлын хэсэг ажилласан байдаг. Мидлинг, хагас коксон түлшийг харьцуулсан лабораторийн шинжилгээнүүд ч хийсэн. Шинжилгээгээр хагас коксон түлш мидлингээс хоруу чанар нь хоёр дахин бага гарсан. Тиймээс бид дотоодын хагас коксын үйлдвэр байгуулах хүртлээ түлшээ импортоор авч хэрэглэх шийдвэр гаргасан юм. Хэрэглээнд нэвтрүүлэх явц ерөнхийдөө жигдэрч байна. Өдөр бүр www.agaar.mn сайтаас агаарын чанарын мэдээллийг хардаг. Улаанбаатар хотод байгаа суурин 19 харуулын мэдээгээр агаарын бохирдол өндөртэй ганцхан газар байгаа нь Баянхошуу орчим. Мөн Дамбадаржаа орчимд бохирдолтой байна. Бусад нь хэвийн шар түвшинд байгаа.
-Өнөөдрийн байдлаар 100 хувь хагас коксон түлш хэрэглэж байна уу. Мидлингтэйгээ хосолсон хэлбэрээр явж байна уу?
-Монгол Улс түүхэндээ нунтаг, задгай бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж байсан тохиолдол бараг байдаггүй. 1958 оны үед Орос Монголын гэрээгээр Хятадаас бүтээгдэхүүн импортолсон байдаг. Одоо үйлдвэрээс түлшээ татаж, Эрээнд өргөн царигтай вагоны талбайд буулгаад, тэндээс наашаа ачиж ирэх гээд техник ажиллагаа ихтэй байгаа нь үнэн. Коксон түлшинд шилжих шийдвэр ч нэлээн оройтож гарсан тал бий. Гэхдээ ид хүйтний үед иргэдээ түлшээр таслахгүй, нөөц бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Эхний ээлжинд мидлинг, хагас кокс түлшийг 1х4 харьцаатайгаар хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин энэ сарын 1-ээс эхлэн 100 хувь хагас коксон түлшээ хэрэглэж байна.

-“MCS”-ээс мидлинг нийлүүлэхээ зогсоосон шүү дээ. Одоо түлж байгаа мидлингээ хаанаас авч байгаа юм бэ?
-“Энержи ресурс”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэднээс авч байгаа мидлингээ уурын зуухуудад нийлүүлж байна.
-Олон нийтийн дунд түлш олдохгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Мөн үнийг яаж тогтоосон байдаг вэ?
-Өмнө нь түлшийг 500 орчим цэгээр гудамжны нүүрний эгнээнд худалддаг байсан. Энэ жил цэгүүдийн тоог цөөлж, 300 орчим болгосноос гадна гудамжны нүүрний эгнээнд зарахаа больсон. Одоогоор байдлаар 150 гаруй айл өрх картаар түлшээ авч байна. Мөн “Хотула” апплейкшнээр айлууд захиалгаа өгч, нийлүүлэлт хийж байна. “Хотула” апплейкшнд шилжсэнээр иргэд өөрт ойрхон цэгт захиалгаа өгөх боломжтой. Үнийн хувьд анх сайжруулсан түлшид шилжихэд Засгийн газрын тогтоол гарч байсан. Тус тогтоолд сайжруулсан түлшийг түүхий нүүрсний дундаж үнээс илүүгүй байна гэдгийг зааж өгсөн. Засгийн газрын өмнөх тогтоолыг мөрдлөг болгож, хагас коксон түлшний үнийг ч 5000 төгрөгөөр тогтоосон.
-Хятадаас бид хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
-Хил нөхцөлөөр нэг тонныг 730 гаруй мянган төгрөгөөр авч байна. Гааль, тээвэр, савлагаа, шуудайтайгаа нийлээд 1.3 сая орчим болж байна. Үүнийг 200 мянган төгрөгөөр айл өрхөд худалдаалж байна. Үнэ хэт зөрүүтэй ч Тавантолгой түлш ХХК дээр тодорхой зохицуулалтыг хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой”- гоос жилд 300 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг. Энэ үнэдээ бариулж байгаа. Хэрэглээ багасаж байна. Мидлингээр өдөрт дөрөв галладаг байсан бол хагас коксоор гурав галлаж түлшний хэмнэлт гарахаар байна.
Мөн “Таван Толгой түлш” ХХК өөрийн дотоод зардал, орон тоогоо багасгасан. Мидлинг үйлдвэрлэхээ больсноор зардлуудад тодорхой хэмнэлт гарч байгаа болов уу. Тээвэрлэлтэд гэхэд Монголоос төмрийн хүдэр, жонш ачаад гарч байгаа вагоныг ашиглаж байна. Шуудайны уутыг цаасан материалаар хийсэн. Учир нь айлууд түлшний үлдэгдлээ шуудайтайгаа түлчихдэг. Энэ нь агаар, орчныг бохирдуулах бас нэг эх үүсвэр болоод байгаа юм.
-Шуудайгаа бид дотооддоо үйлдвэрлэх боломж байхгүй юу?
-Бид бүх зүйлийг өөрсдөө үйлдвэрлээд байх боломжгүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань өртөг өндөртэй байдаг. Хятадын том зах зээл хажууханд байхад бид үүнийг ашиглах ёстой. Алдагдалтай тохиолдолд заавал өөрсдөө үйлдвэрлэх гээд хэрэггүй. Шуудайгаа дотоодын зах зээлээс авъя гэхээр үнийн саналууд хэт өндөр орж ирдэг.
-Та түрүүнд хагас коксын үйлдвэр гэж ярилаа шүү дээ. Ер нь цаашид бид агаарын бохирдлын асуудлыг гал унтраах түвшинд авч яваад байх юм уу?
-Багануурт хагас коксын үйлдвэр байгуулах Засгийн газрын тогтоол гарчихсан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хажууд байгуулах байсан ч нийслэлд шилжүүлээд асуудал жаахан хойшилсон тал бий. Үйлдвэрийн ТЭЗҮ хийгдээд дуусаж байгаа байх. 2026 оны эхээр нийслэл рүү шилжүүлэх шийдвэр баталгаажиж, төслийн хэрэгжилт эрчимжинэ гэсэн хүлээлттэй байна.
Тендер зарлагдаад 1-2 жил болох болов уу. Үйлдвэрийн эхний шугам нь зөвхөн нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх хагас коксон түлш үйлдвэрлэнэ. Тэгэхээр их өөдрөгөөр бодоход ирэх өвлөөс бид эх орондоо үйлдвэрлэсэн түлшээ түлнэ. Гэхдээ төсөл өөрөө хэцүү л дээ. Ямар ч маргаан гарахыг үгүйсгэхгүй.
Дараагийн нэг хувилбар нь Дорноговь аймагт антрацит нүүрс байна. Асах чанар сайтай, сайн нүүрс. Үүнийг Тавантолгойн уурхайн өндөр килокалоритой нүүрстэй хольж, түлш гаргаад нэг жилдээ хэрэглэе гэдэг зүйлийг ярьж байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч байна. Хэрэв лабораторийн шинжилгээний дүнгээр асалт нь гайгүй гарвал бид нэг жилдээ хэрэглээд цаашдаа хагас коксоо хэрэглээд явах боломжтой гэж харж байна. Агаарын бохирдлын асуудлыг урт хугацаандаа шийдэх нь мэдээж чухал. Орон сууцжуулах, хийн газанд шилжүүлэх асуудал ч яригдаж байгаа.
-Хийн түлш буюу газанд шилжих нь хэр оновчтой шийдэл вэ?
-Нийслэлийн хэмжээнд эхний ээлжид 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх гэж байна. Ирэх оноос эхлэх байх. Айлуудыг дулаалж байна. Ер нь манайхан нийтлэг айлын эрх хүүхэд шиг хандлагатай.
Дулаалъя гэхээр дулаалгад оролцохгүй, хойшлуулъя гэдэг. Хийн түлш харьцангуй өртөг өндөртэй учраас тухайн айлыг зайлшгүй дулаалсан тохиолдолд хэрэглэнэ шүү дээ. Зарим нь зардлын 30 хувийг нийслэлээс гаргаж, 70 хувиа төлнө гэхээр татгалзаж байна.
Энэ ажилд олон нийтийн оролцоо бас чухал байна. Ер нь бид утаанаасаа бүрэн салъя гэвэл хатуу түлшнээсээ л салах хэрэгтэй. Нүүрсийг яаж ч сайжруулаад утаа гарах нь л тодорхой шүү дээ. Түлшээ модоор асаана. Хэмжээд үзэхэд модны угаар ч өндөр байдаг. Өнгөрсөн хавар бидэнд ОХУ-ын модоор хийсэн түлш санал болгож байсан. Их аятайхан цэвэрхэн. Тэгээд шинжилгээнд өгсөн ч үр дүн тааруу гарсан.
-Хагас коксон түлшний шинжилгээний дүн ер нь яаж гарсан байдаг вэ?
-БНХАУ-ын үйлдвэрлэгч компани яг адилхан стандартаар 27 сая.тонныг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Бид түүнээс нь багахан хэсгийг хэрэглэж байна. Тиймээс хагас коксон түлшний чанарт эргэлзээд байх шаардлагагүй. Зөвхөн Монголд зориулаад чанар стандартаа өөрчилж, зардлаа нэмээд муу түлш үйлдвэрлэнэ гэж байхгүй.
Мөн Хятадын улсын компанитай гэрээ хийсэн. Улсын үйлдвэрүүдийн хяналт их, хуулийн шаардлага ч өндөр байдаг. Тэгэхээр хагас кокс түлшинд тээнэгэлзэх юм байхгүй. Ер нь итгэлийн индекс алдрах тусам зардал нэмэгдэнэ.
