sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 27-нд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлж, Европын холбооны 18 дахь багц хоригтой уялдуулсан хоёр зарлигт гарын үсэг зуржээ.


Эдгээрийн нэг нь Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн (СНБО) ОХУ-ын эсрэг долдугаар сарын 27-нд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хориг нь Оросын цэргийн үйлдвэрлэлийг чиглэж, тухайлбал хөрөнгийг нь царцаах, худалдааны ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээг багтаасан байна. УНИАН агентлагийн мэдээлснээр хоригт нийт 50 аж ахуйн нэгж багтжээ. Мөн 45 Оросын иргэн хориг арга хэмжээнд багтсан байна. Энэ зарлиг нь Украины хоригийг ЕХ-ны 18 дахь багцтай уялдуулсан гэж Украины Ерөнхийлөгчийн хориг бодлогын асуудал хариуцсан албан тушаалтан Владислав Власюк онцоллоо.


Түүний хэлж буйгаар өөр нэгэн багц хориг нь Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн (ВПК) болон ховор шороо, үнэт металлын олборлолтын салбарт чиглэж байгаа аж. Тухайлбал, неодим, европий, иттрий зэрэг байнгын соронз, хөдөлгүүр, чиглүүлгийн систем, лазерын бай онох төхөөрөмж, радиоэлектрон тэмцлийн (РЭБ) хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эдүүдэд холбогдох компаниудыг хамарсан байна.


“Эдгээр материал, металлыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олборлож, боловсруулан, ВПК-ийн хэрэгцээнд нийлүүлдэг компаниуд энэхүү багцад багтсан. Тухайлбал, ‘АО НПК Уралвагонзавод’ (ОХУ-ын үндсэн байлдааны танк хамгийн их үйлдвэрлэдэг үйлдвэр), ‘ФКП Завод имени Я. М. Свердлова’ (ОХУ-ын тэсрэх бодисын томоохон үйлдвэрлэгчдийн нэг) болон бусад байгууллага багтсан” гэж Власюк тэмдэглэсэн байна.


Зеленский өөрийн Telegram сувагт:


“Бямба гаригт миний баталсан шинэ хоригийн багцууд нь Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлд чиглэж байна. Тодруулбал ховор шороо болон ховор метал олборлодог, электроник, чиглүүлгийн систем, хөдөлгүүр, дроны үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай эдгээрийг хангадаг байгууллагууд хоригт багтсан” гэж бичжээ.

Түүний хэлснээр, хориг арга хэмжээ нь зөвхөн Оросын компаниудад бус, мөн Хятад, Иран болон бусад улсын зарим байгууллагад ч хамаарах аж.


Э.Солонго


Эх сурвалж: moscowtimes.ru