
“Дүдү ногоон машинаараа
Давхиж явна зам дээрээ
Дүүрэн инээмсэглэлтэй
Дүү нар минь хамтдаа” гэх хүүхдийн дууны мөрт та бидний сэтгэлд хэдийнээ танил байгаа болов уу. Амьдралын жамаар бид нас нэмж том болдог ч дотоод зүрх сэтгэлд нь бяцхан хүүхэд нь нуугдаж байдаг гэлтэй. Тэр тусмаа эрчүүд аав болсон хойноо ч бага насныхаа дурсамжийг сэргээж хүүхдүүдтэйгээ машинаар тоглох нь хэвийн үзэгдэл. Харин багадаа тоглох дуртай машинаа том болсон хойноо ч модель хэлбэрээр үргэлжлүүлэн цуглуулж, хобби болгосон хүн ховор болов уу. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор модель машин цуглуулагч Н.Амарбаясгаланг урьж ярилцсан юм. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй ч хоббигоо ийнхүү хөгжүүлж, өөрийн бяцхан урланг зорьж ирсэн хүмүүст хүссэн машиныг нь урлаж, сэтгэлийг нь дүүргээд гаргадаг нэгэн билээ.
-Монголчуудын хамгийн сайн мэдэх “УАЗ 469”, “ЗИЛ 130” тэргүүтэй машинууд төрөл төрлөөрөө урланд нь өрөөтэй байна. Хоббигоо ингэтлээ хөгжүүлсэн хүн ховор болов уу?
-Би багаасаа машинд дуртай байсан. 2000-аад оны үед авто загварууд ховор байлаа. Тухайн үед авто загвар, масштабын модель гэдэг ойлголт байхгүй тоглоом гэж хардаг байж. Тиймээс 19, 20 хүрээд нөгөөдхөө дэлгүүрээс авах гэхээр ичнэ.
Одоо ч гэсэн манай ихэнх эрчүүд масштабын моделийг тоглоомын машинтай андуурдаг. Энэ бол тухайн машины бодит загварын хэмжээг багасгаж хийсэн загвар юм. Дөрвөн жилийн өмнөөс цуглуулж эхлээд 400 гаруй авто загвартай болсон байна.
Бүгдийг нь цуглуулахад 10 мянга орчим машин болох байх. Ингэхдээ “Газ”-ын загварыг тусгайлан сонирхдог тул бүгдийг цуглуулаад байгаа. Энэ урландаа зарим нэгээс нь тавьсан. Ихэнх загварууд маань гэрт бий. Мөн сүүлийн үед “Дип” гэхчлэн чанартай брэндүүдийг их цуглуулж байна. Эдийн засгийн боломжтой үедээ цуглуулаад захиалаад явдаг
-Та цуглуулахаас гадна цор ганц авто моделийг бас урладаг юм билээ?
-Бүтээл гэдэг хүний сэтгэлээс гардаг зүйл. Би Хөвсгөлийн Хатгалд өссөн юм. Ээж маань түргэний эмч. Намайг харах хүнгүй үед холын дуудлагад дагуулаад явна. Ингэхээр “Уаз 469”, “Москвич” гэхчлэн Оросын олон машинд хүүхэд насныхаа багагүй хугацааг өнгөрөөсөн. Машинд дуртай болсон минь үүнтэй холбоотой байх гэж боддог. Манай нутагт модны машин их явдаг байлаа. Хүүхэд насны дурсамжид машины дуу чимээ, үнэр хоёр тод үлдсэн байдаг. Тиймээс хүүхэд байхдаа хамгийн их харсан “Сисчер” гээд машиныг өөртөө зориулж анх хийж байлаа. Энийг хүмүүс “Зарах уу” гэж их асуудаг. Ганц энэ загвар гэлтгүй өөртөө зориулж, сүнсээ шингээж хийсэн загвараа бол зардаггүй. Заримдаа моделиудаа хараад суух үнэхээр гоё байдаг.
-Тэгвэл мэргэжлээ сонгоход нь бас ээж нь нөлөөлсөн үү?
-Монголчууд гэлтгүй дэлхийд эмчийн хүүхэд эмч, багшийн хүүхэд багш болдог жишиг бий. Магадгүй эцэг эх нь хамгийн сайн сурч мэдсэн зүйлээ үр хүүхдэдээ өвлүүлж байгаа хэлбэр юм болов уу гэж боддог. Би багадаа нисгэгч болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ эмч мэргэжилдээ дуртай. Хавдар судлал, ХӨСҮТ гэхчлэн ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сард шинэ хүнээ өлгийдөж аваад гэртээ байна.
-Амьдралынхаа нэг хэсэг болсон машиныг дурсамж болгон хадгалах хүмүүс их байдаг санагдсан?
-Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан байдаг. 30, 40 жилийн өмнө “Зил-130” машиндаа ачаа ачиж, 1 сая километр туулж байсан тээврийн жолооч нарын амьдрал, дурсамж нь тэр төмөр хүлэгтээ л холбогдсон байдаг. Зарим хүмүүс машинаа зарсныхаа дараа над руу ярьдаг.
“Хоолонд минь хүргэсэн унаа байгаа юм. Дурсамж болгон хадгалсаар байна” гэдэг. Тэр дурсамжийг нь бүтээл болгон жижиг модель хэлбэрээр урлаж өгдөг.
