sonin.mn


“OBSERVE Consulting” зөвлөх үйлчилгээний байгууллагын Гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Д.Отгонбаттай ярилцлаа.


Монголдоо менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх бизнес моделийг хөгжүүлж, бизнес эрхлэгч олон арван компанийн амжилтын ард тасралтгүй 15 жил “дасгалжуулагч”-аар ажилласан тэрбээр “Эмч бол хүний өвчнийг оношлоод түүнийг эдгээхийн тулд эмчилгээ хийдэг. Түүнтэй адилхан бид байгууллагыг илүү дээр гүйцэтгэлтэй байгууллага болгохын тулд олон чиглэлд оношилгоо хийж, алдааг нь арилгаж эмчилгээ хийдэг” хэмээн өөрсдийн үйл ажиллагаагаа товч томьёолсон юм.


 


Манайд хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөн бүхий бизнес үүсээд 30 гаруй жил өнгөрч байна. Гэтэл олон бизнесүүд амьжиргаа залгуулах түвшинд ажиллаж байх шиг харагддаг. Энэ хугацаанд компани бизнесүүд менежментийн хувьд ч, технологи хөгжүүлэлтийн хувьд ч дараагийн шатанд гарах цаг болсон болов уу?


Монгол Улсад өнөөдөр 180 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй гэсэн тоо статистик байдгаас дийлэнх нь таны хэлж буйчлан амьжиргааны түвшинд ажиллаж байгаа. Би үүнийг муу мэдээ гэж боддоггүй, зүгээр л бидэнд хугацаа хэрэгтэй байх. Яагаад гэвэл бид эдийн засгийн шинэ тогтолцоо руу ороод гучхан жил болж байна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд одоо л өсөж хөгжих цаг хугацаа ирээд байна.


Амьдрал дээр харж л байдаг шүү дээ, нэг хоолны газар шинээр нээгдлээ гэхэд хүмүүс мэддэг болоод “амттай хоолтой юм байна даа” гээд хараад явж байтал нэг мэдэхэд хаагдчихсан байдаг. Гэтэл зарим нь төд удалгүй өөр байршилд салбараа нээгээд улам цэцэглэж хөгжөөд явчихдаг. Энэ ялгааны цаад нууц нь ердөө менежментдээ агуулагдаж байдаг.


Мэдээж хөгжлийн дараагийн шатандаа гарчихсан буй компаниуд манай үндэсний томоохон компаниуд дотор олон байгаа. Тэд “дотоодын зах зээл болжээ” гэж үзээд дараагийн зах зээлдээ гарах хэрэгтэй гэдгээ харчихсан, тэр нүүдлүүдээ хэдийнээ эхэлсэн. Амжилттай явж байгаа тэдний тухай биш тэдэн шиг ажиллаж чадахгүй байгаа компаниудын тухай л бид ярих ёстой юм. Яагаад зарим нь ингээд урагшлаад яваад байхад зарим нь чадахгүй байна вэ гэдэг асуулт. Уг нь боломж, потенциаль нь байгаа төдийгүй яг адилхан нөхцөл, бизнесийн ижил орчинд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нь чадаад байхад зарим нь чадахгүй байна гэдэг нь тэнд менежментийн дутагдлын асуудал байна гэсэн үг. Бидний үзүүлдэг зөвлөх үйлчилгээ яг энэ асуудал дээр ажиллаж, тэдэнд буй амжилтаа ахиулах, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалдаг. 


Бизнесээ жинхэнэ бизнес болгож өөрчлөх ёстой. Тэгэхийн тулд менежмент дээрээ л анхаарах ёстой. Тухайн компани үүсгэн байгуулагч, удирдагчаас хамааралгүйгээр менежмент нь өөрөө ажиллаж байдаг механизм буюу тогтолцоог бий болгох ёстой. Компанид менежментийн тогтолцоо нэгэнт бий болчихвол хэн нэг хүнээс хамааралгүй ажиллана. Бизнес гэдэг өөрөө ийм л машин. Удирдагчид тэр машиныг л бүтээх ёстой гэж үздэг. Харин машиныг бий болгодог мотор, кроп, эрэг боолт, шураг нь менежментийн арга, онолууд юм.


-Бизнес өөрөө нийгмийн харилцааг дагаад олон чиглэл, салбартай. Тэдгээрт менежментийн арга ухааныг зөвлөхийн тулд харилцагч компани бүр дээр, салбар бүр дээр ялгаатай байдлаар ажиллах шаардлагатай болдог уу. Аль эсвэл бизнесийн төрлөөс үл хамаараад “менежмент” гэх ерөнхий нийтлэг зүйл байдаг уу?


