
Ардчиллын буяныг хүртэгсэд Монголд олон. Арилжаа наймаанаас ч, албан тушаалын хуваарилалтаас ч тэр.
Ялгаатай нь зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд овсгоотой хэсэг нь гахай үүрч, ганзага хийсээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа зассан бол засаглалын шинэ “бүтээн байгуулалт”-ыг тэнгэрийн умдаг атгахтай адил боломж болгосон овжин зальхай зарим нь ч байна.
Хамгийн том бөгөөд тод жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж.
“Улаан Од” сонины сурвалжлагчаас улстөрчийн замналыг сонгосон тэрбээр Улсын Ерөнхий сайдын албыг хоёронтаа хашаад зогсохгүй Ерөнхийлөгчөөр улиран ажилласан цорын ганц намтартай нэгэн. Аман дээрээ ардчиллын нэрээр гул барьж, авлигачдыг цээрлүүлэх нь түүний имиж болтлоо олон нийтийн тоонд суусан ч ачир дээрээ тийм биш.
Төрийн толгойд тасралтгүй 21 жил явсан тэрбээр хууль, шүүх, хүчний байгууллагад төлөөний хүмүүсээ зогсолтгүй шургуулсаар эцэстээ шинэ Монголын шинэ Хаан шахуу сэнтийд залж явсан цаг саяхан.
Ердөө 10 хүрэхгүй жилийн өмнө. Н.Энхбаярыг л улс төрийн хүрээнд “Хаан” байсан гэж ярьж, бичиж, шүүмжилдэг болохоос Ц.Элбэгдорж шиг хууль, шүүх, хувийн хэвшилтэй нь хамт атгаж байсан нь үгүй.
АН-ын даргаар хамгийн олон жил ажиллаж, дараалсан ялалтын автор болж явсан Н.Алтанхуяг гишүүн хүртэл “Шударга бусын хонгил”-ын эзэн нь Ц.Элбэгдорж гэдгийг зарлаж, сөрснийхөө шагналд өөрөө түүгээр нь орох шахам ороогдож явлаа.
Хачирхалтай нь, төр нь, толгой нь солигдоод, бүр тодруулбал Ц.Элбэгдорж өндөр сэнтийгээсээ буугаад найман жилийн хугацаа өнгөрсөн ч эрх мэдэлд дулдуйдсан түүний ашиг сонирхол Монголоос явсангүй.
Явах ч шинжгүй болсон нь Ардчилсан Нам тойрсон улс төрөөс улам тодорч, тодорхойлогдох болсоор удлаа.
Ёстой л Эзний мутар халхын хавтгайн хаана ч хүрнэ гэдэг шиг. Үүний бодит жишээ нь, Тагнуулын дарга асан, хошууч генерал Батын Хурц.
Ил гарах нь битгий хэл өдрийн од шиг ховорхон харагддаг тусгай албыг удирдаж асан түүний хувьд АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүний статус бүхий “эрх чөлөөт” иргэний дүрээр улс төр хийх нь олшров. Басчхүү түүнийгээ дэмжүүлдэг, дагаж намируулдаг тусгай армитай. Тэрийгээ “Элийрэгч” нэрээрээ эчнээ танигдсан Ц.Уянга тэргүүтэнд хариуцуулдаг гэх.
Ерөөс Цахиагийн Элбэгдорж гэж хүн Монголын Төрөөс яваад удаж буй гэдэг ч хилийн чинадаас, хөшигний ард Б.Хурц, Ц.Уянга нарт үүрэг чиглэл өгөх замаар “Come back” хийхээр төлөвлөсөн нь өдрөөс өдөрт харагдах боллоо. Ингэхийн тулд төрөлх намаа буюу АН-ыг дахин гишгүүр болгохоор улайрах болов.
Ингэж харах хангалттай үндэслэл ч байна. Санаж байгаа бол Б.Хурцын охин Намуун, “Болд” группийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын хүү Чилүгэн нар сүр дуулиантайгаар хуримаа хийсэн нь өнгөрсөн оны намар.
Б.Хурцыг тухай энд бичих нь илүүц ч Х.Болдбаатар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү гэдгээрээ эл хурим нийгэм гэхээсээ улс төрийн хүрээлэлд анхаарал татсан нь мэдээж. Х.Болдбаатар нь Ц.Элбэгдоржийн бүх юмыг зохицуулдаг итгэлт хүн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг л юм.
Хууль бусаар хүн хил давуулсан хэргээр харьд баривчлагдан хоригдож явсан Б.Хурцыг АНУ-д айлчлаад буцахдаа эх оронд нь авчраад зогсохгүй АТГ-ын дэд дарга, Тагнуулын даргаар тавьж, генералын алтан мөрдэс зүүж өгтлөө дээш шидсэн Ц.Элбэгдорж нэг л өдөр худ ургийн холбоотой болно гэдэг хэний ч санаанд буухгүй нь ойлгомжтой. Гэхдээ л албан тушаалынхаа давуу байдлыг ашиглаж арчилж, тордож явсан нэгнийгээ АН-д шургуулсны бас нэгэн шалтгаан нь энэ байж болох юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөө бий л байх. Харин Х.Намууны хувьд Боловсролын сангаас 200 сая төгрөгийн зээл авч сурсан ч эргүүлж төлөөгүй асуудал нь ил болсноор нийгэмд харьцангуй танигдсан хүн. Гээд харвал эх орондоо ирэх нүүргүй болсноо элдэв хурал, зөвлөгөөнөөр халхавчилж яваа Ц.Элбэгдоржийн АН дахь БЭТ нь генерал Батын Хурц гэдэг нь маргаангүй үнэн болж таарах нь.
Тэгээд ч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар нь 1997-1999 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Баттулгын хувийн туслах, жолоочоор нь ажиллаж байсан нэгэн. Харин Ц.Элбэгдорж, Х.Болдбаатар хоёрын хамтрал аль 1986 онд эгчтэй нь гэрлэснээс эхэлдэг.
Өдгөө “Муштааг”, “Сор наран мед”, “Нью фолдер солюшнс”, “Анх-Эрдэнэ”, “Элбэг цэцэрлэг” сан, “Хүүхдийн ирээдүй хөгжлийн гарц болор” сан, “Ньюс-Аженси”, “Элбэг гарден” тэргүүтэй компанийг Ц.Элбэгдоржтой хамтран эзэмшдэг тухай мэдээлэл нь ил бий.
Үндсэндээ Ц.Элбэгдоржийг Б.Хурцаас, Б.Хурцыг Ц.Элбэгдоржоос ялгаж харах ямар ч үндэслэл байхгүй, гүн хэлхээ холбоотойг дээрх хэдхэн жишээ бэлхнээ харуулна.
Гагцхүү Монгол Төрийн төдийгүй тусгай албаны толгойд хамтдаа зайдалж явсан тэдний эрх ашгийн хэлхээс Ардчилсан Намыг аваад зогсохгүй залгихаар шулуудсан бололтой. Уг нь, Ц.Элбэгдорж АН-аас явж байж, хатуухан хэлэхэд зайлж гэмээнэ Ардчилсан Нам бодитоор цэвэршинэ. Эсрэгээрээ Ц.Элбэгдоржийн гар хөл болсон Батын Хурцаар толгойлуулсан “Элийрэгч” Ц.Уянга нар АН-ын пи-арыг хийх нэрийн дор Төрд дахин сандайлна гэвэл том эндүүрэл.
Ганцхан жишээ дурдахад Ц.Уянга тэргүүтэй “NoWar” хөдөлгөөнийхөн Монгол Төрийн наадам хийхийг эсэргүүцэж анх удаагаа өнжүүлж байлаа. Тухайн цаг үед Залуучуудын холбооноос 512 бөхийн барилдааныг зохион байгуулахад олноо “Баавгай заан” нэрээрээ хүндлэгдсэн Б.Бат-Өлзий торолгүй түрүүлсэн ч цол олгоогүй нь өнөөг хүртэл маргаан дагуулдаг.
