sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярих гэж дөрвөн удаа оролдсон ч Моди дуудлагыг нь аваагүй гэж Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлжээ.

Сонинд бичсэнээр өмнө нь Трамп Энэтхэгт 25%-ийн гаалийн татвар ноогдуулж, уг улсыг “үхмэл эдийн засаг” хэмээн нэрлэснээр Энэтхэгийг цочирдуулсан байна. “Модид доромжлогдсон мэт мэдрэмж төрснийг илтгэх шинж тэмдэг байна” хэмээн Frankfurter Allgemeine Zeitung бичжээ. Мөн Моди Трамптай утсаар ярих хүсэлгүй байгаа нь АНУ-ын ерөнхийлөгчийн үйлдэлд Энэтхэгийн удирдагч хэр зэрэг цухалдаж байгааг харуулж байна гэж дүгнэсэн байна.


Сонин нэмж тэмдэглэхдээ, Энэтхэгт Трампын талаарх хандлага ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд ялангуяа түүний Пакистантай харилцаагаа өргөжүүлэх тухай мэдэгдлүүдтэй холбоотойгоор энэ өөрчлөлт ажиглагдаж буйг онцолжээ.


Энэтхэг, АНУ хоёр улс энэ оны хоёрдугаар сард, Модигийн Вашингтонд хийсэн айлчлалын дараагаар томоохон худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн юм. Талууд 2030 он гэхэд жил бүрийн худалдааны хэмжээг 500 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Уг баримт бичгийг намар үзэглэхээр төлөвлөж байсан бөгөөд Энэтхэгийн төлөөлөгчид хэд хэдэн удаа Вашингтонд айлчилж хэлэлцээ хийсэн байна. АНУ-ын төлөөлөгчид наймдугаар сарын 25-нд Энэтхэгт ирж, зургаа дахь шатны хэлэлцээг хийхээр байсан ч айлчлал цуцлагджээ.


Наймдугаар сарын 6-нд АНУ Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 25%-иас 50% болгон нэмэгдүүлсэн нь Шинэ Дели Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүн худалдан авч байгаатай холбоотой гэж мэдэгдсэн байна. Трамп Өмнөд Азийн улсыг Оросоос хамгаалалтын тоног төхөөрөмжийн ихэнхийг худалдан авдаг, мөн Хятадын хамтаар Оросын эрчим хүчний хамгийн том худалдан авагч гэж шүүмжилжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яам АНУ болон ЕХ-ны Оросын нефтийн импортыг буруутгасан мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна. Нэмэгдсэн татвар наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлнэ.


М.Чой


Эх сурвалж: tass.com