-Үнэндээ менежмент гэдэг өөрөө нэг л зүйл юм. Тухайн байгууллага хоол үйлдвэрлэдэг үү, үйлчилгээ үзүүлдэг үү, эсвэл банк байна уу, эмнэлэг байна уу, дэлгүүр байна уу гэдгээс хамаарахгүй төдийгүй арван хүнтэй байх, мянган хүнтэй том компани байхаас шалтгаалахгүйгээр менежмент гэдэг ухаан нь нэг юм. Өөрөөр хэлбэл ямар ч байгууллага менежмент хийхэд нэг ухаанаар хийдэг л гэсэн үг. Харин байгууллагын өөрийнх нь онцлог, салбарын онцлог гэдэг хүчин зүйлс нөлөөлөх нь гарцаагүй.


Менежментийн зөвлөх үйлчилгээг нэг удаа аваад үйл ажиллагаагаа цэгцэлчих үү, эсвэл үргэлжлүүлээд урт хугацаанд ажиллах нь илүү үр дүнтэй байдаг уу.


Менежментийн зөвлөх үйлчилгээг байнга авах шаардлагагүй л дээ. Яг шаардлагатай зүйл дээрээ оновчтой хандах хэрэгтэй.


Менежмент дээр бодит үр дүн гаргахад 2 үе шат чухал байдаг. Оношилгоог сайн хийх, эмчилгээг сайн хийх. Эмчийн ажилтай төстэй байгаа биз? Эмч бол хүний өвчнийг оношлоод түүнийг эдгээх эмчилгээ хийдэг. Түүнтэй адилхан бид байгууллагыг илүү дээр гүйцэтгэлтэй байгууллага болгохын тулд эсвэл алдаа дутагдалыг нь арилгаж бууруулахын тулд менежментийн олон чиглэлд оношилгоо хийж, түүндээ үндэслэн зөвлөдөг. Бид тухайн бизнес дээр оношилгоог хийгээд эмчилгээний жор хөтөлбөрийг боловсруулж өгөөд зогсохгүй хэрэгжилтэнд нь хамт оролцоод хэрэгжилтийн үйл явцад мониторинг хийж удирддаг. Мөн харилцагчийн хүмүүсийг сургалтаар хөгжүүлж ажилладаг. Зөвлөх үйлчилгээндээ бид сургалтыг заавал дагалдуулж явдаг, учир нь сургалт болон зөвлөх үйлчилгээ нь зоосны хоёр тал шиг нэг нь нөгөөгүйгээр байх боломжгүй юм. Мөн ажлын явцад хэрэгжихгүй, болохгүй байгаа зүйлсийг хэлээд зөвлөөд явдаг. Цаг тухайд нь хоёр тал үйл явц, үр дүнгээ үнэлж дүгнээд явах нь үр дүнтэй. Энэ нь хэрэв хүссэн үр дүн гарахгүй бол хаанаа алдсанаа хэн хэн нь мэдэж байх боломжийг бас олгодог. Манай байгууллага, бидний ажил 15 жил амжилттай яваагийн гол нөү хау нь энэ гэж боддог.


 


-За оношилгоо чухал юм байна. Гэхдээ та бүхний оношилгооноос өмнө бизнесүүдийн хувьд өөрсдөө асуудлаа тодорхой хэмжээнд олоод харчихсан байдаг байх. Компанийн удирдлагын өөрийн бодол, та бүхний оношилгоо арай өөр байх тохиолдол байдаг уу. Оношилгоог өөрсдөө хүлээн зөвшөөрдөг үү?


Хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй бодитой, тоотойгоор асуудлыг нь гаргаж ирдэг. Тэдгээр асуудлаа зарим нь өөрсдөө олж харсан, зарим нь олж хараагүй байдаг. Компани, бизнесийн үйл ажиллагаа нарийн комплекс шинжтэй шүү дээ. “Манай борлуулалт сүүлийн хоёр жил дараалан төлөвлөгөөндөө хүрсэнгүй” гээд борлуулалтын асуудал гэж л хараад байдаг. Гэтэл системийн оношилгоо хийгээд үзэхээр асуудал нь борлуулалт дээр биш чанар дээр үүссэн байж болно, эсвэл бүтээгдэхүүн нь чанартай ч нийлүүлэлт дээр доголдол үүсдэг байж болно. Байсхээд л “манай түүхий эд тасарснаас болоод бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хугацаа хойшлууллаа шүү” гээд тасалдал үүсгээд байвал борлуулалтанд сөргөөр нөлөөлнө шүү дээ. Чанар гэхээр зөвхөн бүтээгдэхүүний амт чанар, харагдах байдал гэж бодоод байдаг ч энэ нь үндсэндээ чадавхийн асуудал бөгөөд үүнийг засахгүй бол урт хугацаанд хамтран ажиллах түншүүд гарч ирэхгүй. Эсвэл бүтээгдэхүүн нь хуучирсан ч байж болно, эвсэл маркетингийг үр дүнтэй хийхгүйгээс борлуулалт буурсан байж болно. Бизнес өөрөө нарийн систем. Тиймээс аливаа асуудал ганц шалтгаантай биш байдаг. Тиймээ л зөв оношлох нь чухал гэж байн байн яриад байгаа юм.



