sonin.mn

Бибээр Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад хорин хэдэн жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Би түрэмгий дайныг эсэргүүцэгч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Би судлаач биш, түүхч биш, зурдаг, бичдэг уран бүтээлч гэж ойлгоорой! Намайг Орос-Украины дайны талаар нийтлэлүүд бичлээ гээд элдвээр харааж зүхдэг хүмүүс бий бий. Гэхдээ яахав дээ, тэд маань баахан хараал урсгаж кайф авч, сэтгэл нь тайвширдаг шиг байгаа юм. Хүнийг тайвшруулж байгаа минь нэг ёсны хүнд тус болж буян үйлдэж байна гэж би боддог доо. Let it be! 

 

Трамп “Томохаук”-аа Украинд өгөхгүй цааргалаж байна. Арслан барсын хүчийг нэгэнт олсон Украин улсын хүчирхэг армийн гарт энэ аймшигт зэвсгийг атгуулбал тэд “шархадсан баавгайг”-г тасар татан хаяна гэдгийг тэр мэдэж байгаа. Хэрэв тэгвэл Орос орон задрах үзэгдэл хоромхон зуурын дотор болно. Шуураад л өнгөрнө.


Аливаа дарагуйлагч дэглэм хэрхэн яаж нуран унадгийг бид мэднэ. 2024 оны Сири, 2011 оны Ливи, Египет, Арабын бусад улсууд, 2002 оны Ирак... 1991 оны СССР, 1989 оны Румын... гээд урагшаа жирийтэл өрж болж байна. Дорнод Европын экс-соцууд бүгд л дэглэмээ нураалгасан даа. Гэвч эдгээрийг бүгд мэдэх учир ингээд зогсоё. Зүгээр л ийм юм болсон гэдгийг сануулж байгаа юм. Тэр үед үйл явдал өдрөөр биш, цагаар бүр минутаар хэмжигддэг гэдгийг монголчууд бид харсан, сонссон. Зарим нь бүр нүдээрээ харж биеэрээ туулсан. Тэр тухайгаа ч бичсэн байдаг. Аймшигт үзэгдлүүд нүд ирмэхийн зуур болж өнгөрдөг юм байна лээ, тэр бичснийг нь уншиж байхад. Энд ч дэлбэрээд, тэнд ч сүйрээд, аллага хядлага алиа алдана. Залгаад амьд үлдэгсэд өлсгөлөнд нэрвэгдэнэ, гэмт хэрэг гаарна... гэх мэтээр гинжин холбоогоор улс-нийгэм нуран унаж жинхэнээсээ тамд унаж байгааг янз бүрийн улс оронд болж байгаа золгүй, харамсалтай явдлуудыг бид харж, сонсож, уншиж байсан, одоо ч мөн адил. Та нар төсөөл дөө. Аврага том байшин нуран унахад хавь ойрын байшин барилга сүйрдэг, эвдэрч гэмтдэг дээ. Үүнтэй л адил юм болно.

 

Түүнтэй адил Орос гэдэг “нүсэр том байшин”-гийн бөөрөнд наалдсан манай жижигхэн “монгол гэр” юу болохыг бод доо. Оросууд биднийг одоо ч айлган дарамталж байдаг ба цаг нь тулбал гэрэл цахилгаанаа таслаж, бензин шатахуунгүй болгож чадна.


Гэхдээ тэгтлээ зай байна. Зүгээр л тэр том нүсэр орос байшин нурахад монгол гэр яах вэ гээд төсөөлөөд үз. Тэр үед мэдээлэл байхгүй. Facebook, X, бусад платформууд хаагдана. Гар утаснууд унтрана. Машинууд таг зогсоно. Хаана юу болоод байгаа юм бүү мэд. Ийм явдал Унгар, Словакт бас болно. Тэр хоёр хэт хамааралтайн гай нүүрлэнэ. Оросыг ингэчихэж магад хэмээн үүнийг урьдчилан тооцоолсон ухаалаг Балтийн орнууд Орос-Украины дайн эхэлснээс хойш өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдээ эрчимжүүлж Оросоос эрчим хүчний хараат байсан сүүлчийн хэлхээгээ 2024 оны сүүлчийн өдөр тасалсан. Гэтэл монголчууд бид бахь байдгаараа. Харин ч бүр “ийм байх ёстой” гээд нөгөө Оросын гар хөл болсон Ояа-нууд орилолдоод эрчим хүчний тусгаар тогтнолыг эсэргүүцэж хэд хэдэн төслийг унагаасан. Одоо ч тэд “эх оронч” дүрээр уриа лоозон орилж байгаад Франц улстай хамтран хөдөлгөхөөр зорьж байгаа “Uranium” төслийг юутай ч гацаачихад бэлэн байна. Энэ төслийг хөдөлгөх зорилготой Засгийн газраа унагачихлаа. Одоо болж байгаа Төр-засгийн хямралын цаад учир ийм байх гэж би бодож байна.


Эрчим хүчний тусгаар тогтнол бол улс орны тусгаар тогтнолын амин сүнс юм. Үүнийг ойлгосон манай зарим эрдэмтэд, улс төрчид, бизнесчид хэлж ухуулсан, хийж бүтээх гэж оролдсон. Харамсалтай нь өнөөдөр бид Оросын гар хөл болсон Ояа-нуудын гайгаар ийм байдалд орчихоод сууж байна.


