МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 14 /TASS/. Ираны Гадаад хэргийн яам Техранд суугаа Их Британийн Элчин сайдыг дахин дуудаж, Фэрфорд агаарын цэргийн баазын ойролцоо болсон хэрэг явдалд Исламын Бүгд Найрамдах Иран Улс оролцсон гэх мэдэгдлээ нотлох баримтыг нэн даруй гаргаж өгөхийг шаардсан тухай тус улсын төрийн мэдлийн "Press TV" телевизийн суваг мэдээлжээ.
Их Британийн Элчин сайд Хьюго Шортерыг мягмар гарагт Гадаад хэргийн яаманд дуудсан байна.
Ираны Гадаад хэргийн дэд сайдын туслах, Баруун Европын асуудал эрхэлсэн газрын дарга Алиреза Юсефи Их Британийн талаас Ираныг буруутгасан мэдэгдлүүдийг шүүмжилжээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Их Британийн Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн хууль эрх зүйн үүргээ зөрчиж, Ираны эсрэг чиглэсэн кампанит ажилд оролцож байна гэж мэдэгдсэн байна.
Фэрфордын хэмээн нэрлэж буй хэрэг явдалд буруутгахад үндэслэл болох аливаа баримт бичиг, нотлох баримтыг нэн даруй гаргаж өгөхийг тэрбээр шаардаад эс бөгөөс Их Британитай тогтоосон хоёр талын харилцаагаа нухацтай эргэн харж, үүсэх үр дагаврын хариуцлагыг Их Британийн Засгийн газарт хүлээлгэнэ гэж анхааруулжээ.
Есдүгээр сарын сүүлчээр Их Британийн Глостершир муж дахь Хатан хааны Агаарын цэргийн хүчний Фэрфорд баазын ойролцоо явуулсан ажиллагааг Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус удирдан зохион байгуулсан гэж Их Британийн Ерөнхий сайд Энди Бернэм өмнө нь мэдэгдсэн байна. “Энэ хэргийг Иранаас удирдан зохион байгуулсан байх өндөр магадлалтай, үндсэндээ Исламын хувьсгалт гвардийн корпусын удирдлага дор явуулсан гэсэн бидний дүгнэлтийг би баталж байна” гэж тэрбээр парламентын хуралдааны үеэр хэлжээ.
Э.Бернэм мөн Иранаас болон Исламын хувьсгалт гвардийн корпусаас Их Британид хохирол учруулахаас сэргийлэх хориг арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.
Есдүгээр сарын 27-нд Их Британийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд агаарын цэргийн уг баазын ойролцоо байрлуулсан сэжиг бүхий гурван фургоныг илрүүлжээ. Тухайн үед АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч онгоцууд ашиглаж байсан тус баазад террорист халдлага үйлдэхээр бэлтгэсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэн Их Британийн таван иргэнийг баривчилсан байна. Гэвч нотлох баримт хангалтгүй байсан тул тэднийг барьцаагаар суллажээ. Дээрх хэрэг явдлаас долоо хоногийн дараа АНУ-ын Агаарын цэргийн хүчин тус баазад байрлаж байсан B-1B Lancer загварын стратегийн бөмбөгдөгч 12 онгоцоо АНУ руу шилжүүлэн байрлуулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл0