sonin.mn

- Монгол-Кувейтын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд


- Булангийн 4 оронд хавсран суух Элчин сайдаар намайг томилохоор Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдвэрлэж, 2007 онд Эмират, Кувейт, Катарт хийсэн Төрийн айлчлалынхаа бүрэлдэхүүнд оруулан дагуулж явж билээ.

- Агреман асууж, түүний хариу түрүүчээсээ ирж эхэлснээр би Кувейт Улсын Эрхэм дээд Эмирт ИЖБ-гээ барих хувь тохиосон болно.

 

Итгэмжлэх жуух бичиг (ИЖБ). Кувейт Улсад би 1996, 2007 онд хоёр удаа албан хэргээр очиж байсан тул надад цоо шинэ улс биш байлаа. Даулят аль-Кувейт буюу Кувейт Улс гэсэн товч нэртэй. Баруун Азид, Арабын хойгийн зүүн хойд этгээдэд орших жижиг улс. Ердөө 17.8 мянгахан хавтгай дөрвөлжин км нутагтай, бараг хот улс. Энэ бол эхний онцлог нь. Дараагийнх нэг онцлог бол 2 сая гаран хүн амтай хэрнээ хүн амын 40 хувь нь уугуул арабчууд, 60 хувь гадныхан. Энэтхэг, Пакистан, Бангладеш, Иран, Филиппин, арабын бусад орныхон чигжчихсэн. Үндсэн хүн амаасаа давсан гадаадынхантай, тэгэхдээ уусчихдаггүй, эрх мэдлээ алдчихдаггүй, соёл хэл зан заншлаа хадгалах нь бүү хэл цэцэглүүлээд байдаг лут туршлага байнаа. Хожим манайханд хэрэг болж мэдэхээр гэж би боддог.   



Эль Кувейт хот нь лалын уламжлалт уран барилга, орчин үеийн архитектурыг хослуулсан, ёстой нэг супер хот. Кувейтын теле цамхаг (“Чөлөөлөлтийн цамхаг”), Кувейт тауэр хэмээх гурван хос цамхаг, шил толь болсон барилгууд алсаас сүрлэг харагдана. Эргээ хөвөөлөөд л хот нь үргэлжлээд байх нь тэр. 


Кувейт гэхлээр манайхан андахаа байсан. Газрын тосны их ундарга, бас бөөн мөнгө гэж ойлгодог болсон байна лээ. ДНБ-ийх нь тал нь нефть олборлолтоос босдог ба экспортынх нь 90 гаруй хувь нь нефть ба нефте бүтээгдэхүүн, үлдэх 10 хүрэхгүй хувь нь байгалийн хий юм байна. Эрчим хүчийг ч хангалттай үйлдвэрлэж байна. Эрчим хүч, ус, утас үнэ төлбөргүй гэнэ. Үндэсний валют нь гэж толгой эргүүлсэн нэг юм байна. Кувейт динар нь 1000 филсээс (задгай мөнгө) бүрдэнэ. АНУ-ын 1 доллар нь 0.3 динар юм уу даа. 250, 500 филсийн дэвстгэр гэж байх юм. Хамгийн том дэвсгэрт нь 20 динар бололтой. Тэр нь бараг 100 ам. доллартай дүйцэх ажээ. 


Ингээд Кувейтэд очсон тухай аяллаасаа хуваалцая. Миний айлчлалын хөтөлбөр бол:


• 2009 оны 4 дүгээр сарын 25, Бямба гариг – Эль Кувейт хотноо хүрэлцэн очих

• 2009 оны 4 дүгээр сарын 26, Ням гариг – Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён шейх доктор Мухаммад Сабах Аль-Салэм Аль-Сабахт гардуулах 

• 2009 оны 4 дүгээр сарын 27, Даваа гариг – Эмирийн хэрэг эрхлэх яамнаас (Эмирийн Диван) “Баян палаас” ордонд ИЖБ барих бэлтгэл сургуулилалт хийлгэх

• 2009 оны 4 дүгээр сарын 28, Мягмар гариг – Итгэмжлэх жуух бичгээ Кувейт Улсын Эрхэм дээд Эмирт барих гэж төлөвлөжээ.


