
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун ухаанд зориулан үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт чипүүдээ Хятадын зах зээлд дахин нийлүүлж эхэлж магадгүй байна. Гэхдээ нийлүүлэлтийн орлогынхоо 15 хувийг АНУ-ын төсөвт оруулсан байх ёстой гэсэн болзлыг эдгээр компанид тавьж байгаа ажээ.
АНУ-ын Худалдааны яамнаас Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг хэдийнэ өгөөд эхэлсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп чипний экспортод хориг тавиад байсан бол өнгөрсөн долоодугаар сард Nvidia компанийн удирдлага “эрх баригчид чип нийлүүлэлтийг зөвшөөрөхөөр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн юм.
Хятадад нийлүүлэх чипэнд экспортын хязгаарлалт тогтоосны улмаас 8 тэрбум долларын орлого олох боломжоо алдаж магадгүй хэмээн Nvidia компани мэдэгдэж байсан бол энэ онд AMD-ийн орлого 1,5 тэрбумаар буурах төлөвтэй байна. Улсын төсөвт орлогынхоо 15 хувийг оруул гэсэн шаардлага нь тус хоёр компанийн ашигт нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Үүнээс үүдэн даваа гарагт болсон арилжааны явцад Nvidia ба AMD-гийн хувьцааны ханш 1 ба 2 хувиар тус тус унажээ.
Хэдийгээр худалдааны хязгаарлалтуудыг зөөлрүүлж байгаа боловч Хятадад нийлүүлэхийг зөвшөөрсөн хагас дамжуулагчдын нэр төрөл цөөн хэвээр байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн үндэслэлээр Америкийн компаниуд хиймэл оюунд зориулсан хамгийн сүүлийн үеийн хүчтэй чипүүдээ Хятадад худалдаж чадахгүй байгаа юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Газрын ховор элементгүй америк хятадад бууж өгөв.
Манай монголын хятадад алдсан нутаг баян овоогийн ордны газрын ховор элементээс бүх дэлхий хамааралтай болсон