Зөвлөх үйлчилгээ хэрэгцээтэй байгаа эсэхээ байгууллага өөрөө мэдэхгүй байх тохиолдол ч байдаг. Өөрөөр илэрхийлбэл бид сэргийлэх үзлэгт орохгүй, эрүүл мэндээ муудаад өөрсдөө мэдэхгүй явсаар өвчин бүр яг хүндрээд шинж тэмдэг илрэхэд нь өвчтэй болжээ гэдгээ мэддэгтэй зүйрлэж болох юм. Менежмент дээр юу нь болоод, юу болохгүй байна вэ гэдгээ датагаар харж чадахгүй бол удирдаж чадахгүй. “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэж алдарт нэг үг байдаг шүү дээ. Байгууллагууд юуг хэмжиж байна гэхээр голдуу борлуулалтаа боломжийн хэмждэг. Гэтэл хэмжих ёстой зүйл ганц энэ биш. Тухайлбал, хэрэглэгчийн гомдол, санал нэмэгдэж байна уу, буурч байна уу. Хэрэглэгчийн тоо өсөж байна уу, ингэхдээ шинэ хэрэглэгч нэмэгдэж байна уу. Хуучин хэрэглэгчдэдээ борлуулалтаа хийж чадаж байна уу. Бид шинэ хэрэглэгчээ нэмээд байгаа ч яг цоорхой хувин шиг хуучин хэрэглэгчдээсээ алдаад байгаа юм биш биз? Нэгж үйлдвэрлэлийн зардал өсөж байна уу? Үгүй юу? Машин тоног төхөөрөмжийн гэмтэл, сул зогсолт хэр байна гэх мэт асуултуудад тоо байдаггүй. Нэг үгээр бол үйл ажиллагаа, нэгж, процессын гүйцэтгэлийн талаарх хангалттай дата, тоонууд байдаггүй.


Чанарын асуудлаас болоод гарч байгаа зардлууд буюу “муу чанарын зардал”-аа хэмждэггүй. Муу чанарын зардлыг шууд зардал ил бөгөөд багахан хэсэг нь. Шууд бус зардал харагдахгүй ч илүү их байдаг. Мониторингоо хийдэггүй, тоо, дата анализ гаргадаггүй байгууллагууд менежментийн зөвлөх үйлчилгээ манайд хэрэгтэй гэдгээ олж харахгүй байх магадлал өндөр. Эсвэл манайх борлуулалтдаа хүрээд яваад байгаа юм чинь болж байна гэж бодох хандлага бий. Гэтэл бусад тоонууд муу дохиог хэлээд байж магадгүй. Борлуулалтын зорилгодоо хүрч байгаа ч ашиг буурч байж ч мэднэ. Сүрхий зальхай СЕО бүтээгдэхүүнээ хөгжүүлэхгүй, технологидоо хөрөнгө оруулахгүй, хэрэглэгчээ халамжлахгүй явж байгаад ашиг болон борлуулалтыг өндрөөр гаргаад амжилттай гялалзаж болно. Гэтэл нөгөө зальтай СЕО бонусаа аваад яваад өгсөний дараа ар талд нь хэрэглэгчээ алдчихсан, технологи нь хуучирчихсан, хөрөнгө оруулалт хийгээгүй учраас бүтээгдэхүүн хөгжүүлэлт зогссон, хүмүүсээ хөгжүүлээгүй учраас чадвар нь хоцрогдсон компани үлдээд үүний үр дагавар нь 3-4 жилийн дараа илэрч болно.


Бизнесийг тэнцвэртэйгээр төлөвлөж төлөвлөлтэйгөө уялдуулан гүйцэтгэлээ мониторинг хийдэг байх нь маш чухал байна.


 


Менежментийн зөвлөх үйлчилгээг үнэтэй гэсэн ойлголт байх шиг байдаг?


Ерөнхий нийтлэг хандлага гэвэл манай компаниуд бүхнийг өөрсдөө хийх гэж үздэг л дээ. Гэвч зарим зүйлсийг чаддаг, мэддэг хүнээр нь хийлгэх нь зөв шүү дээ. Жишээ нь та бол сэтгүүлч. Танд photoshop дээр нэг зураг янзлах хэрэг гарлаа гэж бодъё. Та photoshop сураад өөрөө тэр зургаа засахаар зорьж болно. Гэхдээ үүнд нэлээд цаг хугацаа, мөнгө санхүү зарцуулагдах байх. Тэрний оронд аль хэдийн үүнийг хийгээд гаршчихсан дизайнераар хийлгэчихвэл илүү хурдан, зардлын хувьд ч хэмнэлттэй биз. Магадгүй чанарын хувьд ч илүү болох байх.


Жишээ нь компаниуд асуудлаа шийдэхээр өөр байгууллагаас сайн захирлыг өндөр цалингаар урьж ажиллуулах шийдвэр гаргадаг. Гэтэл нөгөө хүн нь ирээд амжилттай ажиллах тохиолдол ч байна, амжилтгүй ажиллах тохиолдол ч байна. Юунаас болж байна гэхээр нөгөө авчирсан компанийн суурь менежмент бий болоогүй, орчин ба соёл нь бүрдээгүй, бодлого журам процедур нь тогтоогүйгээс болоод ямар ч сайн удирдлага ирсэн амжилт гаргахгүй байх тохиолдол байна. Түүний оронд нэг захирлын жилийн цалингаас бараг бага үнээр зөвлөх үйлчилгээг авах нь илүү үр дүнтэй байх боломжтой. Бид энэ боломжийг олгодог. Тэхээр зөвлөх үйлчилгээ өгч буй үр дүнтэйгээ харьцуулахад тийм үнэтэй биш байгаа биз дээ.


- Ямар ч хүн зарцуулсан мөнгөндөө буцаагаад гар дээрээ биет зүйл авахыг хүсдэг байх. Гэтэл зөвлөх үйлчилгээ, сургалт тийм материаллаг бодит зүйл өгдөггүй. Бизнесийн компаниуд ийм сургалт, зөвлөгөө гэх мэт нүдэнд харагдахгүй зүйлд хөрөнгө оруулахдаа хэрхэн ханддаг бол? Сонирхолтой санагдаад байх юм.


Боловсрол ч гэсэн яг гар дээр тавих биет зүйл биш шүү дээ. Гэтэл бид хүүхдүүдийнхээ боловсролд хамгийн ихээр хөрөнгө оруулдаг биз дээ. Тийм биз?


-Тийм.


- Яг үүн шиг, компанийн удирдлагууд сургалт, менежментийн зөвлөх гэдгийг нэг үеэ бодвол ойлгодог, жил бүр төсөв зарцуулж авдаг болж эхэлж байна. Нэг зүйл тогтол ажигласан маань байгууллага илүү амжилттай байх тусмаа менежментийн зөвлөх үйлчилгээг үргэлж авч явдаг юм байна лээ. Хөндлөнгөөс өөрсдийгөө үнэлүүлэх, хянуулах ажлыг байнга хийлгэж, дутагдалтай байгаа зүйлсээ тухай бүр засаж сайжруулаад явдаг. Ийм байдлаар урт хугацаанд хамтран ажиллаж байгаа харилцагчид манайд олон бий.


Менежментийн зөвлөх үйлчилгээний үр дүнгээ компаниуд юугаар хэмжих ёстой юм бэ?


Тоогоор л хэмжинэ. Тоо худлаа хэлдэггүй.


-Та зарим жишээ хэлж болох уу?


Манай үйлчилгээ олон чиглэлтэй л дээ. Тэдгээрээс хамгийн их захиалга авдаг чиглэл маань чанар ба бүтээмжийн менежмент. Үүгээр жишээлээд хэлэхэд, чанарын чиглэлээр зөвлөгөө авч ажилласнаар бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр гардаг чанарын доголдлын тоо буурах ёстой. Чанарын асуудал гарахад түүнийг шийдэхэд зардал гардаг. Энэ зардлыг Муу чанарын зардал гэдэг. Энэ зардал буурах ёстой, хэрэглэгчийн гомдол буурах ёстой. гэх мэт олон дата, тоогоор хэмжиж болно. Эдгээр нь бодит баримт, тоо дата юм. Тоо худлаа хэлэхгүй. Магадгүй өмнө нь 10 мянган бүтээгдэхүүн тутамд 30 асуудал гардаг байсан бол чанарын хяналтын механизмыг бий болгосноор энэ тоо 10 болж, гурав дахин буурлаа гэх мэтээр бодит тоогоор хэмжинэ гэсэн үг.


Нэг ангид суралцаж байгаа хүүхдүүд бүгд ижил нөхцөлд суралцахад багш яг адилхан агуулга өгдөг ч мэдлэгийг нь шингээж авсан байдал нь өөр өөр байдаг даа. Өөрөөр хэлбэл сургалтын үр дүн нь багш, сургуулиас гэхээс илүүтэй тухайн хүүхдийн суралцах чадвар, хичээл зүтгэлээс хамаардагийг харуулж байна. Үүнтэй ижлээр, зөвлөх үйлчилгээний үр дүн нь үйлчилгээ авч буй байгууллагын хичээл зүтгэлээс бас их хамаарна. Нэгэнт хөрөнгө оруулж, зардал гаргасан л бол аль болох өгөөжийг нь шингээж авахын төлөө идэвх зүтгэл, чармайлт гаргах хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл энэ хандлага бизнесүүдэд харьцангуй бүрэлдэн бий болж байгаа нь ажиглагддаг.


-Байгууллага хөгжиж урагшлахын тулд тасралтгүй суралцагч байх ёстой гэдэг. Манай ААНБ-ууд сургалтанд хэрхэн ханддаг вэ? Танай байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл сургалт учраас энэ талаар мэдээлэлтэй байгаа байх.


Байгууллагуудын сургалтад хандах зан төлөвийн талаар бид 2020 онд иж бүрэн судалгаа явуулсан. Ер нь энэ талыг бид үргэлж гярхай ажигладаг. Ихэнхдээ байгууллагууд “Алив танайд ямар сургалт байдаг вэ, сургалтаас чинь авъя” гэх хандлагатай. Рестораны хоолны цэснээс сонгох гэж байгаа мэт гэсэн үг. Сургалтанд ингэж хандаж болохгүй биш болно. Арай дээр хандлага нь танай байгууллагад ямар сургалт хэрэгтэй байна вэ гэдгээ бодитоор оношлуулж, тодорхойлоод түүнд үндэслэж сургалтаа зохион байгуулбал илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой байж чадах юм. Байгууллагууд сургалтыг зардал гэж хардгаа болих хэрэгтэй. Уг нь хөрөнгө оруулалт юм. Яг л технологи, техник тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулдаг шиг баялаг, үнэ цэн, бүтээмж бий болгож буй хүндээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүн чинь үр ашгаа бодож шийдвэр гаргадаг биз дээ? Сургалтанд бас яг тэгж хандах хэрэгтэй. Сургалтын өгөөж, үр дүнг ажилтнуудын хөгжил, тэдний гүйцэтгэл, бүтээмж зэргээр хэмжиж болдог.


Зөвлөх үйлчилгээний зах зээлд 15 жилийн туршлагатай анхдагч компанийн хувьд өнгөрсөн хугацааны өсөлт хөгжил, бий болгосон үнэ цэнээ Та хэрхэн тодорхойлох вэ?


Манай компани 2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байхдаа Олон улсын зарим стандартын сургалт, зөвлөгөөгөөр эхэлж байлаа. Бид стандартын сургалт, зөвлөгөө гэдэг эх үүсвэрээс орлогождог бизнес модельтойгоор анх эхэлж байсан бол өнөөдөр харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд суурилсан олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, зөвхөн сургалт биш зөвлөгөө биш, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлт, үнэлгээ аудит, ганцаарчилсан зөвлөгөө, судалгаа гэх мэт олон салбар модельтой болсон байна. Мөн эдгээрийг бий болгохын тулд өөрсдөө ч тасралтгүй хөгжиж суралцаж ирсэн байна. Бизнес моделио ойлгоод, өөрсдөө зэрэгцээд хөгжөөд явахад дараа, дараагийн үйл ажиллагааны чиглэлүүд аяндаа урган гарч ирдэг юм байна. 


Бид хэрэглэгч, харилцагчийн хэрэгцээнд төвлөрч, чанар, хариуцлагыг чухалчилж үргэлж зах зээлд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр ирсэн. Магадгүй бид хэтэрхий бүтээлч хамт олон байх (инээв). Бид маш болон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд танилцуулсан даа. Зарим нь амжилттай болсон, зарим нь фэйлдсэн (амжилтгүй болсон). “Монголдоо анх удаа” гэдэг үгийг манайхан нэг их хэрэглэдэг. Би энэ үгэнд тун дургүй, ер хэрэглэдэггүй. Гэхдээ л бид маш олон зүйлд анхных байсаар ирсэн, цаашид ч байх болов уу. Бид маш олон стандартаар анхны сургалтуудыг явуулсан, мөн анхны зөвлөх үйлчилгээг үзүүлсэн, тэр хүрээнд анхны баталгаажуулалттай байгууллагыг төрүүлсэн, туршлага мэдлэг хуваалцах анхны менторшип хөтөлбөр хэрэгжүүлсэн, анхны ЖДҮ нарт чиглэсэн Чанар& менежментийн чадавхыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлсэн, анхны ISO& Compliance менежерийг бэлтгэх хөтөлбөр явуулсан, мөн НАССР мэргэжилтэн, Хүнсний эрүүл ахуйч бэлтгэх хөтөлбөр, анхны ISO стандартыг нэвтрүүлэх төслийн удирдлагын PMS систем нэвтрүүлсэн, зөвлөхөөр ажиллах боломжийг олгосон Зөвлөхийг хөгжүүлэх Consultant Development Program хэрэгжүүлсэн, PECB, TUV Rheinland, TNV Certification, Cognicert гэх мэт байгууллагуудын албан ёсны эрхийг анхлан авч хамтын ажиллагааг эхлүүлсэн, ААНБ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийг тооцоолсон, олон тооны гадаадын болон олон улсын стандартуудыг орчуулж батлуулах, яам гэх мэт төрийн байгууллагын хүсэлт захиалгаар салбарын гарын авлага, зохистой дадлуудыг боловсруулсан гэх мэт үндэсний болон салбарын стандартчлалд хувь нэмэр оруулсан байна. Гэх мэтээр хөвөрнө. Шинэ юм хийнэ гэдэг амаргүй. Яг л зузаан гээч орсон цасны дараа алхахад зам харагдахгүй учраас буруу замаар явчих, алхахад цас зууралдаад хурдан явж чадахгүй, цасны цаана юу байгаа нь тодорхойгүйгээс болж хальтрах, чулуу өшиглөх гэх мэт эрсдэлүүд байдагтай адил. Бид өөрсдийгөө анхны замыг гарган алхаж буй мэтээр л төсөөлдөг.


