sonin.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар Бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.  


Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж энэ үеэр: "Энэ 7 хоног Монгол орон даяар орон нутагт цас, зудын хүндрэлтэй,нийслэл Улаанбаатар хотод шатахуун, түлшний хомсдолтой 7 хоног болж өнгөрлөө. Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн асуудал томоохон асуудал болж ирсэн. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх нь зөв юм. " гэсэн бол ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү: "2012-2016 оны хооронд Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын үед мэргэжлийн түвшинд, судалгаанд суурилж ажилласан байдаг. Асуудлаа шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг явуулах шаардлагатай. Сонгуульд зориулсан биш бүсэд зориулсан хөгжил байх ёстой.  Ажлын байрыг хэн бий болгодог гэхээр хувийн хэвшил бий болгодог. Харин бизнес эрхлэх орчныг нь бий болгох шаардлагатай. Зөвхөн хот биш, хөдөө биш Монгол Улс даяараа хөгжих ёстой.



Улаанбаатар хотод нийт хүн амын 50% нь амьдарч байна. Үүний 60% нь ямар нэг дэд бүтэцгүй газар амьдарч байна.



Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө тээвэр, логистикийг бий болгосон бүсчлэлийг бий болгох шаардлагатай байна. Бүсчилсэн хөгжил гэдэг бол нийслэлээс гадна хотууд хөгжиж, бүсийн төвүүдэд дэлхийн жишигт хүрсэн хотууд байгуулагдах ёстой. Эдгээр нь эдийн засгийн гол тоглогчид байх хэрэгтэй гэдгийг бид 2012 онд гаргаж байсан." гэв. 



Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат; "Зүүн бүс нутаг Монгол Улсын транзит тээврийн томоохон бүс нутаг болж байгаа юм. Бүсчилсэн хөгжил бий болсноор зүүн бүсэд эдийн засаг, худалдааны босоо тэнхлэгийг бий болгох бүрэн боломжтой. Бүсийн аймгуудын хэмжээнд томоохон валютын орлого олох эх үүсвэр нь тээвэр, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх юм. Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийг бий болгож түүнийхээ хүчин чадлыг өөрчлөх замаар аж үйлдвэрийн парк байдлаар хөгжүүлнэ. Дэлхийн томоохон брэнд болсон Халх гол, Дарьгангын брэнд байгаа учраас аялал жуулчлалын бүсчлэлийг бий болгох боломжтой. 



Бид бүсээрээ асуудлыг ярихгүй байгаа учраас аймаг, сумаа засмал замаар холбодог, эхлээд аймгууд хоорондоо авто замаар холбогдох боломжтой. Хамтарсан дорвитой алхмуудыг хийхгүй байгаа учраас бүс нутгийн хөгжлийн гацаа маш их үүсэж байна. Бүсчилсэн хөгжлийн балансыг нь зөв барьж нэгдсэн бодлого, чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь алсыг харсан шийдлүүдийг бий болгоно." гэсэн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж; Говийн бүсийн 4 аймгийн хувьд цаг агаарын байдал, аж амьдрал, зовлон бэрхшээл нэгтэй юм. Говийн бүс нутагт хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүчийг зөв төлөвлөх хэрэгтэй. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд Хэрлэн , Орхон төслүүдийг ярилаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл амжилттай хэрэгжиж чадаагүй байна. Одоо байгаа уул уурхайн үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй, бохирдуулахгүйгээр, говийн бүс нутгаа авч үлдэх бодит шаардлага тулгарч байна.



5000 жил сэргээгдэх гүний усыг ариглан хэмнэж, хамгаалж үлдээх нь нэн чухал байна. Говийн бүсийн 4 аймаг нийлж усны хангамжаа шийдэх, ногоон бүсийг бий болгох, 15км тутам усаа гаргадаг байхаар төсөл бидэнд байна. Бүсчилсэн хөгжлийг ярьснаар олон жил яригдсан усны төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Нар, салхи сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй газар учир түүнийгээ хөгжүүлэх, бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна. 


Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг цаашид дэмжиж Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж буй зэс, нүүрс, алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нийгмийн хариуцлага, байгаль орчны хариуцлагатай болгож ард иргэддээ ээлттэй уул уурхайг дэмжье." гэсэн юм.