Манай “Тавантолгой түлш”-ийнхэн түлшээ баталгаажуулахын тулд маш их зарлага гаргаж, лабораториудад шинжлүүлж байна. Хятадад байгаа лаборатори, Эрээн дээр ирээд дахиад олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна. Тэгээд орж ирэхэд нь гааль шинжилж байна. Дахиад итгэмжлэгдсэн лабораториуд 3-4 удаа шинжилж, тэр болгонд маш их зардал гардаг. Ердөөсөө л сайн гэдгийг нь л батлах гэж тэр шүү дээ.
-Тэгэхээр одоо түлшний чанарт эргэлзээгүй, дэд бүтцийг Тавантолгой түлш, нийслэл хариуцаж байна. Энэ өвөл нийслэлчүүд амгалан өвөлжиж болох нь гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Түүхий нүүрс хэрэглэж байх үед ямар үнэртэй, ямар нөхцөл байдалд байсныг бүгдээрээ мэднэ. 2019-2020 онд мидлингээр хийсэн сайжруулсан түлшинд шилжихэд иргэд “Өөр юм үнэртээд байна, химийн бодис юм биш үү” гэж эргэлзэхэд гадаад, дотоодын янз бүрийн лабораторид шинжлүүлдэг байсан. Яг л манай лабораторийн шинжилгээг баталгаажуулдаг. Одоо хагас кокс руу шилжлээ. Дахиад л нөгөө гомдол бидэнд ирж байна. Үнэр нь өөр байна гээд л. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” угаар мэдрэгч төхөөрөмжтэй айлуудыг хянадаг. Хяналтын нэгдсэн системээр айл бүрийг ажиглаж, угаар хий мэдрэгдсэн айлууд ч утасдаж, сэрэмжлүүлэг өгдөг. Мэдрэгчээ салгасан дохиолол ч ирдэг. Тэгэхээр айлууд мэдрэгчээ байнга ажиллуулж, дохиолол дуугарсан бол унтраах биш цонх, хаалгаа онгойлгож, агаар сэлгэлт хийхэд анхаарах нь чухал байна.
-Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг нийслэл рүү шилжүүлэх шийдвэр гаргасан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байсан бэ?
-Нийслэл рүү шилжсэнээр асуудал эзэнтэй болсон гэж ойлгож байгаа. Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нийслэл өөрөө хариуцах нь зөв.
-Гэр хорооллын айл өрхөөс гадна автомашины утаа бас нэлээд хувийг эзэлдэг шүү дээ. Энэ асуудал хэрхэн анхаарч байна вэ?
-ЖАЙКА-гийн мэргэжилтнүүдийн судалгаанаас агаарын бохирдлын 55 хувь нь айл өрхөөс, 15.5 хувь нь уурын зуух станцаас 30 орчим хувь нь автомашинаас үүсэж байна гэсэн. Энэ бол хуучин судалгааны үр дүн. Одоо энэ тоо дахиад ч нэмэгдэх байх.
Ер нь одоо АИ-92 түлшийг Монголоос өөр хэрэглэдэг газар байдаг юм уу. Энэ асуудлаар бид Аж үйлдвэр,эрдэс баялгийн яамны холбогдох хүмүүстэй уулзсан. Цаашид Евро-5 руу шилжүүлье гэдэг асуудлыг ярьж байна.
Мөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хотын Засаг дарга нарын хамтарсан бүсийн журам гарсан. Ийм бүсүүдэд Евро 2-ыг худалдаалахгүй гэсэн. Үүн дээр нэг л асуудал байгаа. Евро-5 арай үнэтэй шүү дээ. Гэхдээ бид “Дөтийн замыг туулж байж дөрөв хононо” гэдэг шиг хямдхан юм хэрэглээд хэмнэсэн мөнгөө эрүүл мэнддээ зарцуулаад өөрсдийгөө хордуулаад байж болохгүй.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл2
Багануурт барих хагас коксжсон түлшний үйлдвэрээ л хурдан барьж ашиглалтад оруулах хэрэгтэй юм байна даа! УБ хот ойрын 10-20 жилдээ гэр хороолол байдгаараа байх биз?
Үндэсний хороон дарга за тэр ухаант эрдэмтэнгүүд ер шийдвэр гаргагчдаас гэр хороололд амьдарч түлш өөрсдөө түлж үзсэн хүн байдаг болов уу. Дандаа л хөндий хоосон баахан онол стандарт ярьсан хүмүүс. Энэ гарцаагүй байдлыг ашиглан яаж ахиухан мөнгө хийж болох вэ гэсэн бөөн өрсөлдөөн. Захын хороололууд шигшсэн нүүрс (мидлинг) түлж байгаа элчтэй, нөгөөхөөсөө амархан асна. Багануурын шигшсэн нүүрс ийм л байсан. 1-2 мянган км-ийн цаанаас авахаар сайхан болчихдог юм байх даа. Нүүрс түлэх муухай л даа. Аль хэдийн хий болон цахилгаанаар хангах түмэн боломж байсан. Одоо дахиад нүүрсний үйлдвэр барьж байгаа юм байна л даа.