sonin.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр өөрийн facebook хуудаснаа: “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” хэмээн бичив.


Төд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мөн нийгмийн сүлжээнд: "Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. 

Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу!" хэмээн бичсэн юм.


Дээрх мэдэгдэл нь "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэсэн агуулгатай мэдээллийг хэлсэн юм байна.


Уг мэдээллийг анх УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш У.Хүрэлсүх, Б.Батцэцэг нарыг муулж, Л.Оюун-Эрдэнийг магтсан агуулгатай нийтлэлүүдийг цувралаар гаргах болсон Ө.Билэгт гэх нууц нэрээр "Өдрийн сонин" анх нийтэлжээ.

Улмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд байх үед орон тооны зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Д-гийн эзэмшдэг facebook хуудсууд ба Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг олон жилийн турш магтан алдаршуулж ирсэн "Аархал" нэртэй хуудас нийтэлж, троллууд нь идэвхтэй түгээсэн аж.

Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн багийнхан өөрийнхөө нийгмийн сүлжээн дэхь дэд бүтцийг ашиглан, уг мэдээллийг тараасан байх магадлал маш өндөр байна.


С.Сарнай