sonin.mn

Засгийн газраас наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр нь У.Бямбасүрэнг томилсон. Тэрээр 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ-т мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд ХХАА-н сайдын зөвлөх, 2007-2010 онд МАСЗХ-ны генсек, 2010-2012 онд НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ийн дарга, 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны наймдугаар сарын 17-нд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон. У.Бямбасүрэн нь наадмын өмнөх өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамгыг гардаж авсан. Тэгснээр, тус компанийн үйл ажиллагааг хариуцаж эхэлсэн.


Тэгвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр арилжаалдаг байснаа болиод хуучных шигээ шууд гэрээгээр арилждаг болох гэж байгаа бололтой. Ийм мэдээлэл сүүлийн өдрүүдэд улс төр, уул уурхайн салбарынхан дунд хүчтэй өрнөж байна. Магадгүй, нүүрсний үнэ унасан ч эдийн засгийн “судас тэтгэгч” экспортын ганц бүтээгдэхүүн болж буйгийн хувьд энэ зөв ч байж мэдэх юм.


Уг нь, УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан. Тухайн үед, тус компаниас нүүрсний хулгай илэрч, олон улстөрч, бизнесийн төлөөлөл холбогдоод байв. Нүүрсний хулгайг шалгасан хууль хянал­тынхны “ангилсан”-аар шууд гэрээ, оффтейк гэрээтэй холбоотой хулгай нэлээд хувийг нь эзэлж байсан юм. Тиймээс УИХ дээрх хуулийг хурдан, шуурхай батлан гаргасан байдаг.


Улмаар, энэ хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ арилждаг болсон. Анхны арилжаа нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хийгдэж байв. Түүнээс хойш тус компанийн нүүрсийг биржээр арилжаалж ирсэн. Ингэхдээ, нүүрсний үнийг ӨМӨЗО-ны Бугатын сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ, Хятад даяар борлогдож буй нийт коксжих нүүрсний жигнэсэн дундаж үнэ, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн голлох мужууд болох Шаньси, Анхуй, Гуйжоу, Хейлонжанг, Хенан, Юннань, Өвөр Монгол зэрэг мужуудын коксжих нүүрсний дундаж үнэ, Хятадын Qingdao, Dalian, Qinhuangdao, Caofeidian, Jingtang зэрэг боомтуудад хүргэж өгөх нөхцөлтэй, Австралиас нийлүүлж буй коксжих нүүрсний биржийн спот үнэ, Лондонд төвтэй, дэлхийн томоохон улсуудад салбартай, мэдээллийн тив дамнасан магнат “Metal Bulletin”-ээс эрхлэн гаргадаг, Австралиас 45 хоногийн дотор Хятадын Цзиньтан боомт хүргэж өгөх, “CFR Jingtang” нөхцөлтэй коксжих нүүрсний фьючерс үнэ, Таншаны сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ, Хятадын Шаньси мужийн IV давхаргын түүхий коксжих нүүрсний уурхайн амны дундаж үнэ зэргийг харьцуулан дундажчилж тогтоодог байна.


Б.ГАРЬД


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин