sonin.mn

АНУ-ын төрийн аппаратын үр ашгийг дээшлүүлэх зорилготойгоор бизнесмен Илон Маскийн санаачилгаар байгуулагдсан Төрийн үйл ажиллагааны үр ашигтай байдлын департамент (DOGE) албан ёсоор татан буугдсаныг Хүний нөөцийн удирдлагын газар (OPM)-ын захирал Скотт Купор мэдэгдлээ.


Купор Reuters агентлагт өгөхдөө, “Тийм байгууллага одоо байхгүй” хэмээн онцолж, DOGE “төвлөрсөн нэгжийн статусаа бүрэн алдаад байна” гэж нэмж хэлжээ.


Түүний мэдээлснээр, татан буугдсан агентлагийн олон үндсэн чиг үүргийг OPM өөртөө шилжүүлэн авч, Засгийн газрын дотоод үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад нэгтгэн хэрэгжүүлж буй аж.


DOGE нь Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөсний дараахан Засгийн газрын бүтцийг багасгах, хэт бюрократизмыг бууруулах цогц арга хэмжээний нэг хэсэг болгон байгуулагдсан бөгөөд агентлагийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх хариуцлагыг Маскт даалгасан билээ. Гэсэн ч байгууллага товлосон хугацаанаасаа найман сарын өмнө ийнхүү татан буугдаж байна.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: tass.com