Дээр үед эмэгтэй тээврийн жолооч нар ч цөөнгүй байсан юм билээ. Үр хүүхдүүд нь аав ээжийнхээ тэр машинтай яг адилхныг хийлгэхээр ирж уулзаад эсвэл манай “Бүх төрлийн модель загвар дагалдах хэрэгслийн худалдаа захиалга” пэйж рүү холбогддог. Ингэхдээ дурсамжаа л ярьдаг юм билээ. Харин дурсамж дүүрэн тэр машиныг нь яг зурган дээрх шиг нь урлаад захиалагчдаа өгөхөд нүд нь гэрэлтээд л ирдэг. Үнэхээр гоё мэдрэмж шүү.
-Энэ жил Монгол Улсад авто тээврийн үндэсний төв үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо. Үүгээрээ бас их утга учиртай байсан болов уу?
-Тийм ээ. Би 21 аймгийн бараг бүх авто тээврийн баазын болон онцгой байдлын албаны машиныг хийсэн. Түүнчлэн олон “Зил-130” машиныг тухайн хүний унаж байснаар нь дугаарыг нь тавиад тоноглолтой нь хийж өгсөн. Зарим тохиолдолд хүн сууж байгаагаар ч хийлээ. Энэ машин нь түүхэндээ газ хэлбэрээр, Сибирийн хүйтэнд зориулагдсан гэхчлэн олон хувилбараар 3.5 сая гаруй үйлдвэрлэгдсэн. Ингэхдээ манай улсын олон баазад ирж, монгол хүний сэтгэл хоногштолоо төлөвлөгөө норм биелүүлж явсан байгаа юм. Тиймээс монголчууд их хайртай байдаг.
-Модель машиныг яаж урладаг юм бэ?
-Зах зээлд модель нь хоёр янз байдаг. Ингэхдээ бэлэн эсвэл угсардаг. Бидний хувьд угсардаг загварт өнгө будаг тавьж, захиалагчийн хүссэнтэй адилхан болгож өгдөг. Зарим жижиг хэсгийг эндээ мөн хийдэг. Тухайлбал, “Зил 130” машины өндөрлөгөө зэрэг байна. Түүнчлэн өвс, мод, будаа ачиж байсан машин бол яг тэрийгээ ачсан байгаа хэлбэрээр нь хийнэ. Бүх зүйлийг нь гараараа хийдэг залуус ч байдаг юм билээ.
-Цуглуулагчдад модель машины масштабын хэмжээ, брэнд гэхчлэн нарийн зүйл байдаг. Анх сонирхож байгаа хүмүүс юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Модель машинд тухайн бодит загварыг хэд дахин багасгаснаас хамаараад үндсэн зургаан төрлийн масштабын хэмжээ байдаг. Энэ нь 1:18, 1:24, 1:35, 1:43, 1:64, 1:72 масштабууд юм. Тухайн үйлдвэрийн онцлогоос хамаараад сонгосон нэг загвараараа үйлдвэрлэхээс гадна хийцээсээ хамаараад цөөн тоогоор үнэтэй гаргах нь бас бий.
Тодруулбал, 1980 оны Москвагийн олимп зориулж “Дип” брэнд “Зил-130” машины 240 ширхэг тусгай загварыг үйлдвэрлэсэн. Ингэхдээ тухайн “Зил 130” шиг хаалга дээрээ Москвагийн олимп гээд бичигтэй байхын сацуу модель бүр дэс дараагаараа сертипикадтай.
Үүнийг дахиж үйлдвэрлэхгүй болохоор цаг хугацаа явах тусам цуглуулагч нарын дунд эрэлт ихтэй болдог жишээтэй. Авто загвараас гадна нисэх болон усан онгоцны загвар сонирхдог хүмүүс байна. Ингэхээр өөрсдийн сонирхолд нийцүүлээд угсардаг загвараар нь аваад чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үнийн хувьд цуглуулахад хамгийн боломжтой нь 1:64, 1:43 масштабууд юм. Масштабын хэмжээ томрохоор деталиуд нь илүү нарийн гоё болоод үнэ нэмэгдэх жишигтэй.
-Хэрэглээгээ дагаад залуусын цуглуулах машины загварууд өөрчлөгдөх болов уу?
-Мэдээж тодорхой хэмжээнд өөрчлөгдөх байх гэж бодож байна. Гэхдээ автомашины түүх хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ирээдүйд энэ машинууд байхгүй болсон ч автомашинд дуртай хүн бол өмнөх үеийн түүхийг дагаад л судална. Эрт үед гэлтгүй одоо ч гэсэн цэрэг армийн зориулалттайгаар автомашин хөгжиж байна. Оросын ихэнх машин “Хүйтэн дайн”-ы үед байлдааны зориулалттай гарч байсан ч хожим иргэний зориулалтай болсон байдаг.
Энэ олон машин дундаас түүхийн хувьд хамгийн сонирхолтой санагддаг нь 1970-аад оны сүүлээр нумыг нь цөөлж иргэний зориулалттай болгосон “Уаз-469” машин байна. Энэ цуглуулсан байгаа орос машинуудыг би унаж үзээгүй.
Харин “Приус” зэрэг машин монголчууд гэлтгүй дэлхий нийтийн унаа болж байна. Байгаль орчин, эдийн засаг гээд олон давуу талтай. Би ч өөрөө унах дуртай. Тиймээс бүх загварыг мөн цуглуулж байна. Мөн боломж олдвол машинтай аялах дуртай. Одоо гэр бүлээрээ “overland” аялал Европоос эхэлж хийх гээд төлөвлөж байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Gaihaltai mundag zaluuu bna
Gaihaltai mundag zaluuu bna