sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны аравдугаар сарын 14 /Xinhua/. Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулжээ. Ийнхүү өсгөх болсон гол шалтгаанаа тус сан хиймэл оюуны салбарт хийгдэж буй их хэмжээний хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч геополитик, технологийн харилцан уялдаатай нөлөөлөл дэлхийн эдийн засагт "бутрал, задрал" үүсгэхэд хүргэж байгааг анхааруулжээ.


ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хамгийн сүүлийн тайлангаа мягмар гарагт нийтэлж, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг долоодугаар сард гаргасан өмнөх төсөөллөөсөө 0.1 нэгж хувиар нэмэгдүүлж, 3.1 хувь болгосон байна.


Тус сан Ойрх Дорнодод үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн, худалдааны харилцаан дахь хурцадмал байдал намжаагүй байгааг онцолжээ. Гэсэн хэдий ч хиймэл оюунд оруулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт, эрчим хүчний нийлүүлэлтийн чиглэлийг өөр чиглэлд шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүд нь өнөөг хүртэл эдийн засагт учирсан хямрал, доргилтыг даван туулахад улс орнуудад тусалсан гэж тайланд дурдсан байна. 


ОУВС АНУ-ын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө хэвээр үлдээжээ. Еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийг 1.1 хувь байхаар тооцсон нь өмнөх төсөөллөөс 0.2 нэгж хувиар өсгөсөн байна. 


Одоогоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн 95 хувийг 32 улсын эдийн засаг бүрдүүлж байгааг ОУВС мэдээлсэн байна. Түүнчлэн тус сан нийт улс орнуудын 47 орчим хувийнх нь өсөлтийн таамгийг бууруулжээ. ОУВС-гийн тэмдэглэснээр, эдийн засгийн өсөлт улс орнуудын хооронд дахин хуваарилагдаж байна. Үүнд дайны улмаас нийлүүлэлт тасалдах эрсдэлд өртөх байдал болон хиймэл оюун ухаантай холбоотой технологийн эрэлт өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа аж.


Түүнчлэн ашигт ажиллагаа болон бүтээмжийн хэтийн төлөвт өгч буй үнэлгээг дахин хянавал хиймэл оюун ухаанд оруулах хөрөнгө оруулалт огцом буурч болзошгүйг тус сан анхааруулжээ.


Дэлхийн эдийн засгийн өсөлт "улс орнуудын хооронд дахин хуваарилагдаж байна" гэж ОУВС-гийн тайланд онцолжээ. Үүнд дайн тулаанаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдалд өртөх эрсдэл, хиймэл оюунтай холбоотой технологийн эрэлт өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа ажээ. Мөн өрийн хэмжээ, төсвийн зарлага их байгаа нөхцөлд засгийн газрууд төсвийн боломж, нөөцөө нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлэх шаардлагатай байгааг ОУВС онцолсон байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг