sonin.mn

БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй хорлон сүйтгэгчдийн бүлгийнхэн Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан Валерий Залужныйгийн /одоо Их Британи дахь Украины элчин сайдаар ажиллаж буй/ заавраар ажилласан байж магадгүй ажээ. Энэ тухай Германы Die Welt сонинд хэргийг шалгаж буй нэгэн мөрдөгчийн ярьсныг эш татсан байна.




Уг сонинд бичсэнээр, Германы Холбооны цагдаагийн газрын мөрдөгчдийн үзэж байгаагаар, дэлбэрэлттэй холбоотой хэрэг үндсэндээ илэрчээ. Балтийн тэнгис дэх Оросоос Европт хий нийлүүлдэг хоолойг дэлбэлэхэд Украины эрх баригчид оролцсон гэдгийг нотлох олон баримт мөрдөгчдөд байгаа ажээ.




Үүний сацуу Die Welt сонинд бичсэнээр, далбаат завьтай холбоотой “үүх түүх” Германы тусгай албаныхны эргэлзээг төрүүлж байгаа бололтой. Тодорхой хэлбэл, мөрдөн байцаагчдыг зориудаар “өөр тийш нь чиглүүлсэн байж магадгүй” гэсэн үг.




Одоогоор Италийн шоронд хоригдож буй гол сэжигтэн, 49 настай Украины иргэн Сергей К өөрийг нь хэрэгт буруутгаж буйг няцаасаар байгааг түүний өмгөөлөгч Никола Канестрини мэдэгдлээ. Мөн Украины ЭСЯ-наас хоригдож буй иргэнтэйгээ огт холбогдоогүй ажээ.





Германы мөрдөгчдийн үзэж байгаагаар, Сергей К 2022 оны есдүгээр сард хий дамжуулах хоолойнуудад тэсрэх бодис суурилуулах ажиллагааг гүйцэтгэсэн хорлон сүйтгэгчдийн бүлэгт багтаж байжээ. Тэд Росток боомтод байсан далбаат завийг ашиглан тэсрэх бодисуудыг тээвэрлэсэн гэж мөрдөгчид үзэж байна. 


Б.Адъяахүү