Тэр дундаа Ховд аймгийн Зэрэг сумынхан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй “NoWar” хөдөлгөөнийхний уршгаар улсын наадмыг өнжүүлсэнд, хангалттай том цолны босго давах байсан Б.Бат-Өлзий зааныхаа боломжийг үгүй хийсэнд одоо ч гомдолтой явдаг.
Харамсалтай нь, Төрийн наадмыг тасалдуулж, нутгийнхаа бөхийн амжилтыг хулгайлж, хойш татсан Ц.Элбэгдоржийн балаг үүгээр зогсохгүй нь ээ. Хамгийн их ашиг хүртэж, хамгийн том албан тушаалд хүрсэн Ардчилсан Намаасаа тэр явсангүй, залуучууддаа зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй.
АН дахь БЭТ-өөрөө дамжуулж, намаа ч, нийгмээ ч хорлон сүйтгэх санаархалтай яваа нь ил болов. БЭТ гэдэг нь генерал Батын Хурц.
Гол буюу амалж авсан эхний бай нь хотын дарга Х.Нямбаатар. Яг үнэндээ Х.Нямбаатарыг харлуулж явсаар 2028 онд АН ялна гэдэг бол өвснөөс зүй хайхтай адил муйхарлалтай агаар нэг.
Эсрэгээрээ Ц.Элбэгдоржийн АН-д шургуулсан гар хөлийг тасдаж, зайлуулж, ардчиллаа хамгаалж чадвал тэр нь хамгийн том ялалт болно. Нийгмийн сүлжээнд тролл арми ажиллуулж Х.Нямбаатарыг харлуулах биш бодлого ярьдаг нам болох хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм.
Тэгэхийн тулд “Атгаалжин хар мангас” болсон Ц.Элбэгдоржийнхоо АН-д тавьсан БЭТ болох Б.Хурцаас эхэлж цэвэрлэгээ хийх ёстой!
Сэтгэгдэл12
МАНгарууд боож үхлээ хахаха
Лаларууд ногоон малгай өмсөөд, нагаан буу зүүчихээд их галзуурсан даа!
хузуугуй хочит хошгоруулагч !
Ардчилагчдын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө болсон байна.
Хурц Баярцогт хоёроос салахгүй АН хэзээ ч өөдлөхгүй шүү ..
О.Цогтгэрэл Элбэгдоржийн заавар, даалагаврыг хэрэгжүүлэгч, дүх эсгэсэн АН-ын дарга болно доо.
What a Moronic Article to write. More "Smearing COMMERCIALS" .Too bad there is No Cure For Stupid.
Элбэгдоржийн хүн буюу хамтрагч болох Баярцогтын хүүхэн Баярмаа сая бас дэвшиж л бөйна ! Баас хатсан ч өмхийгөө тавихгүй юмаа !
ямар ч хүч байхгүй жирийн иргэн болсон эдгээр нөхдүүдийг яавал ч яах хүч хугацаа эрх мэдэл МАН байна. айсан хүнд аргал хөдлөнө гэдэг энэн л дээ. МАНы потоод зөрчлөө л аргацааж байх шив
Үнэн л дээ
ямар ч хүч байхгүй жирийн иргэн болсон эдгээр нөхдүүдийг яавал ч яах хүч хугацаа эрх мэдэл МАН- д байна. айсан хүнд аргал хөдлөнө гэдэг энэн л дээ. МАНы дотоод зөрчлөө л аргацааж байх шив
ямар ч хүч байхгүй жирийн иргэн болсон эдгээр нөхдүүдийг яавал ч яах хүч хугацаа эрх мэдэл МАН- д байна. айсан хүнд аргал хөдлөнө гэдэг энэ л дээ. МАНы дотоод зөрчлөө л аргацааж байх шив