sonin.mn

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Зуунмод сумын сургуулиудын бүтцэд өөрчлөлт оруулжээ. Гэхдээ энэ өөрчлөх шийдвэрээ хичээлийн шинэ жил эхлэхээс 8 хоногийн өмнө буюу наймдугаар сарын 22-нд гаргажээ.


Үүний улмаас Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийг ЕБ-ын 1, 2 дугаар бүрэн дунд сургууль болгож, Спортын төрөлжсөн сургуулийг ЕБ-ын 5 дугаар сургуультай нэгтгэж, Зуунмод сумын 3 дугаар бүрэн дунд сургууль болгож өөрчилжээ.



Энэ бол ганц бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт биш юм. “Хүмүүн” цогцолбор сургуулийн 3600 орчим сурагч, 130 гаруй багш, 70 ажилтны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.



Учир нь “Хүмүүн” сургуулийг хоёр хуваахад 1-5 дугаар ангийн сурагчид хичээллэх ширээ, сандал, ариун цэврийн өрөө байхгүй. Нэг сургуульдаа бага ангийн үдийн хоол хийх гал тогоо, тоног төхөөрөмж байхгүй. Хичээл эхлэхээс ердөө 8 хоногийн өмнө л шууд сургуулиа хуваа гээд хэлчихсэн болохоор хүүхдүүдэд суралцах орчин, тоног төхөөрөмжөөс ч гадна маш олон асуудал үүссэн.


Сургуульдаа 12 жил сураад энэ жил төгсөх хүүхдүүдийн анги нь 2 хуваагдахаар найз нөхдөөсөө сална, багш солигдоно. Тэр чигтээ 2 шинэ сургууль болох нь 3600 орчим хүүхэд, 200 гаруй багш, ажилтанд хүндээр тусах нь мэдээж. Наанадаж тэд гэрээсээ хол сургуульд явах, найз нөхдөөсөө холдох, шинэ орчинд дасах хэрэгтэй болно. Энэ нь эцэг, эхчүүдийн аж байдалд ч нөлөөлнө. Шинээр багш, ажилчид авах хэрэгтэй болно. 8 хоногийн дотор ажиллах хүн олдохгүй. 



Бүр цаашилбал, бүтэц, зохион байгуулалт, шинэ удирдлагууд томилгоо гээд олон асуудал үргэлжилж, багш, ажилчдын цалин 9 сарын турш тавигдахгүй дээрээ тулжээ.



Нийт 3800 сурагч, багш, ажилчин, тэдний ар гэрийн амьдрал ахуй, амьдралын хэв маяг маш их зүйл сургууль 2 хуваагдаж байгааг дагаж өөрчлөгдөхийг, түүнийг дагасан зардал хөрөнгө ямар их гарахыг Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тооцоолсонгүй юу. 


“Багадаа 1 жил үргэлжилдэг сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг яаж 8 хоногт хий гээв ээ” хэмээн “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Б.Аминдаваа хэлж байна. Тухайн сургуульд 33 жил ажилласан Ц.Анхбаяр “Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн энэ шийдвэр багш, ажилчин, сурагчдын эрх ашгийг огт бодоогүй. Хамт олны саналыг ч аваагүй” хэмээн гайхаж байна.