
МҮБХ-ны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан Ахмад бөхчүүдийн барилдаан 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Дамирангийн Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Ё.Эрдэнэбат нар шалгарлаа. Наймд улсын начин И.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Баярмагнай, аймгийн начин Т.Чулуунлхагва, аймгийн начин Н.Батхуяг нар үлдэв.
Дунд буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ноён Сүлд” ХХК-ий бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржын Жамъянпүрэв түрүүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Дондогийн Цогзолдорж үзүүрлэв. Гуравт Тува улсын залуу бөх, Монгуш Орлан шалгарсан бол тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Ц.Цогтжаргал, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн заан Б.Батгэрэл нар үлдлээ.
Харин 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхан дэвжээний бөх, улсын здаан Дашзэвэгийн Баасандорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хүч спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын харцага Шүхэрийн Уламбаяр үзүүрлэв. Гуравт Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин Б.Насандэлгэр шалгарсан бол зургаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б.Сумъяа, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй арслан О.Баярхүү нар үлдлээ.
Уг барилдаанд барилдахаар Тува улсаас 2 бөх, орон нутгаас олон ахмад бөх зорин ирсэн байлаа.
Сэтгэгдэл1
Хөгшин бөхчүүдийн барилдаан шаал дэмий, зав харсан юм бноо, дахиж битгий хийгээрэй !