Товлосон ёсоор ИЖБ-ийн хувийг гаруулж ёслолын уулзалт хийхээр бид маргааш нь ГХЯ-нд нь хүрэлцэн очиход тус улсад суугаа Бутаны вант улсын шинэ Элчин сайд мөн тэнд бид 4-ийг хүлээж байв. Кувейт Улсад ирсэн он, сар, өдөр, цагийн дарааллаараа бол Бутаны Элчин сайд Дашшаравдэнзэн, Анголын Элчин сайд Руй Жорж Карнейро Мангуэра, Сальвадорын Элчин сайд Виктор Мануэл Лагос Пиззати, Шинэ Зеландын Элчин сайд Тревор Матесон, Монгол Улсын Элчин сайд Д.Баярхүү гэсэн дарааллаар ИЖБ-ийн хувийг гардуулах, ИЖБ барих ёслол явагдах ажээ. Биднийг ГХЯ-ны Ёслолын газрын захирал Элчин сайд Дари Ажран Аль-Ажран хүлээн авч уулзан баяр хүргэнгээ, ИЖБ-ийн хувь гардуулах журам болон Аль Кувейт хот дахь дипломат корпусын талаар мэдээлэл хийв. Тус улсад тэр үед 80 ЭСЯ, олон улсын байгууллагын 20 БТГ, нийт 100 ДТГ байрлаж байсан бөгөөд тус улс хилийн чанадад мөн 80 ЭСЯ-тай, хамгийн сүүлд Вьетнам, Брунейд тус тус нээсэн гэж байв. Эль Кувейт хотод саяхан болтол гадаадын 65 ЭСЯ байсан бол сүүлийн жил хагасын дотор 80 болтлоо нэмэгдсэн, манай улсыг ойрын үед ЭСЯ-аа нээнэ гэсэн итгэлтэй байгаагаа ноён Аль-Ажран ярианыхаа явцад зориуд тэмдэглэж байв. 


Ийнхүү ярилцсаны дараа Кувейт Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайдад бид цувран бараалхалаа. “Кувейтэд Монгол бол маш танил дасал болсон улс шүү дээ” хэмээн Эрхэмсэг ноён Мухаммад Сабах Аль Салэм Аль Сабах надад хэлээд ЭСЯ-аа нэн даруй нээхийг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-наас хүсч байгаагаа уламжилж өгөхийг надаас хүсэв. Кувейтын Эрхэм дээд Эмир Монгол оронд гурван удаа (өмнөх Эмирийг оролцуулаад) айлчилсан бөгөөд Эрхэм дээд Эмир бол Арабын ертөнцөөс Монгол Улсад айлчилсан, айлчлаад байгаа анхны араб Төрийн тэргүүн гэдгийг тэрээр тэмдэглэж байв.


Товлосон ёсоороо дараагийн өдөр нь Эмирийн хэрэг эрхлэх яамнаас (Эмирийн Диван) эрхлэн “Баян палаас” ордонд ИЖБ барих бэлтгэл сургуулилалт хийв. ИЖБ барих гадаадын 5 Элчин сайдыг Эмирийн Ёслол хүндэтгэлийн албаны даамал Сауд Фалах Аль-Хажраф, Ёслол хүндэтгэлийн албаны түшмэл Жабер Аль-Мунир угтан авч заавар зөвлөлгөө, сануулга өгсний дараа ёслолын их танхимд оруулан биечлэн зааварлаж, алхах, зогсох, гардуулах, гар барих, суух, мөн гадна талбайд хүндэт харуулын өмнүүр алхах зэрэг ёслолын сургуулилалт хийлгэв. Энэ бол 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Кувейт Улсын Эрхэм дээд Эмирийн хооронд хэлэлцээ явагдаж байсан танхим болохыг би танив. 


Ингээд маргааш нь хүсэн хүлээсэн өдөр маань ирлээ. Итгэмжлэх жуух бичгээ Кувейт Улсын Эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабахт барихаар хамгаалалтын албаны машинтайгаар цуваагаараа “Баян палаас” ордон руу хөдөллөө. Элчин сайд бүрт “Роллс-Ройс” маркийн ёслолын сүрлэг машин ирүүлжээ. Элчин сайдын суусан машины өмнө ба хажууд хамгаалалтын машин давхар явж байв. Гэргийд маань тусад нь ёслолын машин ирүүлжээ. Цуваа хөдлөөд давхисаар “Баян палаас” ордны хашааны гадна ирж 09.00 цагийн орчимд зогслоо. Ингээд дарааллаараа орж эхэллээ. Бутаны Элчин сайдын цуваа эхлэн орж, хэсэг удсаны дараа Анголынх гэх мэт цуварлаа. Манай цуваа 09.15 цагийн үед хашааны хаалгаар нэвтрэхэд хашааны үүдэнд хүндэт харуул жагссан байв.     



Ордны их хаалганы өмнөх талбайд Эмирийн хүндэт харуул жагсжээ. Намайг Эмирийн Ёслол хүндэтгэлийн албаны дэд даамал талбайн зүүн талын хивсэн дээр угтан авахад хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. Дараа нь бид Эмирийн хүндэт харуулын өмнүүр алхсаар ордны их хаалганы өмнө очиход Эмирийн Ёслол хүндэтгэлийн албаны даамал Сауд Фалах Аль-Хажраф угтан авч мэндчилээд ордонд морилон орохыг урилаа. Миний бие гэргийн хамт урилгын дагуу ордонд орж чигээрээ алхсаар ёслолын жижиг танхимд оров. Тэнд нөгөө 4 Элчин сайд сууж байв. Бид тэнд 1 цаг 30 минут сууж ойр зуур ярилцлаа. Энэ хооронд Эмир ба дагалдах хүмүүс нь цайлж дуусаад дээшилсэн бололтой. 10.30 цагийн үед Бутаны Элчин сайд эхлэн уригдлаа. Ингэж дарааллаараа цувсаар би 10.45 цагт, хамгийн сүүлд уригдав. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд байлцах Кувейт Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, Эмирийн хэрэг эрхлэх сайд, Эмирийн хэрэг эрхлэх дэд сайд, Эмирийн Тамгын газрын дарга, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, Эмирийн Торгон цэргийн захирагч нар эгнээгээрээ зогсож харагдана. 


