БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /TASS/. Камбожийн зэвсэгт хүчин Тайландтай залгаа хилийн бүсэд дахин гал нээжээ. Хил дээрх байдал хурцадмал хэвээр байгаа тухай Тайландын хуурай замын цэргийн хүчний хоёрдугаар тойргоос мэдээлсэн байна.
“Энэ сарын 8-нд Камбожийн тал Чон Ан Ма орчмын бүсэд гал нээсэн. Бид журмын дагуу хариу гал нээлээ. Тухайн бүсийн нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна” гэж мэдээлэлд дурджээ. Мэдээллээс үзвэл хоёр тал орон нутгийн цагаар 05:00, 06:00 цагт харилцан гал нээсэн байна.
Камбожийн цэргүүд Тайландын байрлал руу нийт хоёр удаа гал нээжээ. Мөн Камбожийн нутагт Т-55 танкуудын хөдөлгөөн илэрсэн бөгөөд хил орчмын бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэж мэдээлэлд дурдсан байна. Пхлан Хин Пэт Кон бүсэд болсон зэвсэгт тулгаралтын дараа Камбожийн цэргүүдийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Мөн хилийн бүх хэсэгт бэлэн байдлыг дээшлүүлсэн тухай Тайландын хуурай замын цэргийн хүчний хоёрдугаар тойргийн шуурхай удирдлагын төв мэдээллээ.
Тайландын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Никондет Пхалангкун мэдэгдэхдээ, манай цэргүүд Камбожийн цэргүүд гал нээсний хариуд өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн бөгөөд мөргөлдөөний улмаас хоёр цэрэг шархадсан гэжээ.
“Тайландын цэргүүд эхэлж гал нээсэн гэж Камбожийн Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэнийг Тайландын Эзэн хааны арми эрс няцааж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Тайландын хуурай замын цэргийн хүчний хоёрдугаар тойргийн командлагч бүх анги нэгтгэлээ байлдааны бэлэн байдалд бүрэн шилжүүлэх тушаал өгсөн байна.
Мөн нөхцөл байдал тодорхойгүй, улам хурцдах эрсдэлтэй байгаатай холбогдуулан Бурирам, Сурин, Сисакет, Убонратчатхани мужуудын хил орчмын бүсийн оршин суугчдад “иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу тусгайлан бэлтгэсэн хоргодох байр руу нүүхийг” зөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл0