
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулах шат эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: “1984 онд ТЭЦ-4 үйлдвэр баригдсанаас хойш 41 жилийн дараа шинэ дулааны цахилгаан станц барих ажил эхэлж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу тус төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад нийт 11 компани саналаа ирүүлсэн.
Дөрвөн үе шаттайгаар шалгаруулалт явагдсаны дараагаар хоёр компани үлдсэн бөгөөд хуульд заасны дагуу ажлын хэсгийн дүгнэлтээр “Шунхлай Холдинг” ХХК 66.6 оноотойгоор хоёрдугаар байрт, “Митайм Интернэшнл” ХХК 75 оноогоор нэгдүгээр байрт шалгарч, гүйцэтгэгчээр тодорсон. Тус компанитай гэрээ, хэлэлцээр хийх ажлыг эхлүүлээд байна. Хэлэлцээр хийсний дараагаар НИТХ-аар баталгаажуулж, төслийн барилга угсралтын ажил эхлэх юм” гэлээ.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал 3.Батырбек “ТХХТ гэдэг нь тухайн хувийн хэвшлийн компани өөрсдийн зардлаар төслийг гүйцэтгэж, тодорхой хугацааны дараа төрд шилжүүлэх үйл явц юм.
“ДЦС-5” төслийн нийт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 24 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, 6 сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулах аж. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40.000 өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” нь 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын баруун бүсийн 40 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай юм. Байршлын хувьд ДЦС 5 нь нийслэлийн дулааны төв магистрал буюу ДЦС 2, ДЦС 4-тэй холбогдсон учраас нэмэлт өргөтгөл магистрал хийх шаардлагагүй. Мөн төмөр замаар нүүрс тээвэрлэх дэд бүтцэд холбогдсон давуу талтай юм.
Сэтгэгдэл2
Cambojiin companid bazuulahnee
Камбож гэсэн шошготой хятадын компани