Багануурын, Эгийн голын цахилгаан станцууд, нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд орчуулчихсан бол бид өнөөдөр арай өөр байдалд байх байлаа гэж. Юу ч гэхэв дээ. Заримдаа ч гутрах юм байна шүү дээ. Мөн манай эрчим хүчний тусгаар тогтнолд нэн хэрэгтэй байсан 4 тэрбум фунтын, америк доллараар бол бараг 5 тэрбум долларын асар том төслийн талаар яриа хэлэлцээг 2017-2018 онд Элчин сайд Санжаагийн Баяр Их Британи Улстай эхлүүлээд явж байтал гадны, нарийндаа бол Оросын шургаагаар, түүний төлөөний этгээд УИХ-ын “байнгын босоо гишүүн” хэмээгч С.Ганбаатарын оролцоотойгоор энэ төслийг унагаасан гэж би үздэг. Түүний тухирснаар Лондонд манай хэдэн хүүхэн “жагссан” гэж би харддаг. Гэхдээ хөөрхий тэд маань ийм том төсөл унагаж байна гэдгээ мэдээгүй, ойлгоогүй. Тэд Жэнко-гийн дургүй С.Баяр гэж нэг муу “архичин”-г зайлуулж байна л гэж ойлгосон байх. Харин хаа очиж манай Британи дахь хэдэн мянган монголчууд эх оронч ухамсартай хандаж энэ “жагсаал”-ыг дэмжээгүй. Бүр “Мөнгө амалсан ч очихгүй” гэж хэлцгээж байсан.

 

За энэ ч яахав. Трамп ингэхэд яах санаатай байна вэ? Орос улс задран унахад монголчууд биднийг байтугай дэлхийг чичрүүлэх нэг бодитой аймшиг байгаа нь америкчууд “Томохаук”-аа Украинд өгөхгүй байгаагийн нэг гол шалтгаан байх гэж би бодож байна. Задран унаж буй энэ нүсэр орон жам ёсоороо ямар ч хяналтгүй болно.


“Энэ хөл толгойгоо алдсан үймээн бужигнааны үеэр oросын атомын зэвсгүүд олон улсын болон оросын террористуудын гарт орж магадгүй!” гэсэн утгатай мэдээ, мэдээлэл Британийн болон дэлхийн том жижиг медиа-гаар яваад байсан шүү. Хэл ус сайтай, эрдэм боловсролтой манайхан олж харсан, уншсан биз. Манай том аналитикууд, эрдэмт хүмүүс үүнийг олж мэдсэн нь гарцаагүй. Тэд үүнийг бүр онол-практикийн өндөр төвшинд, баримт судалгаатай нь бичих байх, ард олныхоо мэдэж амжаагүй байж магадгүй хэсэгт хэлж тайлбарлаж өгөх байх. Мань мэт арай жижигдэнэ гээд цаашаа гүнзгийрүүлж бичсэнгүй.


Хэрэв Оросын атомын зэвсгүүд олон улсын болон оросын террористуудын гарт орчихвол Орос-Украины дайнаас ч аюултай байдал энэ хорвоод үүснэ гэдгийг харин бага ангийн хүүхэд ч ойлгоно доо. Трампыг “айлгаж” байгаа Путины ганц хөзөр энэ байх аа! Энэ хөзрөө Трампад харуулчихаад, би ч яахав, үхээд өгнө, харин ийм байдалд орвол Зелинский, НАТО, Та нар цаашдынх нь хор уршгийг хүн төрөлхтний өмнө хариуцана шүү гэсэн байх, бодвол. Тэгээд үүнийгээ Зелинскийд хэлсэн биз.


Тэгэхлээр нь “Та хоёр яг одоо байгаа байгаа газраа зогс. Тэр нутаг дэвсгэрийнхээ жижиг сажиг хэсгийг алдах ч дүүрч. Цаана нь ийм аймаар асуудал байнаа. Дайнаа зогсоо, Путин та хоёр” гэж хэлсэн болов уу.

 

Вашингтонд саяхан болсон энэ уулзалтын дараа Трамп, Зелинский, НАТО-гийн дуу нь сулраад явчихлаа. Тэрнээс биш гал цогтой дүрэлзэж явсан Зелинский тийм амар бууж өгөх эр биш гэдгийг дэлхий нийтээрээ харсан чанга эр шүү дээ. Орос хэдийгээр аймшигтай зэрлэг ч гэлээ, Лалын, Хойд Солонгосын террористуудын дэргэд бага ч гэсэн “соёлтой” л доо. Арай ч атомын зэвсгээ хэрэглэхгүй. Харин дээрхи террористуудын гарт атомын зэвсэг орвол, учир мэдэхгүй хүүхдэд шүдэнз бариулаад дарьны агуулах руу оруулж байгаагаас ялгаа юун. Тэгвэл энэ хорвоо ёстой “шувтарсан цагаан бумбандаа” гээч болно байх даа.



Тодын Отгонбаяр (Лондон зураач)