-Зах зээлд хэрэгтэй чиглэлд бүтээгдэхүүн гаргадаг гэлээ. Гучаад жилийн өмнө анх үүсэн байгуулагдсан компаниудад үе солигдох үйл явц эхлээд явж байна. Гэр бүлийн компаниудын үүсгэн байгуулагчдын үр хүүхдүүдээс ээж аавынхаа эхлүүлсэн бизнесийг үргэлжлүүлээд хөгжүүлээд авч яваа нь ч бий. Шинээр өөрийн хувийн бизнесийн эхлүүлж байгаа хүмүүс нэлээд байдаг. Энэ мэт бизнесийг удирдах хүмүүст чиглэсэн бүтээгдэхүүн байдаг уу?  


- Яг энэ хэрэгцээнд чиглэсэн “Менторшип” хөтөлбөрийг бид 2018 онд эхлүүлсэн, мөн үйлчилгээгээ 2022 оноос  1:1 буюу ганцаарчилсан зөвлөгөө, коүч үйлчилгээ болгон зах зээлд нэвтрүүлсэн. Энэ хоёр бүтээгдэхүүн нь шинээр гарааны бизнес эхлүүлж байгаа залуус эсвэл өөрийн бизнесийг эхлүүлж байгаа ажлын туршлагатай ч бизнес, менежментийн туршлагагүй бизнес эрхлэгчид, мөн байгууллагын залгамж халаа болох дараагийн үеийн удирдлагад чиглэсэн хөтөлбөрүүд юм. Манай энэ хөтөлбөрүүд нь бизнес удирдах гэж буй хүнд хамгийн чухал гэж үзэж болох нэгдүгээрт бизнесийн удирдлага, менежмент, хоёрдугаарт нийгмийн манлайлал, гуравдугаарт, хувь хүний хөгжлийн чиглэл гэсэн гурван чиглэлээр хөгжүүлэх цогц хөтөлбөр бөгөөд анх гаргаснаас хойш улам бүр хөгжиж өөрчлөгдөөд явж байна.


Энэ хөтөлбөр маань зах зээлд маш амжилттай байршиж, танигдсан учраас зарим компаниуд өөрийнхөө байгууллагад тухайлан захиалах болсон. Зарим нь нийгмийн хөтөлбөр болгож хэрэгжүүлсэн ч бий. Тухайлбал, ХААН банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтраад маш сайхан далайцтай хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ үүднээс харвал бид энэ зах зээлд уламжлалт зөвлөгөө, сургалтаас гадна өөрсдийн хувь нэмрээ оруулахуйц шинэ бүтээгдэхүүн бий болгодог чадамжийг өөртөө суулгасан байна.


 


Бизнес, эдийн засгийн орчин маш хурдтай хувирч байна гэж та ярилцлагын өмнө ярьж байсан. Тэгэхээр ийм хувирамтгай, хурдтай орчинд бизнес хийж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхийн тулд та нар ч бас хурдтай хувирч, суралцаж чаддаг байх ёстой байх. Өөрсдийнхөө мэргэжилтнүүдийг бэлтгэх, хөгжүүлэх дээрээ яаж ажилладаг вэ?


Консалтинг компанийн хувьд хамгийн гол анхаарах чиглэл нь хүнээ хөгжүүлэх явдал юм. Манай байгууллагын хувьд энэ чиглэлд тодорхой бодлого, процессуудыг бий болгосон. Байгууллага маань “тасралтгүй суралцагч” гэдэг үнэт зүйл дээр суурилдаг. Зөвлөх гэж хэн бэ гэхээр тодорхой нэг мэдлэг чадвараар илүү бөгөөд түүнийгээ бусдад өгч, дамжуулж чаддаг, тэгж хуваалцаж дамжуулснаараа нөгөө байгууллагадаа бодит үр дүнд хүргэж чаддаг хүнийг хэлэх ёстой гэж бид тодорхойлдог. Өнөөдөр ментор, көүч, консалтинг буюу зөвлөх, сургагч багш гээд нэр томъёо хэрэглэгдэх болсон байна. Тэд тусдаа тусдаа өөрийн үүрэг функцээр ялгаатай ойлголтууд. Зөвлөх гэдэг хүнд энэ дөрвүүлээ л байх ёстой шинж чанарууд юм. Ийм хүнийг л зөвлөх гэнэ. Зөвлөх нь эзэмшсэн нэг л мэдлэг чадвараар насан туршдаа ажиллана гэж үгүй. Юмс үргэлж өөрчлөгдөнө, шинэчлэгдэнэ. Тиймээс тасралтгүй хөгжигч, тасралтгүй суралцагч байх ёстой гэсэн бодлого буюу үнэт зүйлийг нэгдүгээрт баримталдаг. Бид өөрийгөө нотлон харуулсан, бусдаас ямар нэгэн мэдлэг чадвараар илүү байгаа мэргэжилтнийг үргэлж урьдаг ба хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Хэн нэгэн зөвлөхөөр ажиллах хүсэл, зорилго, мөрөөдөлтэй бол манайд хандаарай гэмээр байна.


Хүнээ хөгжүүлдэг дараагийн чиглэл бол гадны хамтрагчидтай нягт холбоотой ажиллаж тэднээс суралцах. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд л гаднын байгууллагуудтай хамтран ажилласан. Шударгаар хэлээд бид менежментийн ухаанд ч тэр, технологид ч тэр нөү-хау бий болгодог үндэстэн биш шүү дээ. Одоогоор бид гадаадын 4 зөвлөх үйлчилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажиллаж тэндээс суралцаж, зөвлөхүүдээ хөгжүүлж байна.  


Тэгвэл ирэх жилүүдэд, ирээдүйд хөгжүүлэх шинэ бүтээгдэхүүн, төлөвлөгөө юу байгаа бол?


Бидний үйл ажиллагаанд олон салаа мөчир, салбар чиглэл нэмэгдсээр байгаа боловч анх эхлүүлсэн манай уламжлалт үйл ажиллагаа болох олон улсын стандартууд (ISO гэх мэт), менежментийн тогтолцооны стандартууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээ, сургадаг, зөвлөдөг үйл ажиллагаагаа бид үргэлжлүүлнэ.


Харин дараагийн шатанд эрэлт, хэрэгцээнд юу чухал байна вэ гэвэл, тодорхой асуудлыг шийдэх бодит бүтээгдэхүүн гаргах нь чухал болж байна. Тиймээс бид зарим дижитал бүтээгдэхүүнийг өөрөөр хэлбэл системүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал бид ААНБ-ын дотоод хяналт, дотоод аудит явуулахад шууд хэрэглэх дотоод хяналтын программ, мөн хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа чанарын хяналт, мөшгөлтийг хянах систем гэх мэт бэлэн системүүд гаргахаар ажиллаж байна.


Байгууллагууд борлуулалт нь дажгүй болоод ирэх цагт үйл ажиллагаа буюу процессоо хянах, сайжруулах хэрэгцээ зайлшгүй үүсдэг. Үүнд чиглүүлэн бид процесс сайжруулалтын системийн шийдэл санал болгохоор ажиллаж байна.


Дээр хэлсэнчлэн, үндэсний зарим компаниудын хувьд Монголынхоо зах зээлээс тэлж гадаад орнуудад экспорт хийх, салбараа нээх гэх мэтээр гадаад улс орнуудын зах зээл дэх харилцаа нэмэгдэж байна. Энэ нь тухайн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, баталгаажуулах гэх мэт хэрэгцээг үүсгэж байна. Тухайн үйлдвэрлэгч Европ руу бүтээгдэхүүнээ экспортлохыг хүсэж байвал Европт илүү танигдсан байгууллагаас, Хятад руу экспортлохыг зорьж байвал Хятадын холбогдох байгууллагаас баталгаажуулалт авах хэрэгцээ үүсдэг. Жишээ нь бүтээгдэхүүнээ Япон руу гаргадаг болж байгаа манай нэг харилцагч Японы баталгаажуулалтын байгууллагаас сертификатаа авахаар болж байх жишээний. Иймд бид энэхүү баталгаажуулалтанд нь зөвлөн туслах чиглэлийг үйл ажиллагааныхаа бас нэг чиглэл болгон шинэчлэн зохион байгуулж байна.




-Стандарт, тогтолцоог зөвлөн хэрэгжүүлсэн компани үүндээ аудит хийлгэх баталгаажуулалтын байгууллагыг санал болгох нь ашиг сонирхлын зөрчил гэж харагдахгүй юу?


Бид харилцагч нартаа сонголтууд өгдөг гэсэн үг. Ямар байгууллагаас үйлчилгээ авах нь тэдний сонголтын асуудал. Яг ийм бизнес загвараар дотоодын олон компани ажиллаж байна. Бид энэ дагуу одоогоор гадны дөрвөн байгууллагыг Монголд төлөөлөх эрхийг нь аваад санал болгон ажиллаад явж байгаа. .


Эдгээр байгууллагууд аудитыг чанартай, үр дүнтэй, хараат бус явуулахын тулд өөрийн зарчим, бодлого, хяналт, дүрэм, журамтай. Тиймээс энд ашиг сонирхол, хараат бус байдлын асуудал гарахгүй л дээ. Гэсэн хэдий ч энэ салбар олон улсад 1990-ээд оноос бий болсон, манай улсад 2000 он гарснаас хойш үүсэн хөгжиж буй салбар. Энэ салбар маань бусад салбартай харьцуулахад залуу учраас хууль эрхзүйн орчин нь зохицуулагдаагүй зүйлс нэлээд байна. Гэхдээ энэ байдал цаашид улам сайжраад явах нь дамжиггүй. 


 


- Ингэхэд бизнесүүд хамгийн эхэнд юун дээр менежмент хийх хэрэгтэй вэ? Энэ хамгийн чухал гэсэн чиглэл байх уу?


- Бизнес гэдэг өөрөө маш том ертөнц. Тэр хэрээр олон зүйл дээр менежмент хийх шаардлагатай бөгөөд эдгээрээс хамгийн эхэнд стратегийн менежмент гэж би хэлнэ. Энэ нь товчхондоо хэнд зориулж, юуг, яаж хийх вэ гэдэг асуултанд хариулна л гэсэн үг. Удаад нь мөнгөө удирдах буюу борлуулалт, санхүүгийн менежмент. Дараа нь үйл ажиллагаа буюу процессоо удирдаж, асуудалгүй болгох хэрэгтэй. Улмаар хүнээ удирдах, хэрэглэгчээ удирдах гэх мэтээр үргэлжилнэ. Мэдээж, удирдах ёстой зүйлс эдгээрээр хязгаарлагдахгүй. Нэн тэргүүнд гэж асуусан учраас л энэ дарааллыг хэлж хэллээ. Угтаа бизнест менежментгүй зүйл нэг ч байхгүй.


Хамгийн түрүүнд стратегийн менежмент чухал гэж хэллээ. Гэтэл үнэндээ үйл ажиллагаа нь хөгжөөд бизнес өргөжөөд өнөөдрийг хүртэл өсөж ирсэн мөртлөө стратегиа гаргаагүй компаниуд олон байдаг шүү дээ?


-Манай аж ахуйн нэгжүүдийн бараг 80 хувь нь тийм байдаг. Гэхдээ огт стратегигүй яваад амжилтанд хүрчихсэн би хувьдаа хэлэхгүй. Удирдлагын хувьд цаасан дээр буугаагүй ч гэсэн стратеги байсан учраас л амжилтанд хүрч байгаа юм.


Стратегийн менежментгүйгээр бизнес хэсэг хугацаанд явж магадгүй л байх, гэхдээ хаа нэг цэг дээр очоод хана тулна. Тэр үед л бизнесийг стратегийн менежментийн онол, үзэл баримтлал, философиор нь удирдах ёстой юм байна гэдгийг ойлгодог. Менежментээр удирдсан бизнесүүд улам хөгжөөд урагшлаад явдаг бол стратеги, менежментэд анхаарал хандуулаагүй бизнес хэдий олон жил болсон ч нөгөө л хэвэндээ, нэг байрандаа байгаад л байна эсвэл уруудан доройтож зах зээлээс арчигдах эрсдэлтэй тулгарна.


-Эцэст нь бизнесийг удирдаж буй бизнес эрхлэгчдэд хандаж маш товч нэг зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?


Цор ганц зөвлөгөө гэж байхгүй шүү дээ (инээв). Хэрэв ганц зөвлөгөө өг гэвэл, бизнесээ менежментээр л удирдах ёстой шүү гэж л зөвлөнө дөө.


- Цаг гаргаж дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.


Танд мөн баярлалаа, ажлын амжилт хүсье


 


Ярилцсан: З.Боргилмаа