Миний бие чигээрээ алхсаар Эрхэм дээд Эмир рүү очиж найрсгаар мэндчиллээ. Тэндээсээ зүүн гар тийш эргэж эгнээгээрээ зогсоо Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, Эмирийн хэрэг эрхлэх сайд, Эмирийн хэрэг эрхлэх дэд сайд, Эмирийн Тамгын газрын дарга, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, Эмирийн Торгон цэргийн захирагч нартай нэг бүрчлэн мэндчилж өөрийгөө танилцууллаа. Тэндээс эргээд Эрхэм дээд Эмир рүү дөхөж ирж ИЖБ-ээ гардууллаа. Чингэхдээ номхон зогсоод Эмирийн нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар дараахи үгсийг хэлэв. Үүнд: 


- Ambassador of Mongolia to the State of Kuwait Dashdorjiin Bayarkhuu. I have the honor to present my Credentials, Your Highness!


Ингээд ИЖБ-ээ дугтуйнаас нь гаргалгүй үл ялиг тонгойн гардуулав. Эрхэм дээд Эмир ИЖБ-г хүлээн аваад баярлалаа хэмээн намайг урьж баруун гар талдаа суулгалаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Монголын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөгөөд, Монгол оронд хоёр удаа саатан морилж айлчилсан болон айлчлалдаа сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлээд шууд л: - Би ч үндсэндээ Монголын иргэн шүү дээ хэмээн нөхөрсөгөөр хошигнов. Итгэмжлэх жуух бичгийг минь хүлээн авч байгаад миний бие талархлаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг уламжилж, Монгол- Кувейтын хооронд тогтсон найрсаг, ах дүүсэг харилцааг Монголын төр, засаг, ард түмэн нандигнан үзэж хөгжүүлэхийн төлөө тууштай зогсож байгааг тэмдэглэв. Эмирийн энэ сайхан ордонд хоёр дахь удаагаа зочлох завшаан тохиосныг дашрамд хэлээд өмнө нь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дагалдан энд ирж Эмиртэй уулзаж байснаа дурдахад тэрээр таатай сонсож байснаа: - Дахиад гурав дахиа ч ирэх болно гэв. 



Эрхэм дээд Эмир Монгол оронд зуны дэлгэр цагт дахин айлчлахаар төлөвлөж байгаагаа дуулгаад Улаанбаатарын ойролцоо Богд уулан дахь зусландаа дахин очих хүсэлтэй байгаа ба Монголын төр, засгаас байгалийн үзэсгэлэнтэй газартаа зуслан байгуулж өгсөнд талархаж байгаагаа хэлэв. Үнэхээр сайхан газар, үнэхээр сайхан зуслантай, түүнийгээ их санаж байна гэж байв. Кувейт Улсад 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж байгаа зарим ажлаасаа миний бие танилцуулж, монголын оюутнуудад Кувейтын их сургуульд тэтгэлэг олгож эхэлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар тус улсад байнгын ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасныг дуулгаад энэ асуудал дээр Кувейтын талаас найрсаг сэтгэлээр хандаж туслахад бэлэн байгаад талархлаа илэрхийлэв.  


Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын уулзалтын төгсгөлд Эрхэм дээд Эмир шейх Сабах Монголын Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Монголын ард түмэнд сайн сайхныг дахинтаа ерөөж: - Монголчууддаа бүх талаар туслах болно, монголчууд бол кувейтын хувьд ахан дүүс юм гэж хэлнэ билээ. Уулзалт англи, араб хэлээр явагдав.  


Харилцан ярилцсаны дараа миний бие явж болох тухай зөвшөөрөл Эмирээс авч, босч өмнө нь очиж дахин гар барьж салах ёс гүйцэтгэв. Ордноос Эмирийн Ёслол хүндэтгэлийн албаны даамал Сауд Фалах Аль-Хажраф намайг дагуулан гарч ирэхэд Эмирийн Хүндэт харуул жагсаж хөгжимд Кувейт Улсын Төрийн дуулал эгшиглэв. Дараа нь бид Эмирийн хүндэт харуулын өмнүүр алхсаар ордны өмнөх талбайн нөгөө үзүүрт очоод Эмирийн Ёслол хүндэтгэлийн албаны даамал, түүний орлогч, торгон цэргийн дарга нартай салах ёс гүйцэтгээд машиндаа орж суун зочид буудлын зүг хөдлөв. Машинд манай улсын төрийн жижиг далбааг мандуулсан байв. Зочид буудал хүртэл хамгаалалтын албаны хоёр машин гэрлэн дохиогоо гялалзуулан давхина. Кувейтэд ИЖБ бариулдаг ёслолын дэг жаяг нь нарийн, оновчтой, ихээхэн хүндэтгэлтэй мэт санагдаж байв.


2009 оны 4 дүгээр сар, Эль Кувейт хот