sonin.mn

Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан тухай нууцаас гаргасан баримтын цахим хуулбарыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Улаан армийн анги нэгтгэлүүд Японы Квантуны армийг бут цохисны 80 жилийн ойг тохиолдуулан нийтэлжээ.


Японы Жанжин штаб Улаан армийн эсрэг довтолгооны үеэр бактериологийн зэвсэг шууд хэрэглэхээр, харин цэргүүдээ ухрах тохиолдолд тухайн газар нутагт зориудаар халдвар тарааж, дайсны цэргүүд болон энгийн иргэдийн дунд өргөн цар хүрээтэй тахал дэгдээхээр төлөвлөж байсан байна. Энэ зорилгоор Манжуурт 1935, 1936 онд бактериологийн зэвсэг боловсруулах чиг үүрэгтэй 731, 100 дугаар тусгай ангиудыг байгуулжээ.


1949 оны 12 дугаар сарын 1-нд Хабаровск хотод явуулсан мөрдөн байцаалтын үеэр Квантуны армийн командлагч генерал Ямада «Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайн зарлаж, Зөвлөлтийн арми Манжуурын гүн рүү эрчимтэй урагшилснаар тэднийг ЗХУ болон бусад орны эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэх боломжгүй болгосон» гэж мэдүүлжээ. Өөрсдийн гэмт үйлдлийн ул мөрийг далдлахын тулд Квантуны армийн командлал 731, 100 дугаар отрядуудын барилга байгууламж, тэдгээрийн салбарууд, лабораторийн бааз, бичиг баримт, туршилтын дүнг устгах тушаал өгөхөд хүргэсэн байна.


Цэргийн олзлогдогсдын мэдүүлэг


Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага Квантуны армийг бут цохих явцад олзлогдсон 600 мянга гаруй япон цэргийн дундаас 1945–1948 онд бактериологийн зэвсэг боловсруулах ажилд оролцогчдыг эрэн сурвалжилж байв.

«Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдсон Японы армийн бактериологич мэргэжилтнүүдийн хэрэгтэй холбогдуулан Хабаровскийн хязгаарын Дотоод явдлын удирдах газар Японы цэргийн дарангуйлагчид Манжуур дахь түшиц газраа ашиглан Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтлоход зэхэж хүн амыг үй олноор устгах бактериологийн зэвсэг хэрэглэхэд идэвхтэй бэлтгэж байсныг шуурхай мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Тэд тахал, цусан халдвар (сибирийн язва), хийт гангрена, хижиг халууралт, гэдэсний хижиг, паратиф, цусан суулга, холера, халдварт цус алдалт (“Сонго” гэж нэрлэгддэг), сап зэрэг бүх төрлийн халдварт өвчнөөр шинжилгээ судалгаа, туршилтын ажил хийж байв. Бактерийн янз бүрийн нөлөөллийг шалгахын тулд хүн дээр байнгын туршилт хийж байсан бөгөөд үүний тулд отрядын шоронд орос, хятад, манжууд, мөн цаазын ял авсан япончуудыг маш нууц байдлаар авчран хорьж байжээ» хэмээн ЗХУ-ын ДЯЯ-ны Хабаровск мужийг хамаардаг газрын дарга, дэслэгч генерал Иван Долгих 1947 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн тусгай мэдээндээ дурдсан байна.


«Эдгээр туршилтын үр дүнд жил бүр отрядад 3 000 гаруй хүнийг устгаж байв» гэж баримтад тэмдэглэжээ.


Дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд мөн япончууд Халх голын байлдааны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн тухай дурджээ.

«1939 онд Халх голын үйл явдлын үеэр генерал Ишигийн удирдсан “амиа золиослогчдын” тусгай отряд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Уэда Кэнкичигийн тушаалаар Зөвлөлт, Монголын цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Халх голын болон нуурны усыг гэдэсний хижиг, паратиф, цусан суулгын нянгаар зориудаар халдварлуулсан» хэмээн баримтад тэмдэглэжээ. 

«1940 онд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Умэдзу Ёсидзиро, мөн Хятадын төв хэсэгт байрласан экспедицийн цэргүүдийн ерөнхий командлагч [асан] маршал Хата Сюнроку нарын Японы Жанжин штабаас өгсөн тушаалын дагуу генерал Ишигийн удирдсан тусгай экспедици Хятадын төв нутагт дайны ажиллагаа явуулж, Нимбо орчимд Хятадын цэргийн эсрэг тахлын нян тээгч бөөсийг онгоцоор цацсан нь хятад цэргүүд болон энгийн иргэдийн дунд тахлын хүчтэй дэгдэлт үүсгэн, хэдэн мянган хүнийг хөнөөсөн» гэж дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд дурдсан байна.


Э.Солонго


Эх сурвалж: tass.ru