sonin.mn

Жил бүрийн 10-р сарын 23-нд “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Залуучууд Цэнгээнт Нэвтрүүлгийн алба, “Үндэсний төв номын сан”, TENX Gatering ХХК, “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн Монгол дах хөтөлбөрийн газартай хамтран “Ирвэсийн найзууд” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ өдөрлөг нь Улаанбаатар хотод сурч амьдардаг хүүхэд багачуудад ирвэсийн экологийн ач холбогдол, зан төлөв, амьдралын онцлог, бүс нутаг, идэш тэжээл, аюул заналын талаар мэдлэг ойлголт олгож, хамгаалах арга зүйг таниулан сурталчилах зорилготой.


Өдөрлөгт Нийслэлийн Ерөнхий Боловсролын 67, 4, 84, 5, 116-р сургууль болон “Амгалан” цогцолбор сургууль, “Уудам Монгол” сургуулийн сурагчид оролцож танин мэдэхүйн АХА тэмцээнээр ирвэсийн талаарх мэдлэгээ сорьж, “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж сонирхлоо.


Мөн энэ үеэр “Цоохор найз” номын зохиолч Ю.Санжаагончиг хүүхдүүдтэй номныхоо талаар ярилцаж, Биологич, залуу судлаач Тэмүүлэн “Цоохор ирвэсийн амьдралын онцлог, идэш тэжээл, аюул занал, хамгаалах арга зүй” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэсэн. “Ирвэсийн найзууд” өдөрлөгийн төгсгөлд хүүхдүүд багт хуваагдан “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-өөр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргалаа.