sonin.mn

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. Тэр ч утгаараа өөрийн хүсэл сонирхлыг хөгжүүлж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэх болжээ. Үлгэрийн баатар, аниме дүр амилсан уу гэлтэй хүссэн дүрдээ хувирсан хүүхэд залуучууд өөрийн дотоод ертөнцөө бодит болгож, инээд хөөр цалгисан “Animo festival” өнгөрсөн амралтын өдөр болов. Тус өдөрлөгийн төрөлжсөн арга хэмжээний нэг болох сонирхогчдын косплей төрөлд өөрийн урласан болон худалдаж авсан хувцсаараа оролцогчдын нэг бол Б.Амин-Эрдэнэ юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа түүнийг онцолж байна.

 

-Косплей хийх болсон түүхээс нь яриагаа эхэлье?


-Би багаасаа аниме үзэх дуртай байсан. Тэр ч утгаараа өөрийн дуртай хувирна гэдэг үнэхээр сонирхолтой санагдаад косплей хийж эхэлсэн.


-Ямар анимед хамгийн дуртай вэ?


-Аниме, манга бүр өөрийн онцлог, сонирхолтой үйл явдлаар баялаг байдаг. Би “Нана” гээд манганд хамгийн дуртай. Энэхүү цуврал манганд 20 настайдаа Токио руу нүүж ирсэн Нана Осаки, Нана Комацу хоёр эмэгтэйн тухай өгүүлдэг. Нана Осакигийн алдар нэр, Нана Комацүгийн хайр дурлалын төлөөх эрэл хайгуул, нөхөрлөлөө хадгалахын төлөө хэрхэн тэмцэж байгаа тухай үйл явдал өрнөдөг.


-“Animo festival”-д оролцож буй энэ хувцасныхаа тухай хуваалцвал?


-Энэ нь “Identity V” тоглоомын Mary Bloody Queen гэх дүр. Тоглоомын мөрдөгч бүсгүйн дүр юм. Даашинзныхаа их биеийг захиалж авсан. Гэтэл даашинз дээрх гоёл чимэглэл нь таалагдаагүй. Тиймээс өөрийн сэтгэлд нийцэх даашинз бүтээхээр шийдэж, энэ бүх чимэглэлийг өөрийн гараар оёж урлалаа. Энэ цэцгээ ч гэсэн хийсэн. Ингэхэд ойролцоогоор сар гаруйн хугацаа шаардсан.


-Хичээлийнхээ хажуугаар энэхүү хүсэл сонирхлоо хэрхэн хөгжүүлж байна?


-Би одоо есдүгээр ангийн сурагч. Хичээлийнхээ хажуугаар энэ бүхнийг зохицуулах надад хүндрэлтэй байсан. Даалгавраа хийчхээд шөнөдөө оёж сууна. Заримдаа нойргүй хонох гээд байсан. Тиймээс ээж маань миний сонирхлыг дэмжиж энэ хувцсыг бүтээхэд тусалсан учир өнөөдөр би ингээд аз жаргалтай зогсож байна. Хамгийн гол нь хичээл номоо орхихгүй, хоббигоо хөгжүүлээрэй гэдэг.




П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин